ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Санкт-Петербургийн нисэх онгоцны "Пулково-1" буудлаас Халимагийн нийслэл Элстэй орохоор зургадугаар сарын 2-ны үдээс хойш мордлоо. Элстэйд Ерөнхийлөгчийг хүрэлцэн ирэхэд Халимаг улсын тэргүүн А.М.Орлов, Засгийн газрын дарга Л.Н.Иванова, Ардын хурлын дарга А.В.Кочачко нар угтан авав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энд Халимаг улсын тэргүүн А.М.Орлов, Засгийн газрын гишүүдтэй уулзлаа. Дараа нь тус улсад монгол гэр бэлэглэх ёслолд оролцож, ахмадуудтай уулзан, монгол, халимагийн уран бүтээлчдийн хамтарсан тоглолт үзэж, "Мөнхийн гал" дурсгалын цогцолборт цэцэг өргөж, "Бурхан багшийн алтан өргөө" хийдэд зочлон Халимагийн үндэсний их сургуульд багш, оюутнуудтай уулзсан юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Анатольевич Медведевийн урилгаар ОХУ болон Халимаг улсад албан ёсны айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа хүмүүсийн хамт Халимагийн нийслэлээс МИАТ компанийн тусгай үүргийн онгоцоор энэ сарын 4-нд эх орондоо ирлээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )