“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцээд нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилах боломж байна гэж үзсэн байдаг. 1072 хувьцаа эзэмшигчийн нэгж хувьцаанд 25 төгрөг олгоно гэж тооцохоор ногдол ашгийн нийт дүн 26 800 төгрөг болж байгаа юм. Тэгвэл энэ мөнгийг тараахгүйгээр улс оронд нэн шаардлагатай томоохон төсөл, бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж, гараанаас гаргах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэгсэд бий.
Тухайлбал, ногдол ашигт тараах мөнгөөр Тавантолгойн орд газрын өрсөлдөх чадварыг өсгөх төмөр замын дэд бүтцүүд болох Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам мөн нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем, хими технологийн үйлдвэр, цахилгаан станц зэрэг төслүүдийн санхүүжилтэд нэмэрлэх боломжтой гэсэн асуудал хөндөгдсөн.
Тэрчлэн Zindaa.mn сайт "Эрдэнэс Тавантолгой" компани 2018 оны ногдол ашиг 26800 төгрөг тараах нь зөв үү, эсвэл бүтээн байгуулалтуудыг эхлүүлж, хөрөнгө оруулах нь зөв үү гэдэг асуудлаар уншигчдын дунд санал асуулга өрнүүлсэн юм. Тэгвэл санал асуулгад оролцогсдын 53 хувь нь 26 800 төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр тараах бус бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдэд зориулах хэрэгтэй гэж саналаа өгчээ.
Дашрамд өгүүлэхэд, “Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 15 тэрбум ширхэг хувьцааны 85.2 хувь нь төрийн мэдлийнх, 14.5 хувь нь 2 511 000 иргэн тус бүрт хуваарилсан 1072 хувьцаа. Харин 486 аж ахуйн нэгжид 0.05 хувь нь оногдож байгаа юм. Тиймээс тус компанийн хувьцаатай холбоотой мэдээлэл иргэдийн анхаарлын төвд байдаг.
Сэтгэгдэл ( 0 )