Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн 6 жилийн өмнө нөхөртөө зориулсан шүлэг

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 13

Уртын дууч, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ хувийн амьдралынхаа талаар хатуу үнэнийг олон нийтэд дэлгээд байгаа. Ард түмэндээ хүндлэгдсэн дуучин бүсгүй, уртын дуучин Д.Түвшинжаргалтай ханилан суусан боловч одоогийн байдлаар салж сарних дээрээ тулаад зогсохгүй, эд хөрөнгөө арван жил ханиа гэж бодож явсан хүндээ алдах гээд сууж байгаагаа учирласан юм. Мөн Д.Түвшинжаргал гэх хүн гар хүрч байсан гэдгийг ч тэр нуусангүй. Тэр байтугай Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ 2012 онд гаргаж байсан "Тэнгэрийн цэцэрлэгээс" түүвэр шүлгийн номондоо маш сонин нэгэн шүлгийг нөхөртөө зориулан бичиж байжээ. Тэрхүү шүлгийг нийтлэв. 

Би... Чи...

Энэ энгүй орчлонд 

Тэн тэнгүй ачаа үүрүүлж

Хайр сэтгэл гэдэг бүтээлэгээр 

Хамаг ухааныг минь баглаж хүлсэн

Нууцын нууцад чандласан 

Нулимсны минь өнчин дусал байлаа чи 

Өвгөдийг минь муучилан

Өөрийнхөө төлөө амьдруулсан 

Санахын сарны гэрлийг 

Мартуулахын үүлээр хаалгасан 

Араатан мэт сэтгэлтэний 

Аашных нь боол явлаа би 

Залуу насыг минь илжиртэл дарж 

Зандан сэтгэлийг минь мөсөөр хучсан 

Андуу эндүүтэй орчлонд 

Амин зуулгыг минь бүгдийг цөлөмсөн 

Гайгаар зурсан тэр зурагны 

Ганцхан саарал зураас байлаа чи 

Донгийн шуналаар өөрийгөө сэлбэгч 

Дотоод анирыг минь үл анзаарагч 

Сэтгэлийг минь сэмлэн урагч 

Сэхүүн зангаар намайг зодогч 

Нодын зангаар аашлагчын 

Нохойд барьдаг мод нь явлаа би 

Хуйнаас огших хутга мэт аашаар 

Хугацаагүй орчлонд намайг зарцчалсан

Хун галуу шиг амьдарна гэчихээд 

Худлыг үнэн болтол муучилсан 

Дөрөө даалгүй үгүй болох 

Дөнгөж амссан чийг байлаа чи 

Манз цавыг барьсаар атал 

Манайсах сэтгэл суугаагүй ээ

Сэрүүн зүүдлэсэн зүүд болоод 

Сэтгэлээс минь бусдыг буцаан зөөсөн 

Гарцаагүй сөөргөө сэтгэлтэний 

Галын үлээгүүр явлаа би 

Ганцхан өөрийн чинь өмнө байсан 

Гангар шаазангаа чи 

Гашуун зовлон дүүргээд 

Газар алдаад хагалчихлаа 

Мөн ч их тэссэн тэвчээр минь 

Мөрөн дээрээс дараад байна аа

Би чиний тоглоом байхаа болилоо

Бишгүй зүдэрлээ одоо боллоо

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(150.129.142.213) 2019 оны 05 сарын 14

Tvbshinjargalaa chi vhbel taarna.

0  |  0
(202.179.31.45) 2019 оны 05 сарын 14

муухай барзгар өвгөн... үйлийн үр чинь айсуй...

0  |  0
Top