Араасаа “Залууртай” Д.Зоригт сайдыг дахиад огцруулах талаар яригдаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04


Дизелийн түлшний хомсдолоос үүдээд улс орон даяар хямарлаа. Нийтийн тээврийн компаниуд шатахуунгүй болж, уул уурхай болон бусад бараг бүх компаниуд хаалгаа барихад хүрэх нь ээ. Дизель түлшээр ажилладаг машинтай хувь хүмүүс ч ажлаа зогсоохоос өөр аргагүй боллоо. Амьдрал ийнхүү барайж эхлэв. Шатахуун шаглагчид харин гаарч байна. Литр нь 1500 орчим төгрөгийн үнэтэй байсан дизель түлш 4000 хүртэл суга өслөө. Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан харин хэнэгч үгүй “Энэ бол зохимол хомсдол” гээд зогсож байна. Зохиомол биш гэдгийг бид бүгдээрээ харсаар байгаа. Хаа газар чоно борооноор гэгч л болдог. Тиймээс энэхэн гачаалыг далимдуулан түлшээ нөөцөлж амжсан зарим компаниуд шаглаж байна. Хомсдол хэдий удаан үргэлжлэх хэрээр тэд ялгаагүй л хоосорч таараа. Харин шатахууны үйлдвэртэй болох асуудал гурван жилийн өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэгдэж шийдвэр, зөвлөмж нь Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд очоод хав дарагдан хоцорсоныг дарга нар сая л ухаарч байх шиг байна. Үүнийг жирийн иргэн бүр яахан сонсох билээ. Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга нь одоо болохоор их л ам бардам “Шатахууны үйлдвэр барихад 1,5 жил хэрэгтэй” гээд  сууж байх юм. Үнэндээ бензин, дизель түлшний үйлдвэр байгуулахад тийм ч нарийн технологи шаарддаггүй бололтой. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид хоёр жижиг үйлдвэртэй болох боломж байсан юм байна. Даанч яам, газрууд нь санаа тавиагүй ажээ. Тиймээс УИХ-ын гишүүн З.Энхболд, Ш.Сайхансамбуу нар “Энэ Д.Зоригтыг араас залаад байдаг хүмүүс байдаг юм шиг байна. Заавал шатахуунаар Оросын хараат байхыг хүсээд байх шиг ээ” хэмээн эгдүүцжээ. Тэгээд  тэд Д.Зоригтыг ажлаа бүрэн хариуцаж хийгээгүй тул огцруулах саналаа УИХ-д оруулах нь зүйтэй гэж үзсэн байна. Удахгүй Д.Зоригт сайдыг УИХ-ын чуулганаар гурав дахь удаагаа авч хэлэлцэх бололтой. Түүний Хятадаас авахаар ярьж тохирсон түлш нь нэлээд өндөр үнээр борлуулагдана гэнэ. Оросууд гэрээ ёсоороо нийлүүлэх түлш шатахуунаа хэзээ манайд нийлүүлэх нь өнөөдрийн байдлаар бас тодорхой бус ажээ.   

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top