Х.АЛТАЙ: Иргэд ч, компаниуд ч ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН орчинг мэдэрдэг болсон

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 04 сарын 16

Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн жил түүхэн дээд амжилтаа үзүүллээ. Түүхэндээ анх удаа дотоодын зах зээлд таван компани IPO гаргаж, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголын хөрөнгийн биржид анхны  давхар бүртгэл хийлээ. Иргэдийн идэвхи ч үүнийгээ дагаад эрс нэмэгдэв. Уул уурхайн баялаг ихтэй мөртөө хөрөнгийн зах зээл нь унтаа байсан манай улсын хөрөнгө, үнэт цаасны зах зээл түүхэн хөгжлийнхөө гараан дээр ирлээ. Энэ цаг үед Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтайтай хөрөнгийн зах зээл орчин, энэ онд хэрэгжүүлэх бодлого , цаашид хэрэгжүүлэх ажлын талаар ярилцлаа.


-Өнгөрсөн жил Монголын хөрөнгийн биржийн хувь түүхэн гэж тодотгох жил байлаа. Таван компани IPO гаргаж, анх удаагаа давхар бүртгэл хийлээ. Түүхэн амжилт дүүрэн 2018 оныг товч дүгнэвэл...?

-Монголын хөрөнгийн зах зээлийн хувьд өнгөрсөн жил шинэ шатанд гарсан жил байлаа. Нэн түрүүнд хэлэхэд хувьцааны арилжаа 210 тэрбум төгрөгт хүрч түүхэнд байгаагүйгээр нэмэгдсэн. Түүнчлэн таван шинэ IPO хийгдэж, хоёр компани нэмэлт хувьцаа гаргасан. Эдгээрээс анх удаагаа давхар бүртгэлийн аргаар гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй компани Монголын хөрөнгийн биржид бүртгүүлсэн нь Монголын хөрөнгийн зах зээлийг гадаад зах зээлтэй шууд холбосон түүхэн гэж болохуйц үйл явдал байлаа. Энэ нь дотоодын хөрөнгийн захын нэгэн шинэ боломж, потенциалыг нээж гадаадын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудыг Монголын хөрөнгийн зах зээлд орж ирэх үүд хаалгыг нээсэн.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд арилжааны хэлбэлзэл ямар байв. 2017 онд бонд голдуу арилжаалсан юм шиг харагддаг?

-2017 онд бондын арилжаа зонхилсон. Засгийн газрын бонд түлхүү арилжаалагдаж бондын арилжаа түүхэн хэмжээнд хүрч байв. Харин 2018 онд хувьцааны арилжаа голлосон. 2018 онд Засгийн газар анхдагч зах зээл дээр  бонд гаргаагүй учир хоёрдогч зах зээл дээр л бондын арилжаа хийгдсэн. Харин 2019 он гарснаас хойш “Түмэн Шувуут”, “Ард Кредит” компаниудын IPO хийгдээд байна. Цаашлаад ч хэд хэдэн IPO хийгдэнэ.  

-Өнгөрсөн онд түүхэндээ анх удаагаа Монголын хөрөнгийн бирж давхар бүртгэл гаргалаа. Анхны юм бүхэн амаргүй, басхүү сорилттой тулгардаг. Цаашид давхар бүртгэл гаргахад юун дээр анхаарах ёстой вэ?

-2013 онд батлагдаад 2014 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн шинэ “Үнэт цаасны зах зээлийн тухай” хуулинд давхар бүртгэлийн зохицуулалт тусгагдсан. Ийнхүү энэ харилцааг зохицуулсан хэдий ч хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм журмууд нь гараагүй нилээн хэдэн жил болсон. Бид 2017 онд Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч шаардлагатай дүрэм журмыг боловсруулж нэвтрүүлснээр гадаадын компаниуд давхар бүртгүүлэх боломж бүрдсэн.

“Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн” дотоодын зах зээлд дөрвөн сая ширхэг хувьцаа гаргаж анхны давхар бүртгэлтэй компани болсон юм. Тухайн компанийн хувьд давхар бүртгэлийн анхдагч болоод хөрөнгийн зах зээлд орж ирсэн нь маш зоригтой алхам байсан.

Хөрөнгийн биржийн зүгээс ч бид дэмжиж нягт хамтарч ажилласан. Мэдээж хэрэг шинэ тутам зүйл учраас засч залруулах, сайжруулах ёстой зүйлс нилээд байгаа. Тухайлбал “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн” нь Торонтогийн хөрөнгийн бирж дээр 156 сая ширхэг хувьцаатай компани. Тус компаний нийт хувьцааг Санхүүгийн зохицуулах хороон дээр бүртгэх шаардлагатай юм байна, ингэж байж үнэт цаасыг хил дамнуулан хөрвүүлж арилжих боломжтой болно. Ингэснээр давхар бүртгэл сонгодог утгаараа хэрэгжих юм байна. “Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн”  ХК-ийн хувьд бүх хувьцаагаа давхар бүртгүүлэх хүсэлтээ Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн байна лээ, ойрын үед хуулинд заасан хугацаанд шийдэгдэх байх. 

Анхны давхар бүртгэл хийгдэсний дараа манайд үйл ажиллагаа явуулдаг гаднын хөрөнгийн биржид бүртгэлтэй бусад компаниуд Монголын хөрөнгийн биржийн бүртгэлийг сонирхох болсон. Одоогоор 2 компани судалж байгаа. Магадгүй энэ хоёр компани энэ жилдээ бүртгүүлвэл өнгөрсөн жил эхэлсэн давхар бүртгэлийн буухиа үргэлжилнэ. Ингэснээр биржийн бүтээгдэхүүний чанар сайжирч зах зээлийн  чадамж нэмэгдэнэ гэж харж байна.

-“Эрдэнэ ресурс девелопмент корпорейшн” компанийн А.Билгүүн захиралтай уулзаж байхад Торонтогийн хөрөнгийн бирж болон Монголын хөрөнгийн биржийн хооронд баримталдаг стандартууд зөрүүтэй байдаг гэж байсан. Энэ талаар тодруулаач?

-Мэдээжийн хэрэг хоёр өөр эрх зүйн орчин байгаа учраас зайлшгүй хууль тогтоомж, дүрэм журмын зөрүү үүснэ. Ингэхээр давхар бүртгүүлсэн компани аль улсын дүрэм журмаа мөрдөх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Аливаа давхардал үүсгэхгүй байхын тулд үүнийг үнэт цаасны хуулинд тухайн компани анх бүртгүүлсэн биржийн дүрэм журам нь давхар бүртгүүлж буй биржийн дүрэм журмын зөрчилдөж байвал анх бүртгүүлсэн биржийн журмуудыг мөрдөхөөр зохицуулсан байдаг. Энэ жишгийн дагуу, манай болон Санхүүгийн зохицуулах хорооны дүрэм журмууд боловсруулагдсан.

-Хөрөнгийн зах зээл чухам яагаад ийм их эрэлттэй болчихов оо. Энэ зах зээлийн бодит өсөлт байна уу, эсвэл хөөс үү?

-2019 оны  нэг сарын байдлаар Монголын нийт банкуудад 19,4 их наяд төгрөгийн харилцах болон хадгаламж байна. Хадгаламжийн хэмжээ өсөхийн хэрээр  хадгаламжийн хүү буурч байна, мөн хадгаламжийн хүүнээс татвар авдаг болсон. Ингэснээр иргэд болон аж ахуйн нэгжүүд банкинд барьж буй мөнгөө арай өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэлд зарцуулах сонирхолтой болсон. Төгрөгийн зээлийн хүү 17 болон түүнээс дээш байгаа нь аж ахуйн нэгжүүдийг өртөг багатай урт хугацааны эх үүсвэр хайхад хүргэдэг. Энэ боломжийг хөрөнгийн зах зээл гаргаж байгаа нь хөрөнгийн зах зээлийн идэвхийг нэмэгдүүлж шинэ шатанд гаргаж байгаа юм.

Түүнчлэн давхар бүртгэлийн талаар нэмж хэлэхэд, тухайн компаниуд дотоодын хөрөнгийн зах дээр гарснаар дотоодын хөрөнгө оруулагчидтай болж улмаар улс  төрийн орчноос үл хамаарч тогтвортой ажиллах боломж бүрдэнэ. Үүнээс улбаалж тэдгээр компаниудын гадаадын зах зээл дээрх үнэ тогтворжих, өсөх нөхцөл бүрдэх юм.

-Хөрөнгийн зах зээлийн идэвх нэмэгдэж, компаниуд IPO гаргах сонирхолтой байгаа энэ цаг үед Монголын хөрөнгийн бирж ухаалаг төхөөрөмжтэй хэр зэрэг авцалдаж байгаа вэ? Ухаалаг төхөөрөмжид суурилсан платформ байгаа юу?

-2012 оны долоодугаар сарын 02-ноос Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтран, тухайн биржийн өөрийнх нь ашигладаг “Millennium IT” платформыг манай биржид нутагшуулан ашиглаж байна. Энэ нь тухайн үед нилээд шүүмжлэл дагуулж байсан ч бид нэвтрүүлсэн. “Millennium IT” платформыг нэвтрүүлснээр бүхий л арилжаа зайнаас явагдах боломжтой болсон. Брокерийн компаниуд хөрөнгийн бирж дээр ирдэг байсан бол заавал ирэлгүйгээр зайнаас арилжаанд орж байна. Энэ платформ дээр үндэслэн эцсийн хөрөнгө оруулагчид онлайн арилжаанд оролцох боломж нээгдсэн ба брокерын компаниуд түрүүчээсээ онлайн арилжаа нэвтрүүлсэн. Тодруулбал, харилцагч онлайнаар үнэт цаас худалдах эсвэл худалдан авах захиалгаа өгнө, тэр захиалга нь ямар ч хоцрогдолгүй шууд хөрөнгийн биржийн арилжааны системд ордог. “Millennium IT”-н бас нэг давуу тал нь явагдаж байгаа бүхий л арилжаанд шууд хяналт тавих боломжтой. Real Time гэж ярьдаг, тухайн цаг мөчид болж буй арилжаанд бодит цагийн хяналт тавидаг, зах зээлийг урвуулан ашиглах үнэ ханшид нөлөөлөх оролдлого гаргаж байгаа эсэхийг хянаж шалгадаг гэсэн үг юм.

-Хөрөнгийн биржийн өмнө тулгарч буй бодит шалгуур яг юу вэ?

-Хөрөнгийн зах зээлийн орчин сайжирч байна. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн энэ талын мэдлэг сайжирч байна. Энэ нь арилжааны идэвхид эерэгээр нөлөөлж байна. Гэхдээ шийдэх асуудлууд багагүй бий. Бид Т+2 төлбөр тооцооны системийг нэвтрүүлж олон улсын зах зээлийн зэрэглэл тогтоодог байгууллага болох FTSE Russell-ын “Хөгжиж буй зах зээл” ангилалд орохоор ажиглалтын жагсаалтад орчихсон байсан. Ингэснээр манай зах зээл “Норвегийн баялгийн сан” зэрэг дэлхийн томоохон  сангуудын хөрөнгийг татах боломжийг нээх юм. Гэвч харамсалтай нь манай зах зээлийн оролцогчид шинэ төлбөр тооцооны механизмыг бүрэн нэвтрүүлж чадалгүй байсаар тус ажиглалтын жагсаалтнаас хасагдсан. Үүнийг бид нэн тэргүүнд эргэж нэвтрүүлэх шаардлагатай. Мэдээж хэрэг энэ нь дан ганц Хөрөнгийн биржийн ажил гэхээсээ Санхүүгийн зохицуулах хороо зэрэг санхүүгийн бусад байгууллагуудын хамтын ажиллагаа шаардсан ажил. Бирж, Арилжаа эрхлэгчдийн холбоо болон зах зээлийн дэд бүтцийн бусад байгууллагууд хамтран төлбөр тооцооны шинэчилсэн журмуудын төслийг боловсруулж СЗХ-нд батлуулахаар өгсөн. 

Хөрөнгийн зах зээл дээр тулгарч буй бас нэг томоохон асуудал бол дотоодын урт хугацааны мэргэжлийн хөрөнгө оруулагч байхгүйд байна. Үүнийг бий болгох шаардлагатай бий. Ингэхийн тулд хувийн тэтгэврийн сангийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Урт хугацааны хөрөнгө оруулагчид орж ирэх нь тухайн хувь иргэнд ч, хөрөнгийн зах зээлд ороолцож буй хөрөнгө оруулагчид ч ашигтай.

Миний сонссоноор энэ асуудлаар Банкны холбооны санаачлагаар хэсэг хуульчид хувийн тэтгэврийн сангийн хуулийн төслийг боловсруулж байгаа юм билээ. Мөн Нийгмийн хамгааллын яаман дээр ч тодорхой судалгаа, ажлууд хийгдсэн гэсэн. Хэрэв дотоодын урт хугацааны хөрөнгө оруулагчид бүрэлдчих юм бол хөрөнгийн зах зээл сонгодог утгаараа хөгжинө.

-Хөрөнгийн зах зээл хөгжөөд гаднын хөрөнгө оруулагчид Монголын хөрөнгийн биржид анхаарал хандуулахын хэрээр улстөрийн орчин нөхцөл нь өөрөө хөрөнгө оруулагчдыг үргээх тал руугаа яваад байх шиг. Хөрөнгө оруулагчдыг үргээхгүй байхын тулд юун дээр анхаарал хандуулах ёстой вэ?

-Гаднын хөрөнгө оруулагчдад өгөөж, ашгаас гадна улс төр, хууль эрх зүйн орчны тогтвортой байдал маш чухал. Энд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гадны томоохон бирж дээр хувьцаагаа гаргасан компаниуд Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргах нь улс төрийн эрсдэлийг бууруулах онцгой ач холбогдолтой. Дотоодын бирж дээр хувьцаагаа гаргаснаар дотоодын хөрөнгө оруулагчидтай болно. Томоохон төслүүд дотоодын урт хугацааны хөрөнгө оруулагчидтай болох нь улс төрөөс шалтгаалсан эрсдэл, савлагаанаас хамгаалагдах хөшүүрэг учир хэрэгжүүлж буй төслийнх нь үр өгөөж нь ч дээшилнэ.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд IPO гаргах хүсэлтэй компаниудын тоо хэр зэрэг нэмэгдсэн бэ? Хандаж байгаа компаниудын нийтлэг алдаа нь чухам юу байсан бэ?

-Илт нэмэгдсэн. Өнгөрсөн онд л гэхэд таван IPO, хоёр ч нэмэлт хувьцаа гарлаа. 2019 гарсаар хоёр ч IPO хийгдлээ. Ахиад ч хэд хэдэн IPO хийгдэ гэж байна. Дотоодын бизнесүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд олон нийтийн компани болохын ач холбогдлыг мэдэрч эхэлсэн. Үүний нөгөө талд иргэд ч хөрөгийн захын эрсдэл, давуу талыг ойлгож эхэллээ.

-IPO гаргаж байгаа компани дунджаар хэчнээн хугацаа зарцуулж байгаа вэ?

-Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд ажлын 15 хоног байна гэж заасан байдаг. Дахиад нэмэлтээр тав хоног байдаг. Практикаас харахад IPO гаргаж буй компани үнэт цаас гаргах зөвшөөрлөө авах хүртлээ дунджаар гурван сарын хугацаа зарцуулж байна.

-Энэ хугацааг илүү богино болгох боломжтой юу?

-Олон нийтээс хөрөнгө татаж байгаа учраас манай зүгээс болон Хорооны зүгээс сайтар шалгаж нэмэлт баримт бичиг, тодруулга хийж байж зөвшөөрөл олгох нь зүйн хэрэг. Компанийн зүгээс бүх бэлтгэлээ хангасан байвал 3 сараас богино хугацаанд шийдвэрлэх боломжтой. Нөгөөтэйгүүр олон нийтийн болохоор бизнес шийдвэрээ гаргаад ирж байгаа компаниудад хуулийн хугацаанд холбогдох шийдвэрийг нь гаргаж өгөх нь бирж, Хорооны үүрэг.

-Уул уурхайн компаниуд өнгөрсөн жил илүү өсөлттэй ажилласан. Үүнтэй холбоотойгоор уул уурхайн компаниудын хувьцаа хэр зэрэг хэлбэлзэлтэй байсан бэ?

-Манайд бүртгэлтэй уул уурхайн компаниудаас хамгийн том нь “Тавантолгой” ХК. Давхар бүртгэл хийсэн “Эрдэнэ ресурс” ч мөн уул уурхайн компани. Нийтдээ 10 гаруй уул уурхайн компани манай дээр бүртгэлтэй байдаг, төдийлөн хувьцааны үнийн өсөлт гаргаагүй.

-“Эрдэнэс-Тавантолгой” энэ зургаадугаар сард багтан гадаадын хөрөнгө бирж дээр гараад дараа нь Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлнэ гэж мэдэгдсэн. Энэ талаар та бүхэнтэй уулзсан уу?

-Тийм. Бидэнтэй гадаад, дотоодын хөрөнгийн бирж дээр гарах талаар хэд, хэдэн удаа уулзсан. Би хувь хүнийхээ хувд “Эрдэнэс ТТ” ХК дотоодын зах зээлд аль болох түргэн гарч иргэн бүрт олгосон 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулж ашиг шимийг нь хүртээгээсэй гэж хүсдэг. Маш том төсөл учраас зөвхөн Монголын зах зээлээр хязгаарлагдахгүй гадаад зах зээлд гарч байж үнэ цэнэ нь өснө.  

-Компанийн зүгээс эхлээд дотоодын зах зээл дээр гарвал нэгж хувьцааны үнэ буурах эрсдэлтэй гэж үзэж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж хувьцааны ач холбогдол, үр ашгийг сайн ойлгоогүй иргэд олноороо зарж, үнийн уналт үүсгэх магадлалтай, иймд иргэд хувьцаагаа нэг дор бөөнөөр нь зарах биш, үе шаттайгаар зарах боломжийг бүрдүүлж үнэ унах эрсдэлийг бууруулж болно. Гэхдээ гадаадын хөрөнгийн бирж дээр түрүүлж гарсан ч үнэ унах эрсдлээс бүрэн хамгаалагдахгүй шүү дээ. Үнийн бенчмарк тогтооё гэсэн бодолтой байгаа гэж ойлгож байгаа.

-2019 онд Монголын хөрөнгийн биржийн хувьд ямар он болох вэ?

-Эхний улирлыг харж байхад давгүй шүү. IPO буухиа үргэлжлэх төлөвтэй байна, цаашлаад давхар бүртгэлтэй компаниуд ч нэмэгдэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ шинэчлэх, хийж хэрэгжүүлэх хэд, хэдэн зүйл бий. Урт хугацааны хөрөнгө оруулагчид манай зах зээлд үнэхээр дутагдаж байна. Магадгүй энэ жил хөрөнгө оруулалтын сангууд шинээр мэндлэх байх. Түүнчлэн төлбөр тооцооны T+2, DVP системд яаралтай шилжих шаардлагатай.

Бүрэн эхээр нь "ӨГЛӨӨНИЙ СОНИН"-оос унших боломжтой!

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.25.3) 2019 оны 04 сарын 16

Арилжааны шимтгэлээ буулгах хэрэгтэй. Гэхдээ бирж яриад байгаа Эи Ай Ти системийнхээ гадаадад төлдөг төлбөрийн дарамтаасаа гарч чадахгүй бол хэцүү

0  |  0
Зочин(66.181.161.63) 2019 оны 04 сарын 16

Эрдэнэт Оюу толгой Тавантолгойн хувьцааг ард түмэндээ үнэгүй 49 хувийг хувьчилчих Энэ чинь ард түмний өмч биз дээ Тэгвэл хөрөнгийн зах зээл чинь жинхэнэ утгаараа хөгжинө

0  |  0
Top