Академич Чадраа Говьсүмбэр аймагт цөмийн хаягдал булах санал тавьж байжээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04

Цөмийн хог хаягдлын тухай шуугиан намжаагүй байна. Зургаан   хоногийн өмнө Ногоон намын нийслэлийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал хийж энэ талаар мэдээлж байлаа. Тэд гадаадын  цөмийн хаягдлыг Монголд булшилж болзошгүй гэж байв. Ялангуяа ойрын жилүүдэд Дорноговь аймгийн Чойрт бэлтгэл ажил нь эхлэх магадлалтай хэмээн хэлэхдээ эх сурвалжаа нууцалж байсан юм. Тус намын гишүүн Л.Сэлэнгэ “Төрийн өндөр албан тушаалтнууд ийм аюултай бизнесийг эрхлэх боллоо. Солонгос, Тайваны атомын цахилгаан станцын хог хаягдлыг Говьсүмбэр аймгийн Баянтал, Төв аймгийн Баянжаргалан, Хэнтий аймгийн Дархан суманд нууцаар булах төлөвлөгөөг хэлэлцэж эхэлсэн тухай мэдээлэл бий. Одоогоор тодорхой хэлэх боломжгүй байна” гэж байлаа. Тэгвэл үүний дараахан Дорноговь, Говьсүмбэр аймагт цөмийн хаягдал нууцаар авчраад булчихсан байгаа гэх мэдээллийн дагуу “Ногоон эвсэл” төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс газар дээр нь очиж шалган, нутгийн иргэдтэй уулзжээ. Энэ ажилд оролцсон Ногоон эвслийн тэргүүн О.Бум-Ялагч “Академич Чадраа гуай урьд нь Говьсүмбэр аймгийн зарим сумдаар явж иргэдтэй уулзахдаа цөмийн хаягдал булах, атомын цахилгаан станц барих талаар ярьж байсан юм билээ. Түүний энэ саналыг харин орон нутгийн захиргаа, иргэд нь хүлээн зөвшөөрөөгүй гэсэн. Эдгээр аймаг сумдын нутагт галт тэргээр цөмийн хаягдал тээвэрлэж аваачаад нууцаар булах боломж ч бараг байхгүй юм байна. Тиймээс манай орны зарим аймаг сумдад цөмийн хаягдал авчирч булах тухай яриа одоогоор бүрэн баталгаажаагүй байна” гэлээ. Гэвч академич Чадраа гуай атомын цахилгаан станц байгуулах боломжийн талаар судалж явсан уу, эсвэл цөмийн хаягдлыг булах бэлтгэл ажилд биечлэн оролцох гээд гүйж байв уу гэдэг нь  бүрхэг хэвээрээ үлдэж байна.
Х.Тулга
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал       





Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top