“Анод” банкны хэргээр хоригдож байсан Н.Даваа, Н.Энхтөр, Э.Гүр-Аранз нар 6 сарын 1-нд “Ганц худаг”-аас батлан даалтанд гарах байсан ч дахиад 30 хоногоор сунгав. Өмгөөлөгч нар нь тэднийг очиж аваад гэрт нь гаргаад байтал тэр шөнө прокуророос буцаагаад хорь гэсэн шийдвэр өгсөн гэнэ. Уг нь шүүх дээр энэ талаар хэлэлцээд “Ганц худаг”-аас гаргахаар болжээ. Гэтэл прокуророос анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг хүчингүй болгосон байна. Шөнө дөлөөр прокурорууд тийнхүү яаран сандран хуралдаж “Анод”-ын захирлуудыг дахин хугацаа сунгаж хорих болсон нь дээрээс өгсөн чиглэлийн дагуу буюу улс төрийн шалтгаантай гэж Н.Даваагийн өмгөөлөгч Б.Оюунбилэг хэлж байна. Н.Даваа нь “Гал үндэстэн” холбоог дэмжиж, санхүүгээр тусалж байсан гэдэг. Түүнээс гадна Н.Даваа Иргэний хөдөлгөөний намынхаа үйл ажиллагааг эрх баригчдын увайгүй үйлдлүүдийн эсрэг эрчимжүүлэхээр шийдсэн байжээ. Үүнд нь өнөөгийн эрх баригчид тун их бачимдан сандарч байгаа юм байна. Мөн өмгөөлөгчийнх нь ярьж байгаагаар бол “Анод”-ыг захирлууд анх банкыг нь Монгол банк бүрэн хяналтандаа авах үед өр төлбөр 55,3 тэрбум байсан боловч одоо 271 тэрбумд хүрсэнд гайхаж байгаа гэнэ. Уг нь зээлийн төлбөрөө төлж чадахгүй байсан зээлдэгч нарынх нь хөрөнгийг албадан гаргуулахад дээрх өр төлбөр шийдэгдэх боломжтой байсан гэж байна. Тэгвэл ийм байсаар байтал заавал цагдан хорих шаардлага байсан юм уу гэсэн асуудал зайлшгүй яригдахад хүрчээ. Прокурор харин эсрэгээр дүгнэж “Анод”-ын захирлуудыг гадаад руу оргох, хэргийг нь мөрдөн шалгахад саад учруулж болзошгүй гэсэн шалтаг тоочиж дахин хорьсон нь яах аргагүй улс төрийн учир шалтгаантай бололтой.
Сэтгүүлч Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )