Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хураах эхний үеийн хугацаа тавдугаар сарын 31-нээр дуусч, хамрагдаагүй автомашины хөдөлгөөнийг хорьж эхэллээ. Нийслэлийн Засаг даргын 91 тоот захирамжаар авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн татварыг хоёр үе шаттай авахаар болсны эхний шат дууссан бол дараагийнх нь энэ сарын 2-ноос 16-ныг дуустал үргэлжлэх юм. Харин өмнөх шатны хугацаанд албан татвараа төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн гэрчилгээ, бичиг баримтыг нь хураан авч, яаралтай сануулга өгөх замаар хоёрдугаар шатанд хамруулахаар шахаж эхлээд байна. Үүргээ биелүүлээгүй тээврийн хэрэгслийн эздийг энэ хугацаанд замын цагдаа, татварын байцаагчид хамтран, нийслэлийн хэмжээнд 30 постод шалгалт хийн, илрүүлэх аж. Хэрэв бичиг баримтаа хураалгавал "Улаанбаатар палас"-т байрлаж буй төвлөрсөн цэгт хандаж, татвар төлсөн гэрчилгээгээ үзүүлэн эргүүлж авах ёстой юм. Энэ сарын 16 хүртэл сайн дураар татвараа төлвөл захиргааны ямар ч хариуцлага хүлээлгэхгүй аж. Харин 16-наас хэтэрвэл 1500 төгрөгийн торгуулиас 7-14 хоног баривчлах хүртэл арга хэмжээ авахыг анхааруулж байна. Татварт нийт найман тэрбум 931 сая төгрөг хураах ёстойгоос одоогоор зургаан тэрбум 947 сая төгрөг цуглараад байгаа бөгөөд тээврийн хэрэгслийн татвараас төвлөрөх хөрөнгөөр зам засвар, шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил хийгдэх тул ийнхүү жолооч нарыг шахаж эхлээд байгаа юм байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )