Ардчилсан намаас зохион байгуулж буй “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” өнөөдөр /2019.05.30/ Сүхбаатарын талбайд 10:00 цагт эхэлнэ.
Жагсаалын талаар АН-ын дарга С.Эрдэнэ “АН-ын зүгээс сарын өмнө жагсаал цуглаан хийж, эрх баригчдад шаардлага хүргүүлсэн. Шаардлагын дагуу арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Үнийн өсөлтийг хязгаарлахад төрийн бодлого үгүйлэгдэж байна. Мах болон хүнсний өргөн хэрэглээний бараан үнэ өдрөөр биш, цагаар өсч байна. Тиймээс УИХ, Засгийн газарт хариуцлага тооцох хэрэгтэй. Мөн нийгэмд эрүүл мэндийн аюулын харанга дэлдэж байна. Нийгмийг хамарсан халдварт өвчин хэн хүнийг ялгахгүй нийгэмд аюул занал учруулж байна. Үүний эсрэг нийтээрээ тэмцэх шаардлагатай. Монгол Улсад өнөөдөр хуульгүй, шүүхгүй юм шиг авирладаг асуудал хэрээс хэтэрлээ. 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдын асуудал дарагдаагүй байхад 1.2 сая еврогийн авлига авсан хэргийн асуудал гараад ирлээ. ЖДҮХС-аас тэрбум тэрбумаар нь завшсан сайдуудын нэгэнд нь ч хариуцлага тооцсонгүй. Шударга ёсны билэг тэмдэг болж томилогдсон хуулийн байгууллагын шинэ удирдлагууд арга хэмжээ авахгүй байна. Концессийн 800 гаруй тэрбум төгрөгийн асуудал, хүчирхийлэгчийн асуудал, аллагатай холбоотой асуудал гээд олон асуудал шийдэгдсэнгүй.
“Эрдэнэт”-ийн асуудалд хэт улстөржсөн өнцгөөс хандаж байна. 51 хувийн асуудлаар хэн ч, юу ч ярихгүй байна. Татвар төлөгчдийн мөнгөөр эхний төлбөрийг хийгээд цаана нь ямар луйврын тохиролцоо хийсэн нь тодорхой бус, 40 сая ам.долларын зэсийн баяжмалыг зуучлагч компанид өгөх тохироо хийгдсэн дуулдаж байна. Хөөн хэлэлцэх хугацааны өөрчлөлтөөр “Эрдэнэт”-ийн асуудалд оролцсон эрхмүүдийн хөөн хэлэлцэх хугацаа ирэх жил дуусна. УИХ-ын гишүүдийн 50 нь ямар нэгэн хээл хахуулийн асуудалд холбогдчихоод байна. Энэ УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах битгий хэл үйл ажиллагаа явуулах эрхгүй. У.Хүрэлсүхийн Засгийн газар нийгэмд ямар ч бодитой бүтээн байгуулалт хийсэнгүй, нийгэмд шударга ёсны хэрэгжилтийг хангасангүй гэж АН үзэж байна. Тиймээс бид бүх ард түмний эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулна. Бид энэ удаад зөвхөн жагсаад зогсохгүй. Бүтэн сарын улс төрийн эсэргүүцлийн томоохон акц зохион байгуулахаа мэдэгдэж байна. Тэмцлийн тууштай хэлбэрт шилжинэ. Монголын ард түмнийг өмөөрч байгаа улс төрийн хүчин АН-аас өөр алга” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )