ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ: Эд баялаг уу, эх байгаль уу?!

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 19

Эд баялаг уу, эх байгаль уу гэж асуувал уншигч та юу гэж хариулах вэ? Эд баялаггүй бол амьдраад яах вэ гэж бодож байна уу, эсвэл материаллаг баялгаас илүүтэй эх болсон байгаль дэлхийдээ хал балгүй амьдрах нь дээр үү? Чухамдаа аль нь ч байсан эд баялаг бүхний түрүүнд байсаар ирсэн. Тийм ч учраас дэлхий дахинаа байгаа улс гүрнүүдийг түрийвчнийх нь зузаанаар хэмжсээр иржээ. Эд баялаг гэх ойлголтыг ярихын тулд эх байгалийн тухай зайлшгүй ярих хэрэгтэй болно. Хүн төрөлхтөн бидний 250 гаруй мянган жилийн түүхэнд эх байгалиасаа эрж хайж байж баялгийг бүтээсээр, бий болгосоор ирсэн. Одоо ч энэ тэмцэл үргэлжилсээр байна. Саяхныг болтол бид зөвхөн ухаж малтах, тэсэлж дэлбэлэх, авдгаа аваад авдраа хаях тухай бодож байсан бол одоо авсан бол цэвэрлэ, ухсан бол битүүл гэдэг ойлголт газар авах болжээ. Хэрэв бид эд баялаг бүтээж л байгаа бол эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах ёстой аж. Товчхондоо хариуцлагатай уул уурхай гэж үүнийг л хэлдэг байна.

ТЭНД ҮЛДСЭН СУРГАМЖ

Уул уурхай өгөөжээ харамгүй өгдөг ч зөвхөн авахаа л бодоод байвал буруу зам руу хөтөлдөг гэдгийг түүхийн шарласан хуудаст үлдсэн гашуун сургамжууд харуулна. Эрт ойрын гашуун сургамжаас уншигч танд танилцуулъя. Уул уурхайгаараа алдартай Канад улс. Байгалийн үзэсгэлэн төгөлдөр байдлаараа Хойд Америк төдийгүй дэлхий дахинаа гайхагддаг газар. Өөртөө засах эрхтэй Квебек муж улсын Ройн-Норанда мужид орших Осиско нуурын ай сав газар Норандагийн уурхайн буруу үйл ажиллагаанаас болж ихээхэн сүйджээ. Нуурын эрэг орчим байгалийн эрдэс арвинтай анагаах увидастай гэж гайхагддаг байлаа. 1940-өөд оноос энэ бүс нутаг газрын ховор элементээр баялаг болохыг олж тогтоон “Норанда” уул уурхайн компани олборлолт хийх болжээ. Олборлолт хийх хүртэлх 15 жилийн хугацаанд бүх зүйл сайхан байсан ч олборлолт эхэлснээс хойш байдал бишдэж эхэллээ. Нуурын экосистемийн амин зүрх болсон бичил биетнүүд эхнээсээ устах болов. Энэ байдлыг илрүүлсэн сэтгүүлчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан шүүмжилсээр байсан ч “Норанда” компанийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. Хөнгөн цагаан олборлохын тулд гүний ус ихээр ашиглах шаардлагатай болсон бөгөөд зарим хаягдлаа нуур руу шууд цутгадаг байсан нь хожим хойно залруулж болшгүй алдааны эхийг тавьсан билээ. Хорт бодисын нөлөөгөөр дахин сэргэх боломжгүй гэж тодорхойлон бичил биетний 85 хувь нь устаж үгүй болсон гэдгийг эрдэмтэд нотолж байна. Өнгөрсөн 30 жилийн туршид “Норанда” компани хариуцлагаа хүлээлгүй хэт нэг талыг барьсан төөрөгдөж гэж мэтгэж байсан бол 2010 оноос хойш алдаа гаргаснаа ухамсарлан албан ёсоор биш ч гэсэн уучлал гуйж дахин сэргээх боломжийг эрдэмтэдтэй хамтран судалж байна.

Хойд Америкийн бүс нутгаас холдоод Ази тивийн Туркмен улсын гашуун сургамжаас хуваалцъя. Тус улсын Ахал мужийн Дервезе тосгон. ЗХУ-ын геологичид 1950-иад оны сүүлээс Дервезе хотод байгалийн хийн асар их нөөц болзошгүй гэж таамаглан хайгуул хийж эхэлжээ. Каракумын цөлийн яг дунд орших Дервезе тосгон багйалийн хийн асар их нөөцтэй байсан юм. Улмаас 1970 оноос олборлолт хийх болсон байна. Тухайн үедээ байгалийн хий олборлох мэргэжлийн боловсон хүчин байгаагүй тул буруу технологиор олборлож эхэлсэн нь бүх алдааны эх үүсвэр болсон юм. Олборлолт эхлээд яг арван жилийн дараа ашиглалтын талбайн дөрвөн ч хэсэгт уурхайн цооног нурах болжээ. Улмаар байгалийн хий том цооног тэр чигтээ нурж дүрэлзсэн улаан гал оргилж байх болсон юм. Үүнийг нутгийн иргэд болон дэлхий нийт “Тамын хаалга” гэж нэрлэжээ. Тамын хаалга одоо ч Каракумын цөл дундаа дүрэлзсээр буй. Гай үүгээр дууссангүй цөлд эрдэнийн чулуу мэт ховордсон гурван төрлийн ургамал бүрэн устсан гэж тэмдэглэгдэв. Байгаль орчны нөхцөл байдал бүхэлдээ доголдож тус ургамлаар хооллодог дөрвөн төрлийн амьд биетийн тоо толгой мэдэгдэхүйц цөөрөв. Каракумын бичил биетэн гэх гурван төрлийн бичил биетэн ч мэдэгдэхүйц ховордсон байна. Үүнээс шалтгаалан цөлжилт нэмэгдэж байгааг эрдэмтэд сануулсаар байгаа билээ. Одоогоос яг есөн жилийн өмнө буюу 2010 оны дөрөвдүгээр сард Туркмен улсын Ерөнхийлөгч Гурбангули Бердимухамедов байгалийн хийн олборлолтыг зогсоож 2030 оныг дуустал ямар  нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байх зарлиг гаргасан юм. Хэдийгээр эдийн засгийн хувьд асар их хохиролтой гэж үзэж байгаа ч Бердимухамедовын засаг захиргаа Каракумын эко системийг хамгаалах цорын ганц оновчтой шийдвэр гэж мэдэгддэг билээ.

ЭНД БАЙГАА ТҮҮХ

Өмнөговь аймгийн Гурван тэс суманд дээр дурдсан түүхийг яг одоо давтаж байна. Хэн нэгэн компанийг нэр цохон онцлолгүйгээр ганцхан тоо хэлье. Өнгөрсөн жилийн тайлан мэдээгээр /шинэчилсэн мэдээлэл тодорхойгүй/ Гурвантэс суманд ашиглалтын 25, хайгуулын 10 лиценз олгогдож, 10 гаруй компани уурхай үйл ажиллагаа явуулж буй. Говь нутагтаа хомс ундны усны нөөцтэй гэгддэг байгалийн өвөрмөц тогтоцтой Гурвантэс суманд 35 лицензээр 10 компани үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг суманд ахадсан үзүүлэлт гэж үү. Нөхөн сэргээлтийн тухай Ашигт малтмалын тухай хуульд тусгасан байдаг ч өнөөдөр энэ заалтыг хэрэгжүүлдэг компани нэгээхэн ч үгүй. Томоохон мега төслүүдийг эс тооцвол шүү дээ. Мега төслүүдийн үнэр ч байхгүй Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын нөхөн сэргээлт, хариуцлагатай уул уурхайг чухамдаа хэн сахин хамгаалах вэ?

Зөвхөн байгалийн нөхцөл байдалд нөлөөлөөд зогсохгүй нүүдлийн мал аж ахуйн соёлд ч аюулын харанга дэлдээд эхэлжээ. Хүний эрхийн үндэсний комиссын мэдээллээр уул уурхайн ажиллагаанаас болоод нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг өрхийн тоо буурсан байна. “Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Гурвантэс суманд 2004 онд малчдын тоо 3000 гаруйгаар хэмжигдэж байсан бол өдгөө энэ тоо 50-иас илүү хувиар буураад байна. Уул уурхайн компаниуд бэлчээр гэдэг бол нийтийн өмч гэсэн бодлогыг овжноор ашиглаж малчдыг идээшсэн газар нутгаас нь шахаж байгааг ер нь яах вэ” гэж Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж ярьжээ.

Нээрээ яах вэ? Хүний эрхийн үндэсний комиссын дарга нь ч бас ингэж халаглаж байна. Хөрсөн доор нуугдсан эрдэс баялаг гэнэт илэрч “Minegolia” гэх тавласан нэр хайрласнаас хойш бид авдгаа аваад авдраа хаяхын үлгэрээр замнаж буй. Хаясан авдраа додомдох хүсэлтэй хувь хүмүүс, иргэний нийгмийн байгууллагуудыг бид “мөнгөтэй эх орончид”, “шантаажлагч” гэж цоллосоор өдийг хүрлээ. Нэгнээ цоллож, нүд үзүүрлэж байх хооронд хэдэн малчин нүүдлийн мал аж ахуйгаасаа холдож, хэчнээн нуур, цөөрөм, булаг шанд ширгэж, хэдэн айл өрх тоосон дундаа торойн хоцрох вэ?

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Өмнөговь аймаг бол эрт цагийн үлэг гүрвэлийн өлгийн нутаг төдийгүй геологийн хосгүй тогтоцтой бүс нутаг. Коксжих нүүрс, зэсийн арвин их нөөц нь өдгөө хамаг маргааны эхийг тавьж буй. Байгалийн нөөц баялгаа ашиглах нь буруу биш. Гэхдээ ашигласан бол нөхөн сэргээлт гэдэг зүйлээ мартаж болохгүй гэдэг нь л маргааныг таслах нэг сэжим юм. Байгалийн үзэсгэлэн, эрдэс баялгийн арвин их нөөцтэй энэ газар орон интернэтийн хайлтын илэрц, “Хүрээлэн” төслийн хальс, зурагт номын хуудсан дээр үлдэх ёсгүй. Өмнийн говийн байгалийн үзэсгэлэнг үр хойчдоо хадгалан авч үлдэх нь өнөө цагт амьдран буй бидний үүрэг юм. Энэ үүрэг газар хөндөж байгаа компани, уурхайчдад хамаатай гэдгийг сануулъя.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.219.35) 2019 оны 07 сарын 20

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913...

0  |  0
Top