Өвөрмонголын авъяаслаг оюутнуудын тоглосон морин хуурын уянгалаг аялгуугаар эхэлсэн уг төгсөлтийн баярын ёслолын ажиллагаанд МУИС-ийн дэд захирал Р.Ринчинбазар, МХСС-ийн захирал Ж.Баянсан болон бусад багш оюутнууд оролцов. Монгол хэлний бэлтгэл курсээ амжилттай дүүргэсэн 15 орны 60 оюутанд гэрчилгээ олгож, мөн бакалаврын түвшинд суралцаж буй шилдгүүдэд батламж гардуулав. Мөн чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэлийг үеийн нөхдөөсөө илүү сайн сурсан БНХАУ-ын оюутан Гоу Юи Хуа, Японы оюутан Коно Каура, БНСУ-ын оюутан Ли Донг Хун нар шилдэг суралцагчийн өргөмжлөл гардав. Монголд сурч буй гадаад оюутнууд багш нартаа талархлаа илэрхийллээ. Бүтэн жилийн хичээл зүтгэлээ үнэлүүлсэн монгол хэлний бэлтгэл дамжааны төгсөгчдийн зарим нь үргэлжлүүлэн МУИС-д бакалаврын төвшинд суралцаж, зарим нь өөр мэргэжлээр монголын бусад их дээд сургуульд элсэж, зарим хэсэг нь эх орондоо очин улс үндэстнээ Монгол оронтой холбох гүүр болон ажиллах юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )