Эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулсан нь энэ салбарын Үйлдвэрчний эвлэлийн зарим гишүүдийг бухимдуулж байх шиг байна. Хуулиар эмч нарт оногдуулах хариуцлагыг нэмэгдүүлэхийн тулд хэд хэдэн заалт оруулсан нь ийнхүү эсэргүүцэхэд хүргэжээ. Хэд хоногийн өмнөөс эсэргүүцлийн суулт хийхийг уриалсан Үйлдвэрчний эвлэлийнхэн өнөөдрөөс зарим улсын эмнэлэгүүдийн эмч нарт ажлаа хаяхыг уриалжээ. Шинэ хуулиар өвчтөний онош, өвчний түүх бичилтэд алдаа гаргасан эмч торгууль хүлээхээр болсон. Иймэрхүү хэд хэдэн заалт бий. Эдгээр нь эмчийн үүргээ биелүүлэхэд хүндрэл учруулаад байгаа хэрэг юм болов уу даа. Үйлдвэрчний эвлэлийнхэн иймэрхүү ойлголтоор ярьж, хуулийг шүүмжлэн, эцэст нь ажил хаях дээрээ тулж байгаа ажээ. Харин Эрүүл мэндийн сайд С.Ламбаа үүнийг эрс эсэргүүцэв. Тэрээр “Би энэ хуулийг маш чухал хууль брлсон гэж үзэж байна. Эмч нарыг боомилсон юм огт байхгүй. Хариуцлагатай эмч нарын хувьд энэ хууль ямар нэгэн бэрхшээлгүй. Харин хариуцлагагүй эмч, өргөсөн тангарагтаа үнэнч бус эмч нарт хатуудсан байж магадгүй” гэлээ. Тэгвэл Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дэд дарга Ч.Нарантуяа “Энэ хуулиар эмч нарт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин өсгөж торгууль оногдуулах болсон нь арай ахадсан зүйл. Бид Ерөнхийлөгчид хандан энэ хуульд хориг тавихыг хүссэн. Одоогоор хариу ирээгүй байна. Гэхдээ өнөөдрөөс улсын зарим эмнэлэгүүдэд очиж суулт хийж, ажил хаяна. Хөдөөгийн зарим эмч нар биднийг дэмжиж байгаа” гэв. Тангараг өргөсөн эмч хүн ажил хаях нь юу л бол доо. Ийнхүү уриалах нь ёс зүйд нийцэх эсэхийг хаа хаанаа бодох хэрэгтэй байх аа. Тэднийг өвчин зовлонд баригдсан олон түмэн хүлээж байгаа биз дээ. Гэтэл ажлаа хаяж, тангараасаа ухрах эрх бий билүү.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )