Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл өнгөрсөн баасан гарагт УИХ-аар батлагдан энэ оныг дуустал ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглолоо. Энэ хууль батлагдсан өдрөөсөө мөрдөгдөж байгаа юм. Харин энэ хугацаанд шинэчлэн найруулж байгаа Ашигт малтмалын тухай хуулийг хэлэлцүүлэн батлуулж амжина хэмээн гишүүд тооцож байгаа бөгөөд энэ хуулийн төсөл дээр Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон 10 гаруй гишүүнтэй ажлын хэсэг, Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын холбогдох хүмүүс ажиллаж байна. Дээрх хугацааны талаар гишүүд янз бүрийн байр суурьтай байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн П.Алтангэрэлийн Хайгуулын зөвшөөрөл олгохыг хориглоод яваад байх хэрэгтэй юмуу. Бусад орон газрын доорх баялгаа байнга хайж, тогтоож байдаг. Хориглох хугацааг сунгаад байгаа нь ямар учиртай юм бэ гэсэн асуултад Хайгуулын лиценз авчихаад ажлаа хийхгүй наймаалах гэх мэт сөрөг үзэгдэл байгаа. Бидэнд эрх зүйн орчноо шинэчлэн сайжруулж, гарч байгаа сөрөг зүйлд үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Энэ бүх сөрөг зүйлийг шинэ хуулиар зохицуулах боломжтой болно гэж найдаж байгаа хэмээн Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригт хариулсан юм. УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хориглох тухай өмнөх хууль гарчихаад байхад 40 гаруй зөвшөөрөл олгогдсон гэсэн яриа дуулдаад байгаа. Энэ үнэн үү. Ашигт малтмалын салбар бохир мөнгөний уурхай болоод байгааг хүн бүр мэдэж байгаа. Ашигт малтмалыг түүхийгээр нь татваргүй зөөдөг, хямд үнээр хилээр гаргачихаад хилийн цаана хувааж авдаг, тогтвортой байдлын гэрээ нэрийдлээр улсыг луйварддаг, нөхөн сэргээлт хийдэггүй гээд олон сөрөг зүйл байна. Энэ бүхнийг шинэ хуулиар зогсоож чадах уу гэж асуусан юм. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Зоригтын хэлснээр нэмж хайгуулын лиценз олгосон зүйл байхгүй гэнэ. Энэ талаар ажлын албанаас гарч ажилласан гишүүд агентлаг дээр очиж нягталж шалгажээ. Харин ашигт малтмалын салбарт байгаа олон сөрөг асуудлын тухайд, компанийн татварын мэдээллийн ил тод байдал, хариуцлагатай холбоотойгоор нэлээд дүн шинжилгээ хийсэн. Зөвшөөрөл аваад ажлаа хийж байгаа хүмүүс, лиценз наймаалагчдыг ялгаж салгахад шинэ хуулийн төсөл хариулт өгөх байх аа хэмээн байнгын хорооны дарга хариулсан юм.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )