Эх нялхсын эрүүл мэндийн төлөө эмч нар хамаг байдгаа зориулж байгаа. Тарчигхан эдийн засагтаа хүлэгдээд хүссэн үр дүнгээ үзэж чадахгүй, эх нялхсын эндэгдэлтэй нүүр тулах өдөр цөөнгүй. Гэхдээ тэд шантрахгүй зүтгэж байна. Гэвч сайн юманд садаа мундахгүй. Эмч нарын ажлыг хүндрүүлдэг олон бэрхшээл бий. Завсарт нь бас олз хайгчид, хэтэрхий хувиа хичээгчид ч гай болж байна. Эх үрсийн баярын өмнөх орой эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хашаан дотор нэгэн этгээд хүнд даацын ухагч машин оруулан барилгын суурь тавихаар ажиллаж эхэлжээ. Ажил тарсан хойно хэн нь ингэж эмнэлэгт хүнд өвчтэй хэвтэж буй хүүхдүүд, эмч нарын амгалан тайвныг бусниулав гээд тэндэхийн хүмүүс цөмөөрөө гүйж гараад учрыг лавлатал хувийн эмнэлэг баригдах гэж байгаа сураг дуулдав. Эзэн нь Түвшинбаяр гэдэг хүн ажээ. Түүний луйврын барилгын хажууханд сэхээн амьдруулах тасагт одоо дөрөв, таван хүүхэд эмчлүүлж байгаа. Эдгээр хүүхдүүдэд чимээгүй, цэвэр орчин юу юунаас чухал. Гэвч Түвшинбаяр гэгч тэр нөхөр тоосон шинжгүй техникээ ажиллуулан шороо бужигнуулж, газраа ухсаар байгаа гэнэ. Түүнд энэ газрыг 2009 онд хотын захирагч, түүний удирдлага дор ажилладаг газрын албаныхан хууль бусаар олгожээ. Хотын захирагчаар тэгэхэд УИХ-ын гишүүн Ц.Батбаяр ажиллаж байсан байна. Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийнхөн тэдэнд газраа албан ёсоор чөлөөлж өгөөгүй. Тэгээд ч хувийн эмнэлэг баригдах гэж буй тэр газарт цэцэрлэг хүрээлэн байгуулахаар болоод байжээ. Газрын луйвар ийнхүү эх нялхсын эмч ажилтнуудыг дарамталж эхэлжээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )