"Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал"-ын САЙН, МУУ

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

АН-аас өнөөдөр “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал”-ыг зохион байгууллаа. Жагсагчдын зүгээс, иргэдээ үнийн өсөлтөөр дарамталж, үр хойчоо халдварт өвчнөөр далайлгасан хариуцлагагүй, ёс зүйгүй Засгийн газрыг огцорч, УИХ-ыг нэн даруй тарахыг шаардаж буйгаа илэрхийлж байв. Мөн мах, бензиний  үнэ тэнгэрт хадаж, сургуулийн сурагчид сүрьеэ өвчинд нэрвэгдэж, иргэдийн амьдрал тартагтаа тулж яс буцалгаж өл залгуулж байна, хятадуудад 50 га газар өгч, Туулын бургасыг хядаж, Улаанбаатар хот өмхийндээ живж, хүүхэд, эмэгтэйчүүд хүчирхийллийн золиос болж, нийгэмд эмх замбараагүй байдал гаарч байгааг эсэргүүцэж байна гэж жагсагчид хэлж байлаа.

Сөрөг хүчний зүгээс УИХ-ын дарга Занданшатарт Засгийн газарт хариуцлага тооцож, огцруулах талаар тусгасан шаардлага хүргүүлсэн бөгөөд шаардлагын хариуг заасан хугацаанд өгөхгүй бол хариуцлага нэхэх эсэргүүцлийн жагсаал үргэлжлэх болно гэдгийг мэдэгдэж байв.

Үүнтэй зэрэгцэн жагсагчдыг шүүмжилж буй тал нэлээд байсан юм. Тодруулбал “Хариуцлага нэхэх сөрөг хүчний жагсаал” ард түмний биш АН-ынхны улс төр болоод өндөрлөж байна, С.Эрдэнэ намын даргынхаа байр суурийг хамгаалж үлдэхийн тулд халааснаасаа мөнгө гарган жагсаал хийж байна гэх ч хэсэг байв. Мөн МАНАН бүлэглэлийнхний зүгээс Засгийн газартай тохиролцоо хийх гэсэн шантааж гэсэн яриа ч цахим ертөнц болон улс төрийн хүрээнд яригдаж буй аж. Учир нь “Эрдэнэтийн 49 хувийн”  хэрэгт холбогдсон Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг болон АН-ын нөлөө бүхий улстөрчид болох Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Ч.Болорыг яллагдагчаар татаж, эхнээсээ баривчлагдан саатуулагдаад байгаа. Тиймээс цаг хугацааны хувьд давхцсан Худалдаа хөгжлийн банкны санхүүжилттэй гэгдэг энэхүү жагсаалын цаана “Эрдэнэтийн 49”-ийн хэргийг дарагдуулах, дээрх нэр бүхий хүмүүсээ сугалж авч үлдэх тохиролцоо байгааг үгүйсгэх аргагүй хэмээх хэсэг цөөнгүй байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top