Хүүхдийн баярыг цөмөөрөө сайхан тэмдэглэж өнгөрөөлөө. Ашгүй архи худалддаггүй өдөр таараад хөлчүү ээж, аавууд харьцангуй цөөхөн харагдах шиг болов. Харин хил манаж байгаа цэргийнхэнийг дарга нар ч, иргэд маань ч төдийлөн анзаардаггүй хэвээрээ баярлаж өнжлөө. Монгол улсын хил тайван байгаа бололтой. Хууль зүй дотоод хэргийн яаманд харъяалагдах болсоор удаж буй энэ тусгай албаныхан уг нь их хөдөлмөрч улс. Эвсэг гэж жигтэйхэн. Мууг далдалж чаддагаар эв нэгдэл нь илүү тод харагддаг юм шиг байна лээ. Даргаа бууддаг, дарга нь цэргээ балбадаг, цусалдаг, амийг хороодог, цэргүүд нь хоорондоо нүдэлддэг, тэр бүхэн нь тэгсхийгээд намждаг. Тэгээд удалгүй дахидаг. Энэ бүхэн бүр уламжлал болоод байна. Өөр бас нэг амь тавьдаггүй зүйл нь хулгай. Хэдэн жилийн турш хил дамнасан малын хулгайн талаар яригдлаа. Тувачуудтай нийлээд мал туугаад хил даваад явчихсан лут эрчүүд энд байлаа. Буу сум ч олноороо алга болж байна. Өнгөрөгч өвөл алдагдсан байлдааны бууны сумны хулгайч тодроогүй байгаа гэнэ. Дорноговь аймгийн Сулинхээр дэх хилийн цэргийн ангиас 40 мянган сум хулгайлагджээ. Хилийн цэргийн дарга нар үүний учрыг олох гэж толгойгоо гашилгана. Цэргийн анги нь улсын онцгой газар. Хэн дуртай нь тийшээ нэвтэрч ороод байдаггүй. Тэгэхээр энэ олон сумны эзэд тус ангиас холдоогүй болов уу. Зэвсгийн агуулах гэж нэг лут юм бий. Түүнийг хариуцсан дарга гэж байдаг л байлгүй. Тэднээс асуухад уг нь учир олдмоор. Гэсэн ч таг чиг хэвээрээ. Байлдааны бууны сум ингэж олноор алдагдах нь яавч сайн юм биш. Томоор бодоход террорист халдлагад Монголчууд өртөхгүй гэх баталгаа бий билүү. Бараг л байхгүй. Саяхан талийгаач болсныг нь сүртэйгээр зарласан Бин Ладений хар цэргүүд Монголд үймээд унахгүй байх гэж бодъё. Тэгвэл хойд хөршид маань неофашист бүлэглэлүүд хүчээ аваад байна шүү дээ. Ийм маягийн бяцхан бүлэглэлийн авгалдайнууд Монголд байж л байна. Үндэсний дэврүү үзэлтнүүд гэхүү дээ. Тэд ялимгүй хазайж гишгэвэл хэт үндсэрхэх үзэлтэй даврагчид болох нигууртай.
Хулгайч, сум, террорист, неофашист гээд дараа нь улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа бууны талаар сонирхоод үзье л дээ. Одоо олдохгүй байгаа 300 шахам буу зэвсэг бий гэнэ. Мөн үүнээс өөр бас нэг айдас төрүүлэм мэдээ байна. Юув гэвэл, монголчууд зарим бууны сумыг гар аргаар үйлдвэрлэдэг болжээ. Үүнийг анх санаачлагчид нь галт зэвсэг импортлох онцгой эрхийг монопольдоод сууж байдаг “Хорсмен клаб” компанийхан. Тэд галт зэвсгийг монголдоо өндөр үнээр борлуулж байна. Сумыг бөөнөөр нь гадаадаас оруулж ирэх дархан эрхтэй. “Хорсмен клаб”-ынхны сум хууль бусаар үйлдвэрлэснийг цагдаа нар шалгаж, торгууль тавиад л өнгөрдөг. Галт зэвсгийн тухай хууль нь ийм ядруухан заалттай. Энэ хуулиар тус компанийг сум үйлдвэрлэсэн хэрэгт холбогдуулсан ч галт зэвсэг импортлох эрхийг цуцлах боломжгүй. Өөрөөр хэлбэл зохих торгуулийг нь төлөөд сумаа үйлдвэрлээд байж болно гэсэн үг юм. “Хорсмен клаб”-ын захирал Д.Ариунболд нь социализмийн үед МАХН-ын Төв Хорооны томчуудыг хамгаалах үүрэгтэй тусгай албаны ажилтан байв. Түүний аав “Орос” хэмээгдэх Дүгэрсүрэн нь Төв хороонд олон жил ажилласан. Д.Ариунболд буу импортлох компаниас гадна ангийн бууны “Их ав” төвийн тэргүүн бөгөөд тус төвийн харъяанд үйл ажиллагаагаа явуулдаг хоёр ч компани буу, сум борлуулж байна. Тэд “Галт зэвсгийн тухай” хуулийн төсөл дээр анх ажиллаж өөрсөддөө ашигтай хувилбаруудыг хуульд суулгаад өгчихсөн, том лоббитой, том гарууд ажээ. Тиймээс “Хорсмен клаб”-тай буу, сумны арилжаагаар өрсөлдөх компани Монголд байхгүй. Дээрх 40 мянган байлдааны сум нь эдгээр компаниудын борлуулж байгаа зарим буунд таардаг. Тухайлбал бид АК маркын байлданы бууг сайн мэднэ. Үүний ангийн зориулалттай болгож үйлдвэрлэсэн хувилбар нь “Сайга” юм. Үндсэндээ АК-ны төрсөн дүү ажээ. Ингээд бодоод байхад хилчдээс хулгайлагдсан АК-ны сум арай энэ буунуудыг тэжээгээд байгаа юм биш биз гэсэн хардлага хар аяндаа бууж ирнэ.
Буу сумны будлианаас гадна хилчдийн хил хамгаалах техник технологи авах юмгүй болж байгаа ажээ. Хил дамнасан хулгайчууд харин тэдний дэргэд лут байна. Холбооны хэрэгсэл, унаа сайнтай. Зэвсэг, бусад хэрэгслүүд нь ч мундаг. Сүүлийн дөрвөн жил гаруй хугацаанд улам нарийн зохион байгуулалттай гэмт хэргүүд хил дээр гарах болсон нь ийм учиртай болов уу. Хар тамхи, мансууруулах бодис тээвэрлэгчдээс гадна хурдан удмын адууны хулгайчууд олширч байна. Тэднээс гадна байгалийн ховор метал, алт, амьтаны гаралтай эд зүйлсийн төлөө зохион байгуулалттай бүлэглэлүүд манай хилчидтэй тулгардаг боллоо. Тэдний эсрэг дээр үеийн нэг муу эвдэрхий радио станц, дурангаас өөр олигтой хэрэгсэлгүй шахуу хилчид яах ч билээ. Хилийн 26 боомтоор өнгөрсөн дөрөв, таван жилд ачааллаас нь хэд дахин олон хүн нааш цааш цуварч, энэ хооронд гэмт хэрэг ер тасарсангүй. Нийтдээ 15 сая гаруй хүн хилээр зорчсон байна. Эдний нэлээд хэсэг нь манай баялаг бүхэнд нүд унагаад гардаг бололтой. Дараа нь зохион байгуулалтанд ороод буруу санаа өвөрлөн эргэж ирдэгийг хэн ч үгүйсгэхгүй. Буу сумны хулгай мулгай мэт нь хэзээ нэгэн цагт үүсч болох зэвсэглэсэн гэмт халдлагын хажууд юу ч биш санагдах үе тохиож болох юм шүү. Ялангуяа Тува, Монголын хил дээр олон удаагийн буун дуу гарсан. Дахиад хаа нэгтээ буу дуугарахад гайхах хэрэггүй. Харин яаж асуудлыг шийдэх вэ гэдгийг дахин бодох хэрэгтэй болох байх.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )