НҮБ-ын Ерөнхий ассамблейн ХДХВ/ДОХ-ын асуудлаарх дээд хэмжээний чуулган энэ сарын 6-8-нд болно. Чуулганд Эрүүл мэндийн сайд, ХДХВ/ДОХ-оос сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах үндэсний хорооны дарга С.Ламбаа илгээлт явуулахаар боллоо. Тэрбээр Монголд ХДХВ-ийн халдвартай төрсөн нэг ч хүүхэдгүй, баталгаагүй цус, цусан бүтээгдэхүүнээр дамжсан халдварын нэг ч тохиолдолгүй байлгахын төлөө ажиллаж буйгаа илгээлтэд дурджээ. Дэлхийн бусад улсад сүүлийн 10 жилд ХДХВ-ийн халдварт шинээр өртсөн хүмүүсийн тоо 20 хувиар буурчээ. Гэтэл Монголд сүүлийн зургаан жилд бүртгэгдсэн ХДХВ-ийн тохиолдлын тоо өмнөхөөсөө 17 дахин өссөн байна. Энэ нь манай улсын хүн амын дунд залуучуудын эзлэх хувийн жин өндөр, гадаад, дотоод шилжилт хөдөлгөөн тасралтгүй нэмэгдэж буйтай холбоотой аж. Манай улсад бэлгийн замаар дамжих халдварын тархалт өндөр байгаа нь ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлийг нэмэгдүүлэх болжээ. Иймд С.Ламбаа сайд монголчууд бэлгийн замаар дамжих халдварын тархалтыг зогсоож чадвал ХДХВ-ийн халдварын тархалтыг хянах боломж нэмэгдэнэ гэж үзэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )