Эдийн засгийн салбарт өнөөдөр өрнөж буй үйл явцууд маргаашийн өнгө төрх, нөхцөл байдлыг тодорхойлно. Өнгөрсөн өдрүүдийн тухайд ОУВС болоод Дэлхийн банкны аль аль нь манай улсын талаарх шинэ дүгнэлтүүдээ дуулгасныг тодотгох нь зөв биз ээ. Тэдний байр суурийг тухайлан хүргэхээсээ өмнө анхаарал татсан үйл явдлуудыг эргэн харъя.
АНХААРАЛ ТАТСАН ҮЙЛ ЯВДЛУУД
ОУВС: ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХҮРТЭЭМЖГҮЙ БАЙНА
Орших уу, эс орших уу гэдэг дээрээ тулчихсан хүндхэн үедээ тэднээс тусламж авсныг ОУВС-гийнхан дахин бидэнд албан ёсоор санууллаа. Тус сангийн Ажлын хэсэг манай улсад зургаадугаар сарын 19- 28-ны өдрүүдэд ажилласныхаа дараа хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн юм. Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаадугаар шатны үнэлгээг эцэслэх асуудал хүлээгдсэн хэвээр байгааг мэдэгдлээ. Банкны салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний гүйцэтгэлийн мэдээлэл одоогоор хангалтгүй байна гэж тэд үзэж байна. Активын чанарын үнэлгээний хүрээнд банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн байдалд аудит хийж дуусах хэрэгтэй аж. Мөн банкууд өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх шаардлагыг бүрэн хэрэгжүүлж буй эсэхэд Төв банкнаас хяналт, шалгалтыг сайтар хийх ёстой гэж тооцож буй аж. Тэгэхээр эхний ээлжинд банкны салбар дахь үүрэг амлалтуудаа манай улс сахин биелүүлэх ёстой байна. ОУВС-гийн Ажлын хэсгийн зүгээс манай эдийн засагт дараах үнэлэлт, дүгнэлтийг өглөө.
Монгол Улс эдийн засгийн эрсдэл даах чадвараа бэхжүүлэх чиглэлээр ихээхэн ахиц гаргаж, эрх баригчид эдийн засагт гарсан нааштай өөрчлөлтийг зохистой ашиглаж, Засгийн газрын тодорхой өрийг барагдуулж, гадаад валютын нөөцийг сэргээн нэмэгдүүлснийг сангийн зүгээс онцолсон. Гэхдээ энэ нь бүрэн сэргэлт биш гэдгийг, эрсдэл биднээс холдоогүй гэдгийг мөн санууллаа. Эдийн засгийн буфер буюу хамгаалалт нь томоохон шокийг даван туулахад хүрэлцэхээргүй, гадаад орчны өөрчлөлтөд хэт мэдрэг хэвээр байна. Хэдийгээр эдийн засаг сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж байгаа ч ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгааг хэллээ. Түүнчлэн эдийн засагтаа хамгаалалт, дархлаа тогтоох чиглэлд анхаарч, бүтцийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх замаар өнөөг хүртэл хүрсэн үр дүнгээ цаашид ч улам өсгөх, баталгаажуулахыг тэргүүлэх зорилт болгох ёстойг сануулав. Эдийн засгийн өсөлтийг тогтвортой, хүртээмжтэй, ногоон болгоход санхүүгийн секторын шинэчлэлийг хэрэгжүүлэх, засаглалыг сайжруулах, хөдөө аж ахуйн бодлогыг шинэ түвшинд гаргах нь чухал ач холбогдолтой гэж байна. Ажлын хэсгийн зүгээс хэлж ярьсан мэдээллүүдээс хүргэхэд “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн түвшин 2016 оноос хойш огцом сэргэлээ. Хоёр жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол Улсын эдийн засаг мэдэгдэхүйц хүчирхэг болж чадлаа. Татварын орлого эрс нэмэгдэж, төсвийн зардлыг харьцангуй хязгаарласны үр дүнд төсвийн нийт алдагдлын хэмжээ ДНБ-ий 18 хувьтай тэнцэх хэмжээнд хүрч сайжран, Засгийн газрын өрийн хэмжээ 13 хувиар буурч, ДНБ-ий 75 хувь боллоо. Гадаад секторын хувьд Монголбанк экспорт, гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс сайжирсан өөрчлөлтийг ашиглан гадаад валютын цэвэр нөөцийн хэмжээг 2016 оны эцсээс гурван тэрбум ам.доллараар нэмэгдүүлж чадлаа. Гэвч эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байж чадахгүй байгааг өрхийн өрийн дарамт нэмэгдэж, ядуурлын түвшин дорвитой буурахгүй байгаагаас ажиглаж болно. Эрдэс баялгийн түүхий эдийн эрэлт, зээлийн өсөлт буурахтай зэрэгцэн эдийн засгийн өсөлт саарах хандлагатай байна. Гэхдээ одоогийн бодлогыг хэвээр үргэлжлүүлэхэд эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломж болон буурах эрсдэлийн аль аль нь байна. Монгол Улсын эдийн засгийн суурь сул байгаа нь гадаад орчны нөлөөлөлд шууд өртөмтгий болгож байна. Мөн түүнчлэн эдийн засгийн цаашдын төлөв нь сонгуулийн мөчлөгийн үеэр төсвийн болоод мөнгөний бодлогын сахилга батыг хэр сайн үргэлжлүүлэн сахихаас хамаарна гэлээ. Өнгөрсөн хугацаанд Монгол Улсад тулгарч байсан хямралууд нь гадаад шок болон тогтвортой бус буюу төсөв, мөнгөний зөөлөн бодлогыг хавсарч байснаас үүдэлтэй. Улмаар Засгийн газрын өр нэмэгдэж, валютын нөөц багасаж, төгрөгийн ханш суларсан. Түрүүн хэлсэнчлэн сүүлийн үед тодорхой ахиц гарсан ч Монгол Улсын эдийн засаг өмнөхтэй төстэй дарамт тулгарахад даваад гарах чадамжтай болоогүй байна. Төсөв, мөнгөний сахилга батыг сайтар сахиж, төсвийн зардлыг эрүүл мэнд, нийгмийн хамгааллын салбарт түлхүү чиглүүлснээр ядуурлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг нийт олонд хүртээх чиглэлд үр дүн гаргах болно гэв.
ДЭЛХИЙН БАНК: ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ТУСГАЙЛАН АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
Дэлхийн Банкнаас манай улсын төсвийн сахилга баттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. “Төсвийн зардлын тойм судалгаа: Өрийн дарамтгүй, тогтвортой бөгөөд хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгох нь” хэмээх шинэ тайландаа тогтвортой бөгөөд хүртээмжтэй өсөлтөд чиглэсэн төсвийн бааз, суурь, бодлогоо улам бэхжүүлэхийг зөвлөжээ. Мөн урт хугацааны хөгжил, ядуурлыг бууруулахад чухал хувь нэмэр оруулдаг гол салбарууд болох эрүүл мэнд, боловсролын салбарт тусгайлан анхаарахыг санууллаа.
Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев “Өр өндөр түвшинд хүрсэн, татварын түвшин бага, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт олон байгаа нь Монголын эдийн засаг нь гадаад эрэлт, түүхий эдийн үнэ, валютын ханшийн өөрчлөлт, хүүгийн огцом өсөлт зэрэгт эмзэг хэвээр байна. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлэх замаар төсвийн нөөц боломжоо хангалттай бий болгох нь зүйтэй” гэж байсан. Төсвийн хөрөнгө оруулалт 2010-2016 оны хооронд дунджаар ДНБ-ий 11 хувьтай тэнцэж байсан нь глобал түвшинд өндөрт тооцогдож байв. Гэвч хөрөнгө оруулалтын төслүүдийн сонголт хангалтгүй, хэрэгжилт удааширдаг, зардал төлөвлөснөөс өндөр хувиар хэтэрдэг, засвар үйлчилгээний төсөв хангалтгүй байсан зэргээс хөрөнгө оруулалтын үр ашиг сул байж ирсэн.
“Энэхүү тайланд Монгол Улс төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгаа сайжруулахын зарим зөвлөмжийг оруулсан. Улсын хөрөнгө оруулалтуудын үр ашгийг сайжруулах үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө, зураглал гаргаж, хэрэгжүүлэх нь нэн чухал юм” гэж Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч, тайланг голлон удирдаж ажилласан ноён Жийн-Паскаль Нгану онцлов.
Төсвийн орлого тогтворгүй байгаа өнөөгийн орчинд төсвийн орлогын уул, уурхайн салбараас хамаарах хамаарлыг бууруулах, орлогын шаталсан системийг аажмаар нэвтрүүлэхийг мөн тайланд зөвлөжээ. Тухайлбал, татварын хувь хэмжээ бусад орнуудтай харьцуулахад доогуур байгааг эргэн харах, татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийн тоо, хэмжээг анхаарах замаар татварын бааз суурийг өргөтгөх зэргийг дурдаж болно. Мөн НӨАТ болон онцгой албан татвар нь хүн амын ядуу бүлэгт илүү дарамт үзүүлэх хандлагатай байгааг мөн онцолжээ. Бас нэг онцолсон асуудал бол төсвийн цалингийн зардал байв. Цалингийн зардлын төсөвт үзүүлэх дарамт нь хурдан өсөж, төсвийн урсгал зардлын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг болж байна гэлээ. Дэлхийн банкны улсын салбар хариуцсан мэргэжилтэн, тайланг хамтран удирдан ажилласан Д.Бадамчимэг хэлэхдээ “Төрийн албан хаагчдын цалингийн сангийн өсөлтийг яамдын бүтэц ойр ойрхон өөрчлөгдсөнөөс төрийн албан хаагчдын шилжилт, хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбон тайлбарлахаар байна. Энэ байдал нь мэргэжлийн, улс төрийн нөлөөгүй төрийн албыг бий болгоход дорвитой шинэчлэл шаардлагатай байгааг харуулж байна” гэсэн. Харин нийгмийн салбарын хувьд үр дүн янз бүр байна. Суурь боловсролын хамралт болон боловсролын салбарын төсөв бусад ижил төстэй орнуудтай харьцуулахад ойролцоо түвшинд байна. Гэвч төсвийн төлөвлөлт сул байна. Тухайлбал, боловсролын салбарын нэг ажилтанд ногдох цалин буурч байхад эсрэгээр цалингийн сангийн зардал хурдтай нэмэгдэж байна. Эрүүл мэндийн салбарын төсвийн ДНБ-д эзлэх хувь 2003 онтой харьцуулахад нэлээд буурсан, бусад дундаж орлоготой орнуудтай харьцуулахад бага байгаа юм. Монгол Улс нь эх, хүүхдийн эрүүл мэндийн тал дээр сайжирч байгаа ч халдварт бус өвчлөл нэмэгдэж байгаатай холбогдуулан томоохон шинэчлэл хийх хэрэгтэйг тодотгожээ. Мөн тус тайланд насжилт нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд тэтгэврийн тогтолцоог бэхжүүлэх шаардлага улам бүр нэмэгдсээр байгааг онцлон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл ( 0 )