Орос, Монгол, Хятадын НЭГДСЭН СОНИРХОЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 19

Киргизийн нийслэл Бишкек хотод энэ сарын 13-14-нд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтаар нийт 21 баримт бичигт гарын үсэг зуржээ. Мөн ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагч нар уулзалтын дүнд тунхаг бичиг баталсан юм. Хуралдаанаар Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын 2018-2023 оны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, “ШХАБ-Афганистан” холбоо тогтоох бүлгийн цаашдын үйл ажиллагааны замын зураг, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарт НҮБ-тай хамтран ажиллах тухай баримт бичиг зэрэг гэрээг баталжээ.

ШХАБ-ыг даргалах эрх ОХУ-д шилжиж, талууд дараагийн дээд хэмжээний уулзалтыг 2020 оны долдугаар сарын 22-23-нд Челябинск хотод зохион байгуулахаар тохиролцсон юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос, Монгол, Хятад улсын тээврийн дэд бүтцийн уялдаа холбоог нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарт хэлжээ.

ОРОС, МОНГОЛ, ХЯТАДЫН ТЭЭВРИЙН ДЭД БҮТЦИЙН УЯЛДААГ САЙЖРУУЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙНА

Гурван улсын удирдагчийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл нь бүс нутгийн тээврийн дэд бүтцийг сайжруулах явдал юм гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч онцлоод “Бид гурван улсын уялдаа холбоог нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүн, хөрөнгө, үйлчилгээний хил дамнасан чөлөөт хөдөлгөөнийг бий болгох сонирхолтой байна. Улаанбаатар төмөр замд тулгуурлан тээврийн зурвасыг шинэчлэх төлөвлөгөө нь онцгой ач холбогдолтой гэж бид үзэж байна” гэжээ. Талууд мөн дамжин өнгөрөх тээврийн гол замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа аж. “Олон улсын авто тээврийн тухай гурван талын хэлэлцээрийг хэрэгжүүлэх нь дамжин өнгөрөх хүчин чадлыг бүрэн дүүрэн ашиглах боломж олгоно. Өмнө нь байгуулсан баримт бичгийн ачаар “Орос, Хятад болон Монголын жолооч нар, ачаа тээвэрлэгчид хялбаршуулсан журмаар хилээр нэвтрэх, гурван улсын нутаг дэвсгэрээр улсынхаа бичиг баримт болон бүртгэлийн тэмдэгтэй явах боломжтой болсон” гэж Путин хэлсэн байна.

Түүнчлэн ОХУ нь Монгол болон Хятадын эрчим хүч дутагдалтай бүс нутгуудад эрчим хүч тасралтгүй нийлүүлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мөн дээд хэмжээний уулзалтын үеэр тусдаа уулзалтууд хийжээ. Тэрбээр Монгол, Хятадын Ерөнхийлөгч нартай гурван талын уулзалт хийсэн бол Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханитай мөн уулзсан байна. Тэрбээр Бишкекийн айлчлалынхаа дараа Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх зөвлөгөөний дээд хэмжээний уулзалтад оролцохоор Тажикстаны нийслэл Душанбе руу явжээ.

АЖИГЛАГЧ ОРНУУДЫН УДИРДАГЧИДТАЙ ХУРАЛ ХИЙВ

ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид ажиглагчийн статустай Монгол, Афганистан, Беларусь болон Ираны Ерөнхийлөгч нарын хамт өргөтгөсөн хурал хийв. Уг хуралдаанд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гүйцэтгэх хорооны дарга, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон Евразийн эдийн засгийн комиссын зөвлөлийн дарга зэрэг олон улсын хэд хэдэн байгууллагын төлөөлөгчид мөн оролцжээ. Хурлаар дэлхийн аюулгүй байдал болон бүс нутгийн тогтвортой байдлын асуудлуудыг хэлэлцсэн байна.

БИШКЕКИЙН ТУНХАГЛАЛ

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын дараа гишүүн орны удирдагч нар Бишкекийн тунхаглалд гарын үсэг зуржээ. Тунхаглалд ШХАБ-ыг цаашид өргөжүүлэх талаарх талуудын байр суурийг тусгасан байна. Баримт бичигт мөн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлуудаар санал нэгдсэн үнэлэлт дүгнэлтийг тусгажээ. Мөн олон нийтийн хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын гэрээ, тоон мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт хамтран ажиллах үзэл баримтлал, “ШХАБ-Афганистан” холбоо тогтоох бүлгийн цаашдын үйл ажиллагааны замын зураг, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай харилцан ойлголцох санамж бичиг, мөн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газартай болон Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурав.

ШХАБ БА МОНГОЛ УЛС

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. ШХАБ байгуулагдаж буйг БНХАУ, Казахстан, Киргиз, ОХУ, Тажикистан, Узбекистан улсын удирдагч нар 2001 оны зургаадугаар сарын 15-нд Шанхай хотод зарлан тунхагласан. Улмаар ШХАБ-ын дүрмийн баримт бичигт 2002 оны зургаадугаар сард гарын үсэг зурснаар 2003 оны есдүгээр сарын 19-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Узбекистан улсаас бусад таван орон нь 1996 оны дөрөвдүгээр сарын 26-нд Шанхай хотод байгуулагдаж байсан “Шанхайн тав” бүлгэмийг бүрдүүлж байв. Харин 2017 онд Казахстаны Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан улс зургаадугаар сарын 9-ний өдөр бүрэн эрхт гишүүнээр элсчээ.

Монгол Улс ШХАБ-ын ажиглагчийн статусыг 2004 онд Ташкент хотод болсон уулзалтын үеэр авсан юм. Манай улс энэхүү байгууллагын анхны ажиглагч орон болж байв. Харин 2005 оны долоодугаар сард Астана хотод болсон ШХАБ-ын уулзалтын үеэр БНЭУ, Пакистан, Иран улс ажиглагчийн статустай болсон байдаг. 2005 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар ШХАБ-аас жил бүр зохиодог өөр өөрсдийн түвшний уулзалтуудад оролцсоор иржээ. Монгол Улс бүс нутгийн улс төр, эдийн засгийн хамтын ажиллагааны үйл явцад оновчтой оролцох бодлогынхоо хүрээнд ШХАБ-ыг Төв Азийн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзсээр иржээ. Манай улс ШХАБ-тай тохиролцсоны дагуу Ажил хэргийн Зөвлөлийн ээлжит хуралдааныг анх удаа ажиглагч оронд буюу Улаанбаатар хотод 2010 оны эхээр зохион байгуулж байв.

2007 он гэхэд ШХАБ нь 20 гаруй том хэмжээний төслийг тээвэр, эрчим хүч, харилцаа холбооны салбарт санаачилж, гишүүдийнхээ дунд аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад харилцаа, эдийн засаг, соёл, банкны салбарын асуудлаарх уулзалтыг тогтмол зохион байгуулжээ.

ШХАБ БА НҮБ

ШХАБ нь 2004 онд НҮБ-тай харилцаа тогтоосон билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейд ажиглагчийн үүрэгтэй оролцдог. ШХАБ Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлтэй 2005 онд, Зүүн Өмнөд Азийн холбоо буюу АСЕАН-тай 2005 онд, Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагатай 2007 онд, Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай 2007 онд, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх газартай 2011 онд, Ази дахь харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх бага хуралтай 2014 онд, НҮБ-ын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисстой 2015 онд тус тус харилцаа тогтоосон. 2017 оны байдлаар ШХАБ-ын найман бүрэн эрхт гишүүн орон дэлхийн хүн амын тал, дэлхийн ДНБ-ий дөрөвний нэг, Евразийн хуурай газар нутгийн 80 хувийг бүрдүүлж байжээ.

ШХАБ нь гишүүн улсуудынхаа буюу Төв Азийн аюулгүй байдалтай холбоотой асуудлуудад гол ач холбогдол өгч ажилладаг. Энэ бүсэд голлох аюул занал нь терроризм, салан тусгаарлах болон хэт үзэл. Гэхдээ сүүлийн үед тус байгууллагын гишүүн орнуудынхаа нийгмийн асуудалд чиглэсэн үйл ажиллагаа хурдацтайгаар идэвхжиж байгаа аж.

Түүнчлэн ШХАБ-аас кибер дайныг хүний оюун ухаан, ёс суртахуун, соёлын ба бусад хэм хэмжээнд хортой мэдээлэл тараах нь аюулгүй байдалд заналхийлсэн алхам болно гэв. Мөн нэг улс нөгөөгийнхөө улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцоог сулруулах гэсэн оролдлогын нэг хэлбэр гэж тодорхойлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top