“Төр муу менежер” гэх хандлага нийгэмд байдаг. Тэгвэл "Эрдэнэс Тавантолгой" ХК 2016, 2017, 2018 онуудад Монголын эдийн засагт жин дарах өгөөжтэй ажиллаж төр сайн менежменттэй ажиллаж болдгийг харуулж чадлаа. “Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Анд глобал” ХХК, “Эрдэнэс-Тавантолгой” ХК нэр дэвшсэнээс “Эрдэнэс-Тавантолгой” "Шилдэг менежмент"-ийн эзэн боллоо. 2018 онд 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажилласан тус компани сайн удирдлага, сайн менежмент төрд байгаагийн тод жишээ болж байна.
Менежмент гэдэг бол тухайн байгууллага зорьсон, төлөвлөсөн үр ашигтай үйл ажиллагааг явуулахын тулд шийдвэр гаргах, зохион байгуулах, манлайлах, хянах үйл ажиллагаануудын уялдаа холбоо сайтар хангагдахыг хэлдэг. Тэрчлэн сайн удирдагч, менежерийн ур чадвар, удирдлагаар хангах арга барилаас байгууллагын амжилт, ололт хамаарч байдаг. Мэдээж мэргэшсэн хамт олон, удирдлагын багийн нэгдэл байдгийг тодотгох нь зөв байх. Тэгвэл Б.Ганхуяг Гүйцэтгэх захиралтай “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьд менежментийн удирдлагын тогтолцоогоо оновчтой тодорхойлж, нарийн төлөвлөлттэй ажиллаж буйг сүүлийн гурван жилийн үзүүлэлтүүд нь харуулж байгаа юм.
"Bloomberg Awards 2018”-ийн "Шилдэг менежмент" номинацид өрсөлдсөн компаниудын үйл ажиллагааг харахад "Анд глобал” компани дотоодын болон Азийн хөрөнгө оруулагчдаас таван сая ам.долларын хөрөнгө оруулалт татаж, компанийн зах зээлийн үнэлгээ нь 30.4 сая ам.доллар хүрчээ. Харин “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тухайд зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог бөгөөд хүдрийн олборлолт сүүлийн хоёр жилд өсөж, 2018 оны байдлаар 36 сая 600 мянган тонн хүрээд байгаа зэрэг амжилтуудыг дурдаж болно.
"Шилдэг менежмент" номинацид өрсөлдөгчдийн амжилтын үзүүлэлт өндөр байгаа нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг, үр ашигтай тоон үзүүлэлтүүдийг улам тодотгож байна.
"Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай, амжилттай ажиллахад олборлолт, борлуулалтын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн, үндсэн бүтээгдэхүүн борлуулах бодлогоо өсгөх, тогтвортой байлгах боломж бүрдүүлсэн, менежментийн зөв бодлого баримталсан нь голлон нөлөөлснийг шалгаруулагчид үзсэн байгаа юм.
Компани ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байна. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж байгаа юм. Одоогоор нүүрсний нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд үүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс юм. "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 2019 онд өнгөрсөн оны амжилтыг бататган үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулж, бусад дагалдах томоохон төслүүдийг хөдөлгөн ашигтай ажилласнаар цаашдаа 1072 хувьцаа эзэмшигч нэг иргэнд жилд 26800 төгрөг өгөх тухай биш үүнийг 5-10 дахин нэмэгдүүлсэн хэмжээний ногдол ашиг өгдөг компани болох боломжтой юм.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг хэлэхдээ "Дэлхийн 180 гаруй улс оронд эдийн засгийн онцлох үйл явдлыг түргэн шуурхай, үнэн бодитоор хүргэдэг энэ том байгууллагын хамгийн бодитай шалгаруулалтын эзэн болж, амжилтыг амжилтаар бататгаж, дэлхийд танигдсан нь бидний хамтын зүтгэл юм” гэсэн. Мөн тэрбээр "Татварын Ерөнхий газраас Монгол Улсын Үндсэн хуульд заасан татвар төлөх үүргээ хэрэгжүүлж 2018 онд төрийн алтан санд нийт 391 тэрбум 979 сая төгрөг төвлөрүүлж, татвар төлөлтөөрөө улсад хоёрдугаарт, ААНОТ-ын төлөлт болон хамгийн өндөр ашигтай ажилласан байдлаараа нэгдүгээрт эрэмбэлэгдсэн талархлын батламжийг гардан авлаа. Бидний амжилтад Засгийн газар, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам, Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс өгсөн оновчтой бодлого, дэмжлэг ихээхэн нөлөөлснийг онцолж байна” гэж байлаа.
Сэтгэгдэл ( 0 )