Хар алт ба геополитик: Газрын тосны хямрал

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 24

Өнгөрсөн оны сүүлээс энэ сарын дунд үе хүртэл Брент маркийн газрын тосны фьючерс ханш 35 хувиар нэмэгдэж, нэг баррель нь 73 ам.долларт хүрээд байна. Газрын тосны фьючерс ханш нэмэгдэхэд техникийн болон сэтгэл зүйн саад болж буй зүйл бол үнэ. Өнөөдөр газрын тосны зах зээл дээр “Газрын тосны үнэ дахин нэмэгдэх үү” гэсэн асуултад хариулт өгөхөөр шинжээчид өөр өөрсдийн хувилбарыг дэвшүүлж байна. Газрын тосны үнэ өсөх хэд хэдэн урьдчилсан нөхцөл бүрдээд байна гэж ажиглагчид үзэж байна.

ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛТ ӨСӨЖ БАЙНА

Дэлхийн газрын тосны хэрэглээний 20 хувь зөвхөн АНУ-д ногдож байна. Тиймээс түүхий эдийн зах зээлийн оролцогчдын хувьд АНУ-ын газрын тос болон газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ тус салбарын гол баримжаа нь болдог  гэхэд хилсдэхгүй. Холбогдох статистик мэдээллийг долоо хоног бүр АНУ-ын эрчим хүчний яамны бүтэц болох Эрчим хүчний мэдээллийн агентлаг гаргадаг. АНУ-ын нөхцөл байдлыг статистик мэдээллийн үүднээс авч үзвэл боломжийн гэхээр байна. Одоогоор АНУ 472 сая баррель газрын тосны нөөцтэй байгаа нь 2017 оны намар тогтоож байсан дээд хэмжээтэй ойролцоо байна. ОПЕК-ийн мэдээллээс үзвэл, 2019 оны гуравдугаар сард дэлхийн газрын тосны нөөц 3.3 сая баррелиар нэмэгдсэн бөгөөд одоогийн байдлаар таван жилийн дунджаас 22.8 сая баррелиар өссөн дүн. Гэхдээ дэлхийн зах зээл зөвхөн статистикийн бодит мэдээллээс хамаардаг гэж ойлговол хэт ташаа болох нь мэдээж.  Дэлхийн эдийн засгийн төлөв байдал, геополитикийн янз бүрийн эрсдэлүүд энд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг.

Тэгвэл дэлхийн эдийн засгийн өнөөгийн байдлаас улбаалан өсөлт удаашрах хандлагатай байгаа бөгөөд улмаар нүүрсустөрөгчийн түүхий эдийн эрэлт буурах төлөвтэй байна. Үүнд олон улсын худалдааны дайн багагүй хувь нэмэр оруулж болж буй нь тодорхой юм.

Гэсэн хэдий ч Олон улсын эрчим хүчний агентлаг дэлхийн зах зээл дээрх газрын тосны эрэлт  хоногт 1.3 сая барреллээр нэмэгдэнэ гэсэн тооцоо гаргажээ. Энэхүү үнэлгээг мөн Газрын тос экспортлогч орнуудыг гаргаад байгаа билээ. Тодруулбал, ОПЕК дэлхийн газрын тосны эрэлт хоногт 1.21 сая баррель байна гэж үнэлсэн.

2018 онд хар алтны олборлолт дунджаар хоногт 100 сая баррель байсан бол энэ жил газрын тосны эрэлт ойролцоогоор 1.2-.1.3 хувьтай байх гэнэ. Дэлхийн зах зээлийн эрэлт өсөх нь нүүрсустөрөгчийн түүхий эдийн үнэд хэрхэн нөлөөлөх вэ? Энэ нь газрын тосны үнэ цаашид өсөхөд нөлөөлөх гол хүчин зүйлсийн нэг яахын аргагүй мөн. 2019 оны эхээр ОПЕК+ олон улсын хэлэлцээрт оролцогчид газрын тосны олборлолтын нийт хэмжээг 2018 оны аравдугаар сарын хэмжээнээс хоногт 1.2 сая баррелиар бууруулсан. Үүнийг дэлхийн газрын тосны өсөн нэмэгдэж буй хэрэглээтэй харьцуулснаар дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ 35 хувиар өссөн шалтгааныг тайлбарлаж болохоор байна.

