Тавантолгой-Гашуунсухайт хүртэлх 46.2 км төмөр замын асуудлыг хэлэлцэв

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 07

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.05.07/ хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөлд Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барьж, Нарийн сухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж, экспортлох шинэ гарцыг нээснээр манай улсын нүүрсний экспортын зах зээл тэлж хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэх аж. Тээврийн өртөг 2-4 дахин буурахын зэрэгцээ хүрээлэн буй орчин, аюулгүй ажиллагааны нөхцөл сайжрах зэрэг олон талын ач холбогдолтойг танилцуулгад дурдав. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг нар ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. Тавантолгой-Гашуунсухайтаас баруун тийш 46.2 км уурхайн зориулалттай төмөр замын царигийн асуудлыг шийдвэрлэхээр төсөлд тусгасан бөгөөд тус ордод олборлолт хийж буй зургаан компани хамтран бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх юм байна. Холбогдох шийдвэр гарсан тохиолдолд төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэх боломжтой гэлээ. 

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, Д.Эрдэнэбат нар байр сууриа илэрхийлж, санал хэлсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уул уурхайн экспортыг нэмэгдүүлэх ач холбогдол бүхий шийдвэр гаргах тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргав. Энэ дагуу санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 90 хувь нь дэмжлээ. Иймд энэ талаар Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top