“Даалгавар” авсан Ч.Улаан сайд махны үнэ тогтворжино гэж мэдэгдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 05 сарын 15

“Махны үнэ өнөөдрөөс тогтворжино” гэж ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан өчигдөр  /2019.05.15/ мэдэгдсэн. Тэгвэл махны үнэ тогтворжих гэхээсээ одоогийн түвшнээсээ буух шаардлага байна.

Нөөцийн мах худалдаанд гарахаар махны жижиглэн худалдааны үнэ буурдаг. Тэгвэл энэ жил буурсангүй. Хүчит шонхор зах дээр хонины ястай махны үнэ 10 мянга шүргэж, үхрийн цул мах 13 мянган төгрөгт хүрээд байна. Нийслэлийн хэрэглэгчдэд хамгийн хямд үнэтэй мах нийлүүлдэг зах дээр ийм үнэ тогтоод буй бол  Меркури, Номин, И-Март дэлгүүрүүдэд үхрийн цул 16 мянган төгрөгөөс буухгүй байна. Иргэдийн олонхын орлого, амьжиргааны бодит түвшинтэй нэг килограмм махны өнөөдрийг үнийг харьцуулахад нөгөөх “180 грамм” махаа хэрэглэж дийлэхгүй хэмжээнд хэдийнэ тулжээ. Монголчууд хүнсний гол хэрэглээ болох махаа авч чадахгүйд хүрч, шулсан ясны эрэлт эрс нэмэгдсэнийг зах худалдааны төвүүдэд мах худалдаалагчид хэлж буй. Махны үнэ өдөр ирэх бүр өсөөд байгаагийн учиг шалтгааныг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан дараах хүчин зүйлсээс болсон гэж үзэж байна. Махны нийлүүлэлтэд доголдол үүсээд буйг цаг агаарын нөхцөл байдал, шатахууны үнийн өсөлт, малын махны гарал үүсэл  болон Монголчуудын зан заншилтай хүртэл холбон үзэж буй аж.

 Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хот дахь махны хангамжийн байдалд саатал гарч, үнийн савлагаа үүсэн иргэдийг бухимдуулсан асуудлыг шуурхай зохицуулах арга хэмжээ авч байна. Хүчит шонхор захаар дамжиж зах зээлд нийлүүлэгдэж буй махны өдөр тутмын нийлүүлэлтийн хэмжээнд сүүлийн гурав, дөрвөн хоногт хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр саатал гараад байна. Үүнд, цаг агаарын нөхцөл байдал нөлөөллөө. Орон даяар цас орж, цасан шуурга шуурснаас хөдөө орон нутгаас Улаанбаатарт нийлүүлэх махны нийлүүлэлтэд нөлөөллөө. Мөн нөгөө талд шатахууны үнийн өсөлт нөлөөлж байна. Нийслэлд нийлүүлж байгаа махны гарал үүслийн баталгаажилт хангагдаагүйтэй холбоотойгоор мэргэжлийн хяналтын шалгалтаас хамаарч махны нийлүүлэлт тодорхой хэмжээгээр хумигдсан байна.

Нийслэлийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 тонн байдаг. Нөөцийн махыг нийслэлийн 127 цэгээр дамжуулан борлуулж байна. Мөн Хүчит шонхор зах болон хувийн хэрэглээгээр дамжиж хэрэглээ хангагдаж байгаа. Өдөртөө 30 орчим тонн мах зах зээлийн дундаж үнээс 20-25 хувийн хямдралтай үнээр борлуулагдаж, иргэдэд хүрч байна. Цаашдаа нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ялангуяа ойрын өдрүүдэд хоёр дахин нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулахаар нийслэлийн удирдлагатай хэлэлцэж байна.

Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд махны нийлүүлэлтэд мөн  нөлөөлж байна. Шалгалтаар зөрчил илэрсэн. Дулааны аргаар мах боловсруулж байгаа үйлдвэрүүд хоёр улс тохиролцсон протоколын дагуу итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрээс махаа бэлтгэж, дулааны аргаар боловсруулж экспортод гаргах тохиролцоотой. Гэвч журам зөрчигдөж байна. Махыг шууд зах дээрээс боловсруулах үйлдвэрүүд рүү нийлүүлж буй асуудал гарсан. Эдгээр асуудлуудыг зохицуулалт хийж цэгцлэх болно. Цаашдаа  дулааны аргаар мах боловсруулж экспортод гаргах махны хэмжээг дотоодын хангамжтай зохицуулах квоттой болгох зохицуулалт хийхээр ажиллаж байна. Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14-15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр бий. Өнгөрсөн 2018 онд 4 мянган  тонн мах бэлтгэсэн байсан.  Энэ онд багадаа 10-12 тонн мах нөөцлөхөөр ажиллаж байна” гэлээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан махны нийлүүлэлттэй холбоотойгоор ийм мэдээлэл өгсөн бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ махтай холбоотой асуудлаар салбар хариуцсан сайдад даалгавар өгснөө өчигдөр мэдэгдлээ. Мах, гурилын хангамж, үнийн асуудалтай холбоотойгоор цогц шийдэл оруулж ирэхийг Ч.Улаан сайдад даалгажээ. Махны үнийн асуудлаар Засгийн газар энэ долоо хоногт багтаж ээлжит бусаар хуралдах аж. Махны үнийг зохион байгуулалттайгаар хөөрөгдсөн гэх асуудалд хардагдаад буй компаниудыг шалгахтай холбоотой асуудлыг Тагнуулын байгууллагад шилжүүлсэн тухай Л.Оюун-Эрдэнэ сайд мөн хэллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(66.181.161.44) 2019 оны 05 сарын 15

Монгол улсын ТҮҮХЭНД байгаагүйгээр махны үнэ таны та нарын үед өслөө түүхэнд анх удаа 16000 мянгад хүрлээ та ажлаа өгөөд далд орно уу яаддаг нь наад ажлыг чинь хийг хэдэн өвгөн сайд болцгоогоод юу ч сайжирсангүй юу ч өөрчлөгдсөнгүй

0  |  0
ард иргэд(202.9.42.67) 2019 оны 05 сарын 15

УЛАЙДГҮЙ УЛААН ТАНАЙ ???? ХАРЬЯ ХАРЬЯ ЧАМАЙГ????

0  |  0
Иргэн (202.21.115.36) 2019 оны 05 сарын 15

Ард түмнийг долларын ханш, бинзений үнэ, махны үнийн өсөлт дарангүйлж байна. Энэ янзаараа удаан тэсэхгүй байх. Энэ засаг ямарч чадвар алга. Авилгал авдаггүй, хийе гэсэн сэтгэлтэй нэг ч болтугай төрийн түшээ байдаг ч болоосой.

0  |  0
зочин(122.201.31.217) 2019 оны 05 сарын 15

тогтворжоод хэд болохын авдаг цалин 6500 aas deesh mah awahad hureltsheergui bna

0  |  0
Үнэн үү(59.153.87.48) 2019 оны 05 сарын 15

Харж л байя бас л сайхан залдаг нөхөдүүд ш дээ хятададруу мах гаргахаа болимоор юм монголчуудаа биш хятадыг тэжээгээд бгаа юм уу хаашаа юм сүүлийн үед хятададгүй юм ална болж

0  |  0
Иргэн(43.242.243.154) 2019 оны 05 сарын 15

Ч.УЛААНЫ ЭНЭ ЧАОЧАА ҮГ БОЛ ХЭЗЭЭ Ч ХЭРЭГЖИХГҮЙ ХООСОН ШОУ ШҮҮ...

0  |  0
Top