Үүний сацуу газрын тосны үнийн дунд хугацааны өсөлт АНУ газрын тосны олборлолтыг дээд хэмжээнд хүртэл нэмэг­дүүлсэнтэй мөн холбоотой. 2019 онд тус улсын газрын тосны олборлолт хоногт 1.49 сая баррелиар нэмэгдэж, 12.45 сая баррель болно. Өөрөөр хэлбэр ОПЕК+ хэлэлцээрийн хүрээнд газрын тосны олборлолтын хэмжээг бууруулах чиглэлээр 21 улс орны гаргаж буй хүчин чармайлтыг сулруулж байна гэсэн үг. Гэсэн хэдий ч газрын тосны үнийг жил хагасын өмнө хүрч байсан дээд үнээс хол зөрүүгүй барьж чадаж байгаа.

ГЕОПОЛИТИКИЙН ЭРСДЭЛҮҮД

Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний биет хэрэглээг хэдхэн хоног, хэдэн долоо хоногийн дотор дэлхийн хэмжээнд бүхэл бүтэн хувиар нэмэгдүүлэх нь боломжгүй. Гэхдээ түүхээс үзвэл дэлхийн зах зээлийн нийлүүлэлтийн хэмжээ харьцангуй богино хугацаанд буурах тохиодол байдаг. Тийм ч учраас газрын тосны фьючерс ханш геополитикийн элдэв янзын эрсдэлд мэдрэг байдаг.

Дэлхийн зах зээл дээрх газрын тосны нийлүүлэлтийг эрс буюу хямрал үүсгэхүйц нэг сая баррель хүртэл бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх боломжтой орнуудад Иран, Ирак, Ливи, Саудын Араб ордог бөгөөд Венесуэл улс тодорхой хэмжээгээр үүнд багтана.

Венесуэлд сунжраад буй улс төрийн хямрал газрын тосны олборлолтыг дөрөвдүгээр сард хоногт 768 мянган баррель болтол нь буурахад хүргэсэн. Гэтэл тус улс хар алтны нөөцийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг.

Ливи улс хоногт 1.18 сая баррель газрын тос олборлож байна. Өнгөрсөн долоо хоногт Ливийн Үндэсний газрын тосны корпорацын тэргүүн Мустафа Саннала тус улсад өрнөж буй цэргийн ажиллагаанаас үүдэн газрын тосны олборлолтын хэмжээг хоногт 95 хувиар бууруулж болзошгүй байна гэнэ. Энэ бол амин чухал нэг сая баррелийн асуудал.

Үүнтэй зэрэгцэн Персийн буланд үүсээд буй нөхцөл байдал эрсдэлийг нэмэгдүүлж байна. Үүнд АНУ, Иран, Саудын Араб, Ирак гэх улсууд холбогдоод байгаа. АНУ Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээг чангатгасны дараа Лалын Бүгд Найрамдах Улс нүүрустөрөгчийг далд сувгаар дэлхийн зах зээлд нийлүүлнэ гэж мэдэгдсэн. Үүнээс өмнө тус улс өөрийнх эсрэг авч буй найрсаг бус арга хэмжээний хариуд Ормузын хоолойгоор дамжуулан далайн тээврээр нийлүүлж буй газрын тосны нийлүүлэлтэд саад тавих боломжтой гэж нэг бус удаа мэдэгдэж байв. Үүний дараахан дэлхийн хэвлэлүүдээр тус бүс нутагт хэд хэдэн газрын тос тээвэрлэгч онгоцонд хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан тухай болон Саудын Арабын хийн хоолой руу нисгэгчгүй нисдэг аппаратын тусламжтайгаар халдлага үйлдсэн тухай мэдээллүүд гарч эхэлсэн. Саудын Арабын зүгээс энэ бүх хэрэг явдалд Иран шууд бусаар холбоотой гэж буруутгаж байсан. Үүнтэй зэрэгцэн АНУ Персийн буланд Abraham Lincoln онгоц тээвэрлэгч тэргүүтэй долоогоос доошгүй тооны цэргийн усан онгоц татан байршуулаад байна. Түүнчлэн, Америкийн газрын тосны “Exxon Mobil” компани Иракийн өмнө хэсэг дэх газрын тосны ордод ажиллаж буй зарим ажилчдаа буцаан татаад байна. Үүнээс өмнө АНУ ихэнх дипломатуудаа тус улсаас эгүүлэн татсан билээ.

Энэ бүгдээс үзвэл Ойрх Дорнод дахь нөхцөл байдал ойрын үед улам хурцдах шинжтэй байна. Одоогийн байдлаар Саудын Араб, Иран, Ирак хоногт нийт 17 сая баррель газрын тос олборлож буй нь дэлхийн зах зээлийн нийт нийлүүлэлтийн 17 хувийг бүрдүүлж байна. Ормузын хоолойгоор дамжиж буй газрын тосны нийлүүлэлтэд саад учруулбал түүхийн газрын тосны нийлүүлэлтийг 20 хувиар бууруулж болзошгүй. Үүнийг бусад бүс нутгаас хийж буй нийлүүлэлтээр ч нөхөх боломжгүй юм.

Тиймээс геополитикийн заналхийлэл дэлхийн газрын тосны зах зээл дээрх хар алтны үнэд нөлөөлж буй чухал хүчин зүйл юм.

2019 оны зун Брент маркийн газрын тосны фьючерс ханш 80-85 ам.доллар хүртэл нэмэгдэх магадлал өндөр байна гэж шинжээчид болгоомжилж байна.

Хар алтны олборлолтоороо АНУ, ОХУ болон Саудын Араб дэлхийд тэргүүлдэг бол Хойд Америк, Ойрх Дорнод, Евразийн төв болон хойд хэсэг газрын тосны гол олборлогч бүс нутаг юм. Шингэн нүүрсустөрөгчийн их хэмжээний нөөц дэлхийн бусад бүс нутаг мөн адил бий. Гэхдээ одоогийн байдлаар газрын тосны үнэд дээр дурдсан бүс нутагт явуулж буй олборлолтын хэмжээний хэлбэлзэл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байна.

Мэдээж хэрэг газрын тос олборлодог улс орнуудын хувьд хар алтны үнийг өндөр байх нь ашигтай. Дээрээс нь ихэнх олборлогч улс орны эдийн засаг “хөгжиж буй” ангилалд багтдаг тул газрын тосны үнээс ихээхэн хамааралтай байдаг. Гэхдээ өндөр хөгжилтэй АНУ-ын хувьд бол байдал өөр. Газрын тосны үнэ хэт өндөр байх нь Хойд Америкийн аж үйлдвэрийн үйлдвэрлэлд хүндрэл учруулдаг. Үүнээс гадна автомашины түлшний үнийн асуудал энэ улсад улс төрийн өндөр ач холбогдолтой. Өнөөдөр АНУ нэг баррель Брент маркийн газрын тосны үнийг дунджаар 50-70 ам.долларт барих сонирхолтой байдаг. Энэ үүднээс АНУ-ын гадаад бодлого Иран, Венесуэл, ОХУ зэрэг газрын тос олборлогч томоохон улс орнуудын эсрэг хориг арга хэмжээ авах замаар дарамт, шахалт үзүүлэх далд санаа агуулж байна. Харин эсрэгээр, ОХУ, Саудын Араб газрын тосны үнийг өндөр байлгах сонирхолтой. Учир нь үүнээс эдгээр улсын төсөв, эдийн засгийн нөхцөл байдал хамаардаг. Хэдийгээр газрын тос олборлогч ихэнх улс орон ийм сонирхолтой байдаг ч газрын тосны үнэд улс төрийн болон эдийн засгийн хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаггүй тул идэвхгүй байр суурийг баримталдаг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top