Zindaa.mn сайт яруу найргийн буландаа “Мөнгөн үеийнхэн”-ий бүтээлээс сорчлон нийтлэхээр боллоо. Энэ удаа цөөвтөр найрагчийн шүлгийг толилуулъя.
Найраг шүлгийн уянгын цэнхэр давалгаа мөнхөд ундран долгилж, бадран өрнөх болтугай!
Гүн ухаантнууд амьдрал дахь хүчирхэг "оюуны шөнө"-ийг бий болгожээ. Эрчүүдийн жинхэнэ мөн чанар шөнөөр хүүхэнд яаж хандахаас илэрдэг. Шөнө гэдэг ийм ид шидтэй. Г.Бадамсамбуу
“Шөнө дундын яриа” хэмээх Ёсо Бусонд өргөсөн дотоод тэмдэглэлүүдээс
Харанхуй бүгимд... алгуухан... нулимсаа унагаж
Харагдахаа удсан сарыг сонсоно
Нөмөрснөө тайлах бүсгүй мэт
Нүцгэн модод дур булаана...
Орой намууг ажин
Сар хүлээхэд
Олон моддын гуниг нь
Нулимс аа...
Уярам сар мэт бүсгүй шүлэгчийн нүдийг ширтээд
Нулимсаа нуулгүй
Унтъя даа... гэвэй
Залуу моддын дор шүү!
Сайхан эм бүсээ тайлаад
Саран дор, гэрэлтсэн даашинзаа сөхвэй
Үзэсгэлэнт модод салхинаа хавирах адил
Үнсэхэд нулимсны дуу түгжээ
Ай, нулимс аа!
Моддын бие хайрах
Сарны норсон гэрэл ээ!
Уйтгарт нүд Хөхийн зүг мэлмээд
Урсах нь дуугай, үдшийн мөрөн ажуу
Сар, моддын нулимснаа
Шүлэг чийгтэн
Шүлэгч анд уйлмуй
Ай, намрын шөнө өө!
Амир садан ассаар өнгөө дуусав даа
Аглаг моддын доорх үй өвснөө
Алга байх чинь ээ, хөх нулимс
Ай, намрын шөнө өө...
Сансар-дэлхий-би
Сар-модод-нулимс
Сэтгэх-бие-сэрэл
Өдөр нэвт гэрэлтэх...
Өдөр нэвт гэрэлтэх
Үзэсгэлэнт охидын дунд
Үймж дайвж явна
Түнэр шөнийн гудамжинд
Гэгээ гялбас хаях
Тунгалаг цэнхэр охидын
Хөлийн шулуунд явна
Даашинзын хормой арчиж
Хүрээ уяхан харцны
Салхи салхинд явна
Хөдөөний гэвч, охины
Гоо сүлжээ өвснөөс
Хүсэл-байгаль сэрээд
Домгийн тэнгэртэй явна
Өдөр нэвт гэрэлтэх
Үзэсгэлэнт охидын дунд
Үймж дайвж явна
Ариун арал
Холи Айлэндийг хүйтэн сар нөмөрч
Хойд тэнгисийн түрлэг өлмийд сонсогдоно
Аралд ирэх гэрлүүд мандал гялбуулан
Ариун хутагтын зам мөр шиг үзэгдэнэ
Шөнөөр энд бяцхан түүдэг ноцоон
Шилтэй арз, туяарах хундаганы хажууд
Шотланд анд минь, арлын домгийн
Сонин шидийг уй гунигтайхан ярина
Бамбург цайз эргийн тэртээгээс
Бараантаж, тэнгисийн цалгианд дайвна
Рыцарь харуул нь нүдээ хурцатган
Энэ галыг тэндээс ширтэх шиг санагдана
Ариун арлаас эртний хувилгаад, сүм
Аврал сахиус Христийн номлол түгжээ
Эдүгээ бидэн хоёр чулуун туурин дээр
Эрэлхэг Шотланд дарс л хүртэж сууна
Эх орон
Аавын санасан амь минь
Аясхан хөх тал минь
Аргалын утаа, айргийн үнэр минь
Гэрээ барихад нь унь тогтохгүй
Гэм хачин санагдах чинь ээ...
Гэлгүдэйн эртний гаслан,
Гэр тэрэгний хуучин мөөр шиг ээ...
Аясхан хөх тал минь...
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )