Тасалбарын үнээ нэмсэн жолооч, кондукторыг 20-30 мянгаар торгоно

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 03

Улаанбаатар хотын 56 чиглэлд үйлчилдэг том оврын автобусны 30 хувийг түлш ховордсон гэх шалтгаанаар компаниуд үйлчилгээнд гаргахаа больж, иргэд ч зогсоол дээр удаан хулээдэг болоод хэд хонож байна. Албан ёсоор унэ нэмэх шийдвэр гараагуй байхад өчигдрөөс ихэнх чиглэлийн автобус тасалбарын үнээ нэмж, том хүнээс 400, хүүхдээс 200 төгрөг авч эхэллээ. Энэ талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Тээврийн төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Лхагва-Очироос тодрууллаа.

-Зарим автобус зорчигчдоос 100 төгрөг нэмж төлөхийг шаардаж байна. Ингэхийг зөвшөөрсөн юм уу?

-Сүүлийн   үед   түлшний   хомсдол, үнийн хөөрөгдлөөс болоод том оврын автобус ачаалал их, алдагдалтай ажиллаж байгаа. Гэхдээ тасалбарын үнийг албан ёсоор нэмээгүй. Үнээ нэмэхээр иргэдэд ч их, ачаалал дарамт үүснэ. Үүнийг харилцан зөвшилцөж байж шийднэ. Хэрэв зөвшөөрөөгүй байхад илүү мөнгөөр үйлчилж байгаа бол Авто тээврийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой.

-Ямар хариуцдага хүлээлгэх вэ?

-Жолооч, кондуктор 20-30 мянган төгрөг, аж ахуйн нэгж 100-250 мянган төгрөгийн торгууль төлнө. Илүү мөнгө нэхсэн кондуктор, автобусны улсын дугаар чиглэлийг 321490,323176, 326352 дугаарын утсанд мэдээлэх хэрэгтэй. Мэдээллийн дагуу хариуцлага тооцно. Газрын тосны газраас өдөр тутмын шаардлагатай түлшийг энэ сарын 6 хүртэл нийлүүлэхээр болсон. Өдөрт дунджаар 49.6 тонн түлш авч байгаа.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top