Орчин үеийн соёлын чиг хандлагыг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 08

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн газар Монгол Улсын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх зорилгоор “Орчин үеийн соёлын илэрхийллийн олон төрөл, бүтээлч үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих нь’’ үндэсний зөвлөлдөх уулзалтыг 2019 оны маргааш буюу тавдугаар сарын 9-нд өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү зөвлөлдөх уулзалт нь ЮНЕСКО-ийн “Суурь эрх чөлөө ба соёлын илэрхийллийн олон төрлийг хөхиүлэн дэмжихэд соёлын бодлогыг дахин тодорхойлох нь” (2018-2021) төслийн хүрээнд Шведийн олон улсын хөгжлийн агентлагийн сангийн санхүүжилтээр зохиогдож байгаа юм. Монгол Улс ЮНЕСКО, Шведийн хөгжлийн агентлагийн сангаас SIDA-II төслийг хэрэгжүүлэх 16 орны нэгээр сонгогдсон. Төсөл хэрэгжсэнээр  Монгол Улс дахь бүтээлч ажиллагааг хамгаалах, хөхиүлэн дэмжих бодлого, бодлогын хэрэгжилтэд хяналт тавих, тайлагнах, мөн иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил, уран бүтээлчид зэрэг соёлын салбарын үндсэн оролцогч талуудын чадавхыг  дээшлүүлэх зорилготой.

Тус уулзалтад Монгол Улс дахь соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарт шууд болон шууд бус оролцоотой бүхий л оролцогчид нэг дор цуглан чуулна ажээ. Зөвлөлдөх уулзалтын үеэр уг салбарын бодлогын өнөөгийн нөхцөл байдлыг хөндсөн танилцуулгууд хийгдэхээс гадна салбарын оролцогчид өөрсдийн ажлын туршлага, санал бодлоо нээлттгэйгээр хуваалцах хэлэлцүүлгүүд өрнөх болно. Салбар хуралдаанаар оролцогчид Монгол Улс дахь бүтээлч үйл ажиллагааны ирээдүйн чиг хандлагад бодлого хэрхэн дэмжлэг үзүүлж болох талаар дараах 4 сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

  • Хэвлэл мэдээллийн хэрэгслийн олон төрөл
  • Соёлын болон бүтээлч үйлдвэрлэл дэх дижитал технологи
  • Соёлын мэргэжилтнүүд, уран бүтээлчдийн шилжилт хөдөлгөөн, тэдний нийгэмд эзлэх байр суурь
  • Соёлын болон бүтээлч үйлдвэрлэл ба жендер

Мөн зөвлөлдөх уулзалтаар Монголын соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын оролцогчдод олон улсын санхүүжилтийн боломжуудын талаарх мэдээллийг  танилцуулна. Тухайлбал; “Соёлын олон төрлийн олон улсын сан”-гийн танилцуулга,  Европын Холбоо, ЮНЕСКО-оос хамтран зарлаж буй олон улсын шинжээч, мэргэжилтэн бэлтгэх төслийн  мэдээллийг хүргэнэ. Эдгээр төслүүд нь хөгжиж буй орнуудад соёлын бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох, үйлдвэрлэх, түгээх, хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг шинэ бүтээлч санаачилгуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мөн соёлын бодлого боловсруулалт, хэрэгжилтийг сайжруулахад чиглэсэн техникийн туслалцаа үзүүлэх зэрэг зорилготой юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top