Трампын мэдэгдлүүд ба Конгресстойгоо маргасан шалтгаан

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп сүүлийн өдрүүдэд гадаад бодлого, хууль бус цагаачлалын асуудал, худалдааны дайн зэрэг нэлээд хэдэн асуудлаар мэдэгдэл хийлээ. Түүнчлэн олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын Конгресс Ерөнхийлөгчийгөө хязгаарлах шалтгаан хайж байна, Доналд Трамп Конгресстойгоо маргасан гэх зэргээр бичих болжээ.

Саудын Арабд зэвсэг худалдах асуудал маргаан дагуулав

Америкийн сенатчид Саудын Арабд зэвсэг худалдах асуудлаар санал хураалт явуулах санаачилга гаргах хүсэлтэй байгаа аж. Уг тогтоолыг Конгресст Ардчилсан болон Бүгд найрамдах намын төлөөллүүд өгөх гэнэ. Өмнө нь Доналд Трамп бүрэн эрхээ ашиглаж, хууль тогтоогчдын зөвшөөрөлгүйгээр шийдвэр гаргах гэж байсан гэж тэд үзжээ. Тэгвэл одоо уг гэрээ төдийгүй Эр-Риядтай хийх зөвшилцөл Вашингтонд маргаан үүсгээд байгаа талаар шинжээч нар ярьж байна. Цагаан ордоны тэргүүн нөхцөл байдлаас бүрэн эрхээ ашиглан гарах гэж байгаа ч парламентчид түүний эсрэг байна гэж улс төр судлаачид үзжээ.

АНУ-ын сенатад хууль тогтоогчид Саудын Арабтай харилцаагаа эргэн харах хэрэгтэй гэж үзэж байгаа аж. Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар ийм хуулийн төслийг Конгресст Ардчилсан намын сенатч Крис Мерфи болон Бүгд найрамдах намын Тодд Янг нар өргөн барих гэнэ.

Парламентын гишүүд гадаадын улс орнуудад тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу Засгийн газраас Саудын Арабын хүний эрхийн байдлын талаарх тайлан гаргахыг хүсчээ. “Конгресс Саудын Арабтай бизнес эрхлэх арга замаа өөрчлөх хэрэгтэй. Түүнчлэн аюулгүй байдлын салбарт Саудын Арабтай харилцах харилцааны бүх асуудлуудыг авч үзэж, мөн гадаад бодлогын шийдвэрт конгрессийн үүргийг сэргээхийг хүсч байна” гэж сенатч Крис Мерфи мэдэгджээ. Тэрбээр мөн “Нэгдүгээрт, Ерөнхийлөгч Саудын Араб дахь хүний эрхийн төлөв байдлыг мэдээлэх шаардлагатай. Энэ тайланг гаргасны дараа бид АНУ, Саудын Арабын аюулгүй байдлын харилцааны асуудлаар санал хураалтад хүрч чадна” гэсэн байна.

Мерфи, Янг нарын санаачилгыг хамтран ажиллагсдын зүгээс зөвшөөрвөл парламентын гишүүд Трампын зөвшөөрөлгүйгээр хийх гэж оролдсон эдгээр хэлэлцээрийн хэрэгжилтийг хориглох, Саудын Арабтай батлан хамгаалах хамтын ажиллагааг зогсоох боломжтой болно. Шинжээч нарын тэмдэглэснээр Америкийн сенатчидын санаачилга нь Эр-Риядын эсрэг биш харин Ерөнхийлөгч Трампын эсрэг чиглэсэн байна. Улс төр судлаачдын үзэж байгаагаар “зөвхөн Ерөнхийлөгчийг хязгаарлахыг хичээх нь хамгийн тохиромжтой” аж.

“Хүний эрхийн асуудлыг шийдвэрлэх нь АНУ-ын үзэл суртлын хувьд маш чухал зүйл юм” гэж “RT” агентлагийн тоймч өгүүлжээ. Шинжээч нарын өгүүлж буйгаар сенатчидын санаачилга нь Трампыг шийтгэх арга аж.

Саудын Арабын тухайд, тус улсад одоо нөхцөл байдал хурцадмал байгаа гэхэд болно. Хусит босогчид өчигдөр агаарын цэргийн бааз руу халдах зорилгоор дрон нисгэжээ. Гэхдээ дроныг замд нь зогсоож чадсан байна. Дрон Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотоос холгүй Йементэй залгаа хилтэй ойролцоо орших хотыг чиглэж байжээ. Саудын Араб тэргүүтэй Персийн булангийн орнуудын цэргийн эвсэл 2015 оноос эхлэн хусит босогчидтой тэмцэж буй.

Бүтэшгүй зүйл

“The Hill” сонин хэдхэн хоногийн өмнө Цагаан ордон Мексикийн бараа бүтээгдэхүүнд ногдуулах татвараа нэмэх гэж байгаа талаар мэдээлсэн. Мөн Трампын Засгийн газар татвараа нэмэхэд конгресс саад хийж байна гэжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд Мексикийн бараа бүтээгдэхүүнд таван хувийн татвар ногдуулсан билээ. Хууль бус цагаачдын урсгалтай холбоотойгоор ийм шийдвэр гаргаж байгаагаа Доналд Трамп өөрөө мэдэгдсэн юм.

Трамп өчигдөр Мексикээр дамжин АНУ-ыг зорих цагаачдын тоог бууруулах 45 хоногийн хугацааг Мексикийн эрх баригчдад олгосон байна. Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрард бараа бүтээгдэхүүнд нь татвар ногдуулахаас сэргийлэхээр АНУ-ын талтай байгуулсан гэрээний асуудлаар мэдээлэл хийхдээ “Мексикийн хэрэгжүүлж буй цагаачдын урсгалыг бууруулах арга хэмжээнүүдийг долдугаар сарын дундуур үнэлнэ. Тухайн үед цагаачдын тоо буураагүй байвал бүс нутгийн шийдлийг эрэлхийлнэ” гэжээ. Тэрбээр АНУ болон Мексикийн төлөөлөгчид олон хоногийн турш “маш хүнд хэлэлцээ” хийсний үр дүнд өнгөрсөн баасан гарагт тохиролцоонд хүрснийг онцолсон байна.

АНУ Мексикээр дамжин тус улс руу ирж буй цагаачдын тоог “0” болгохыг хүсчээ. Гэхдээ энэ нь бүтэшгүй зүйл гэдгийг Мексикийн Гадаад хэргийн сайд хэлсэн байна.

Сонирхолтой зүйл болно

Түүнчлэн шинжээчдийн дүгнэж буйгаар Трамп өнгөрсөн сард бүрэн эрхээ Хятадтай хийх худалдааны дайнд ашиглажээ. Тэрбээр уржигдар “Японы Осака хотод энэ сарын сүүлчээр болох “Их 20”-ийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ, БНХАУ-ын худалдааны хэлэлцээнд ахиц гарахгүй бол Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахад бэлэн байна” гэсэн юм. “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Доналд Трамп, Си Жиньпин нар уулзаж магадгүй байгаа аж. Вашингтонд өнгөрсөн тавдугаар сард болсон АНУ, Хятадын худалдааны маргааныг зохицуулах хэлэлцээ амжилтгүй болсон билээ.

“Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг өсгөх эсэх асуудлыг шийднэ гэж АНУ-ын Ерөнхийлөгч ярьжээ. Түүний хэлснээр олон сонирхолтой зүйл болох аж. АНУ Хятадын 250 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулаад байгаа. БНХАУ АНУ-тай худалдааны яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхэд нээлттэй гэсэн боловч уулзалтын талаар дурдаагүй. Тэгвэл АНУ-ын хэвлэлүүд “Их 20”-ийн уулзалтын үеэр Доналд Трамп, Си Жиньпин нар оройн зоог барьж магадгүй талаар мэдээлжээ. Тэр ч бүү хэл Трамп Си даргыг Осакад ирэхгүй бол АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд нэмэлт татвар ногдуулахад бэлэн гэж “сүрдүүлсэн” байна.

АНУ, Хятадын Ерөнхийлөгч нарын уулзалт худалдааны дайн хурцдаад байгаа энэ үед маш чухал гэж ажиглагчид үзэж байна.

Ойрх Дорнодын нөхцөл байдал

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Японы Ерөнхий сайд Шинзо Абэтай Ойрх Дорнодын нөхцөл байдлын талаар утсаар хэлэлцсэн байна. Тэд мөн бүс нутгийн асуудлууд, Иран дахь нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцсон талаар Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Сүга мэдэгдэв. АНУ, Японы удирдагч нар 20 минут ярилцсан ч хэлэлцсэн асуудлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй аж.

Пентагоны төсөв Трампын хүссэнээр болсонгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ирэх 2020 онд батлан хамгаалах салбарынхаа зардлыг таван хувиар нэмж, 750 тэрбум ам.долларт хүргэх хүсэлтийг Конгресстоо тавьжээ. Тэрбээр мөн ирэх санхүүгийн жилд төсвийн алдагдлыг багасгахаар бусад яам, байгууллагуудын зардлыг таван хувиар бууруулахыг санал болгосон байна. Тэгвэл ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэх 2020 оны санхүүгийн жилд Пентагоны төсөв 733 тэрбум ам.доллар байх талаар Америкийн цэргийн ирэх оны төсвийн төсөлд дурджээ. Энэ нь Трампын хүссэн мөнгөн дүнгээс 17 тэрбумаар бага байна. Энэ төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Зэвсэгт хүчний асуудал эрхэлсэн хорооны дарга Адам Смит боловсруулжээ. Хуулийн төслийг одоо Конгрессын хоёр танхим батлах ёстой. Дараа нь гарын үсэг зуруулахаар Ерөнхийлөгч Доналд Трампад илгээх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top