Дугаарын ченжүүд дэндүү даварч байна

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 02


 Хэзээнээс үнэтэй чамин юманд дуртай, аливааг бэлэгшээдэг манайхны зан тоог үнэд оруулснаар нэлээд хугацааг үдлээ. Юун тоо вэ хэмээн уншигч та гайхаж байгаа байх. Яахав нөгөө Монголчуудын хэрэглээ болоод байгаа гар утас, машины дугаар. “ Таны нэр төрийн баталгаа утасны чинь дугаараас шалтгаална. ””991111..””  дугаар 10 саяд зарлаа, яг одоо холбоо барина уу? Холбоо барих утас 9993..“ гэсэн зар телевизээр гарч байна. Ийм хэмжээний мөнгөтэй бол юу хийх вэ хэмээх асуултыг хэд хэдэн хүнд тавьж үзлээ. Нэгэн залуу,

  -“Би арван сая төгрөгтэй бол халтуур хийх машин аваад,  үлдсэнээр нь гэр авна, хүүхдийнхээ боловсролд зарцуулна, байшин барина” гээд л хүмүүс янз бүрээр хариулж байна.

Арга ч үгүй биз дээ. Энэ хэмжээний мөнгийг жирийн иргэн хоол хүнс, хувцас хунар авах мөнгөнөөсөө хасч танан, хэдэн жил хурааж байж цуглуулна. Тэгвэл 10 саяыг инээж, эвшээлгэн сууж байгаад олдог хүмүүс бас байна. Тэдний хийдэг ажил гэвэл гурваас дөрвөн оронтой тоог төмрөн дээр товойлгон цохиод л гүйцээ. Үнийгээ хүмүүст  “шах”-аад 10 саяыг өлхөн хамж авна. Дэндүү шударга бус наймаа  байгаа биз. Бүр энэ төрлийн ченжүүд азын болон алтан дугаар хэмээх хүмүүсийг хий хоосон хөөрөгдөж байгаад мөнгө салгана.   Арван сая төгрөгөөр авсан алтан дугаар нь өдөр болгон 10 мянган төгрөгөөр  өндөглөөд байдаг бол ч бас яахав гэхсэн. Гэтэл  тийм юм гэж  хаана ч байхгүй. Ердөө л хүмүүс "Яасан гоё дугаар вэ?" гэж харахаас бус өөр ямар ч ашиг гарахгүй шүү дээ. Чухамхүү бусдад гоё сайхан харагдах гэсэн энэ солиорол дээр дөрөөлөн ийм төрлийн арилжааны бүхэл бүтэн сүлжээ хэдийнээ бий болчихоод биднээр тэжээлгэн суудаг байна. Автотээврийн газрынхан болон үүрэн телефоны компаниудын азын болон алтан дугаар хэмээх энэ бизнест хэн буруутай вэ? Алинаа мэдэхгүй хий хоосон загвардаад байгаа иргэд өөрсдөө юу?  Хулхи бизнес цэцэглүүлэн иргэдийн мөнгийг сааж суудаг ченжүүд үү?  Азын дугаарт шүтэх сэтгэцийн эмгэгийг улам гааруулж газар авахуулсаар байгаа энэ байдлыг ер нь хэн гуай нь хянах юм болоо.

 А.Туяа.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top