Уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 718.1 тэрбум төгрөгөөр өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 13

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  оны эхний таван сард урьдчилсан гүйцэтгэлээр 6.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 942.3 тэрбум төгрөгөөр өслөө. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 718.1 тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 620.0 тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 116.8 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлөв. Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл  тавдугаар сард 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 204.6 тэрбум төгрөгөөр өслөө. Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс тавдугаар сард 177.4 болж, өмнөх оны мөн үеэс 7.1 хувиар, өмнөх сараас 2.9 хувиар өсөж, өмнөх оны эцсээс 1.9 хувиар буурсан байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 2019 оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс цайрын баяжмал, зэсийн баяжмал, нүүрс, хайлуур жонш, буталмал чулуу, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний олборлолт 5.2-32.9 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт шар айраг, зүсмэл материал, вакуум цонх, хаалга, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз, барилгын модон хаалга, цонх зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.2 хувиас 2.7 дахин өсжээ.

Харин уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт молибдений баяжмал, газрын тос, алт зэрэг бүтээгдэхүүний олборлолт 0.3-20 хувь, боловсруулах аж үйлдвэрийн салбарт самнасан ноолуур, архи, хиаман төрлийн бүтээгдэхүүн, катодын зэс, малын тэжээл, адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 5.8-34.4 хувиар буурсан байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн оны эхний таван сард урьдчилсан гүйцэтгэлээр 8.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр өслөө. Нийт борлуулсан бүтээгдэхүүний 6.1 их наяд төгрөг буюу 73.3 хувийг гадаад зах зээлд борлуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top