Э. Одгэрэл: Би тийм ч нээлттэй хүн биш

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 04

 

 Топ   модель Э.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр SBN, NTV, "Боловсрол суваг" телевизийн хамтран зохион байгуулж буй "Авьяаслаг монголчууд" шоуны шүүгчээр ажиллаж буй.

"Авьяаслаг монголчууд" шоуг шүүх саналыг хэн танд тавив. Яагаад энэ саналыг хүлээж авсан бэ?

-Шүүгчээр ажиллаач гэсэн санал ирэхээс өмнө телевизээр шоуны тухай мэдээлэл авч байсан. Гурван телевиз хамтран ажиллана гэдэг нь надад сайхан санагдсан. Өмнө нь телевизүүд томоохон төсөл дээр ингэж хамтарч байсныг санахгүй байна. Бас шоунд оролцогчдод ямар нэг шалгуур, босго тавиагүй, өөрийгөө авьяастай гэж бодсон хүн бүрт нээлттэй, шагналын сан өндөр гэдгийг сонсоод "Сонирхолтой шоу болох нь" гэж үзэгчийн хувьд бодож байлаа. Гэтэл надтай гэрээтэй ажилладаг "Гоёо" компаниас "Энэ шоуны шүүгчээр ажиллаач" гэсэн санал тавьсан. Үнэнийг хэлэхэд энэ саналыг сонсоод чадна гэсэн итгэл төрөөгүй. Хувь хүнийхээ хувьд би тийм ч нээлттэй хүн биш. Баяр гуниг, аливаа зүйлд түрүүлж дуугардаггүй, сэтгэл хөдлөлөө тэр бүр ил гаргаад байдаггүй. Ер нь дуугүй талдаа болохоор энэ зангаасаа болоод хамгийн түрүүнд эмээх сэтгэл төрсөн.

-Шоуны шалгаруулалтын үед та тийм ч дуугуй хүн шиг харагдаагүй дээ?

-Шүүх явцад өөрийнхөөрөө байж чадсан. Үүнд оролцогчдын сэтгэл хөдлөл, хөгжилтэй байдал нөлөөлсөн байх. Шоуны шүүгчээр хамт ажилласан найруулагч Б.Баатар, дуучин Д.Болд нар надад их түшиг болсон.

-Олон янзын авьяастнууд ирсэн. Тэднийг зөв шүүж чадсан гэдэгтээ итгэлтэй байна уу?

-Маш олон төрлийн авьяастнууд ирсэн. Бүжигчин гэхэд л ардын, орчин үеийн, цэнгээнт, сонгодог гэх мэтчилэн байсан. Нэг хүн тэр бүгдийг бүрэн мэднэ гэж байхгүй. Ямар ч мундаг хүн мэдэх зүйлээ л мэдэхээс бүгдийг мэдэхгүй. Би энэ шоуг шүүхдээ тухайн хүнд авьяас байна уу гэдгийг голлон харж, "Хэрэв би үзэгч байсан бол" гэсэн байр сууринаас хандсан. Надад таалагдвал үүнийгээ хэлж, сэтгэл хөдлөлөө өөрийнхөөрөө илэрхийлсэн. Өөрийнхөөрөө л шүүсэн. Гурван шүүгч шилдэг 15 оролцогчийг шалгаруулсан. Тэднээс хэн нь ялагч болохыг үзэгчид шүүнэ шүүдээ.

-Мэргэжлийн болон мэргэжлийн бус хүмүүс хоорондоо өрсөлдөх нь хэр оновчтой вэ. Мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн хүмүүстээ дарагдах юм биш үү?

-Үүнд нэг их асуудал байхгүй болов уу. Мэргэжлийн ур чадвар бус, байгалиас заяасан авьяас байна уу, үгүй юү гэдгийг л харсан. Дэлхийн алдартай шоунуудад оролцсон авьяастнууд мэргэжлийн хүмүүсийг даваад тухайн улсдаа бүү хэл, дэлхийн хэмжээний од болдог шүү дээ. Тэгэхээр үүнд санаа зовох зүйл байхгүй.

-Үзэгчдэд таалагдсан оролцогчийг тэнцүүлээгүй тохиолдол нэлээд гарсан уу?

-Манай шоу үзэхийг, оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй шүү дээ. Нэгдүгээр шатнаас эхлээд оролцогчид найз нөхөд, хамаатан саднаа авчирч хөгжөөн дэмжүүлэх боломж бүрэн байсан. Тийм болохоор оролцогчийг дэмжихээр ирсэн хүмүүсийн хандлагаар шүүх боломжгүй.

-Зарим үед Б.Баатар найруулагч Д.Болд, та хоёрын шүүлтийг шүүмжилж бухимдаж байгаа харагдсан. Санал зөрөх зүйл олон байв уу?

-Санал зөрөх зүйл байсан шүү. Үзэгчдэд ил байсан эхний шатуудын санал зөрөлдөөн бол харин ч гайгүй нь. Сүүлчийн шатны шалгаруулалтад шилдэг 15 оролцогчийг тодруулахад бүр их санал зөрсөн. Оролцогчид үнэхээр сайн байсан болохоор хасахад хэцүү байлаа. Гэхдээ бидний зорилго нэг болохоор шүүлт зөв болсон гэдэгт итгэж байна.

-Тэгвэл гурван шүүгчийн санал нэгтэйгээр дэмжсэн ямар үзүүлбэр байв?

-Бид язгуур урлаг, Монголын бахархал болсон уран нугаралтаа санал нэгтэйгээр дэмжсэн. Дэлхий даяараа үндэсний соёл урлаг, өөрийн гэсэн зүйлээ хадгалж үлдэх, хөгжүүлэхийн төлөө зүтгэж байна. Монголчууд бид ч гэсэн өв уламжлалаа хадгалж, дэлхий дахинд Монголынх гэж дуудуулах сайхан зүйлийг дэмжих ёстой. Үүнд бид гурав санал нэгдэж байсан. Манай язгуур урлаг, үндэсний өв соёл дэлхий нийтийн анхаарлыг татдаг. Саяхан сэтгүүл харж байтал "Кристиан Диор"-ын Жон Галиано 2011 оны загвартаа монгол эхнэрийн дээлийн элементийг оруулсан байна билээ.

-Телевизүүдээр гарч байгаа шоу нэвтрүүлгийг олны танил хүмүүс шүүж, тэднийг хооронд нь харьцуулах явдал их байдаг. Та тэр шүүгчдээс, өөрийгөө юугаараа ялгаатай болон давуу гэж бодож байна вэ?

-Би өөрийгөө тийм, ийм гэж хэлж чадахгүй. Өөрийнхөөрөө байгаагаараа л байсан. Тухайн үед мэдэрснээ л гаргасан. Хувь хүнийхээ хувьд бусдаас илүү байна уу, дутуу байна уу гэж бодож байсангүй. Би энэ шоунд шүүгчээр оролцсондоо их баяртай байгаа. Монгол бахархлын төлөө нэгдсэн энэ том үйл ажиллагаанд миний хувь нэмэр өчүүхэн ч гэсэн орж байгаа нь сайхан хэрэг. Оролцогчид маань хичээл зүтгэлтэй байсан нь сайхан санагдсан.

-Шоу хэр амжилттай болно гэж бодож байна вэ?

-Энэ шоунд маш олон хүний сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн. Дунд нь ажиллаж байгаагийн хувьд ч, үзэгчийн хувьд ч ийм олон хүний хөдөлмөрийг талаар өнгөрүүлэхгүй үнэхээр сайхан үр дүн гарна гэдэгт зуун хувь итгэлтэй байна.

-Аливаа ажлыг хийхэд хүнд туршлага, сургамж үлддэг. Энэ шоуг шүүснээр танд ямар туршлага үлдэв?

-Өмнө нь хийж байгаагүй сонирхолтой зүйлд хүч сорьсон нь надад сайхан байлаа. Ямар ч байсан өөрийнхөөрөө байж чадсан. Тус тусынхаа салбарт нэр хүндтэй, хийсэн зүйлтэй сайхан хүмүүстэй хамтарч "Авьяаслаг монголчууд" шоуны шүүгчээр ажилласандаа үнэхээр баяртай байгаа. Бид гар нийлсэн сайн хамт олон байж чадсан.

-Таны яаж шүүх, юу хэлэхийг харах гэж олон хүн энэ шоуг сонирхох байх даа?

-Би олон нийтийн өмнө ярьдаг ажил мэргэжилтэй хүн биш. Ёр нь юманд түрүүлж дуугараад байдаггүй. Миний үндсэн ажил, өнөөгийн хийж буй ажил маань эсрэг тэсрэг болохоор хүмүүс Одгэрэл яаж шүүх бол, оролцогчдод ямар үнэлгээ өгөх бол гэж сонирхож байж болох юм. Энэ бол байх л үзэгдэл.

-Та зүүж байсан ороолтоо оролцогч охинд бэлэглэсэн. Яагаад тэгсэн юм бэ?

-Тэр өдөр “Гоёо" компани "Таны сэтгэлд нийцсэн хүн байвал бэлэглэж болно шүү" гээд надад ороолт өгсөн. Тэгээд тэрийг нь нөмрөөд сууж байтал оролцогч Ц.Янжинлхам нэг өгүүллэг уншсан юм. Тэрийг би охинтойгоо хамт уншиж байснаа санаад сэтгэл их хөдөлсөн. Охин бид хоёр "Сургамжит өгүүллэгүүд" гэдэг номыг дахин, дахин уншсаар бүр цээжилчихсэн. Миний охинтой нас чацуу түүнийг хараад сэтгэл их хөдөлсөн. Тэгээд л ороолтоо бэлэглэсэн.

-Та оролцогчдод их зөөлөн хандаж, урам өгч байсан. Та ер нь найрсаг хүн үү?

-Хамаг авьяас чадвараа дайчилж, өчнөөн хоног бэлдэж, тэр холоос зорьж ирсэн хүнд “Та тэнцсэнгүй, хасагдлаа" гэж хэлэх хэцүү юм билээ. Тийм үед эмэгтэй хүнээс өөрийн эрхгүй өрөвч зөөлөн сэтгэл гардаг юм байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top