Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хотын мэр Г.Мөнхбаярт “Маршал Хаус” хотхоны газрын зөвшөөрлийг цуцалж, барилгуудыг нь нураах шүүхийн шийдвэр гаргуулах хүсэлт, саналаа хүргүүлээд байна.
2007 оноос хойш хамгийн чимээгүй баригдаж, хамгийн өндөр өртгөөр зарагдаж эхэлсэн “Маршал Хаус” хотхоны эздийн хууль зөрчсөн үйлдэл хэрээс хэтэрчээ. Тэд анх 2007 онд аялал жуулчлалын чиглэлээр үйлчилгээ үзүүлнэ хэмээн туулын бургасан дунд газар авсан ч удалгүй том том хаусууд бариад эхэлсэн байна. Тус хотхоны газар дээр баригдсан хаусууд хот төлөвлөлтөнд ерөөсөө багтаагүй байхад барилгын ажил улам хүрээгээ тэлж, одоогоор тус хотхон 58 га газрыг хамарсан томоохон хороолол барихаар ажиллаж байна.
Өчигдөр өглөө буюу 6-р сарын 2-нд УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос томилсон Туул голын бохирдлыг судлах ажлын хэсгийнхэн газар дээр шалгалт хийхээр очиход “Маршал хаус” хотхоныхон үерийн даланг сэтэлж, зам гаргаж байхтай нь улаан цайм таарчээ. УИХ-ын гишүүн Ц.Сэдваанчиг, Д.Кёкүшюзан Батбаяр, хотын мэр асан Ц.Батбаяр нар болон БОАЖЯам, МХЕГ, Нийслэлийн байгаль хамгаалах газраас томилогдсон албан хүмүүс энэхүү үйл явдалтай нүүр тулж, нүд орой дээрээ гарсан аж.
“Маршал Хаус” хотхоны жинхэнэ эзэд нь Солонгос, Монголын томоохон бизнесменүүд байдаг гэж яригдаж байна. Тус хотхоны нэг метр квадрат нь 2500-5000 ам.долларын үнэтэй байдаг ажээ. Алтны уурхайн боссууд, зарим нэг төрийн албан хаагчид хуулийг гууль болгосон энэ хотхонд өндөр үнээр хаус худалдан авсан байна.
Туул голын бохирдлыг үлэмж ихээр нэмэгдүүлэхийн зэрэгцээ иргэдийн амь насыг эрсдэлд учруулаад байгаа “Маршал Хаус” хотхоны барилгыг зогсоож, хууль сахиулж чадах эсэхээ хотын дарга Г.Мөнхбаяр харуулах л үлджээ.
Б.Сараа.
Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )