Нум сум агссан морьтонгууд 7 сарын 1-нийг давтаж болзошгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06


Сүхбаатарын талбайд үе үе морьтонгууд давхин орж ирдэг болсон. Хааяа цагдаа нартай “тулалдаж” морин байлдаан, самбо, жудо бөх, нударган зодооны алин болохыг ялгах аргагүй бужигналдана. Морьтонгуудыг голлон зохион байгуулагч нь Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний тэргүүн Мөнхбаяр ажээ. Тэрээр арав гаруй жилийн өмнө “Онги голынхон” хөдөлгөөнийг санаачлан, Онги голын урсгал тасарч ширгэх аюул нүүрлэснийг олон нийтэд төдийгүй дэлхийн байгаль хамгаалах байгууллагуудын сонорт хүргэж амжсан юм. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэн Онги голд эргээд мод бут суулгахаас эхлээд ай савыг нь онгичин сүйтгэсэн уул уурхайн компаниудтай нэгийгээ үзэж нэхийгээ хүүлэлцэж байлаа. Ингэж уйгагүй зүтгэсний хүчинд Онги гол хамгаалагдаж эхэлсэн гэж ус нутгийнхан нь ам сайтай байдаг гэнэ. Тиймээс ч түүний хөдөлмөрийг үнэлэн Америкт төвтэй олон улсын байгаль хамгаалах байгууллагаас шагнаж урамшуулжээ. Мөнхбаяр одоо “Гал үндэстэн” холбооны нэлээд нөлөө бүхий хүний нэг болоод байна. Саяхан энэ холбооныхон морьтнууддаа нум сум агсуулан хотын төв талбайд орж ирээд Төрийн ордныг гороолон тойрч, таван удаа сум тавив. Аз болоход  ордны цонхоор сум нисэн орж хэн нэгэн дарга, түшмэлийг оночихсонгүй. Мөнбаяр өнгөрсөн онд хэсэг нөхдийн хамт Түнхэл дэх гадаадын уурхайн компани руу 20 гаруй удаа буудсан. Энэ хэргийг цагдаагийнхан мөрдөн шалгаж прокурорт шилжүүлээд байгаа. Гэвч Мөнхбаяр үүнийг нь эсэргүүцэж, өнөөх гайтай “Урт” нэртэй хуулийг огт хэрэгжүүлээгүй, гол нууруудыг ширгээж, байгаль орчныг цианит, натри болон бусад химийн элелентүүдээр хордуулсан гэх үндэслэлээр Сү.Батболдын Засгийн газрыг шүүхэд өгсөн боловч шүүх хэрэгсэхгүй болгосон юм. Мөнхбаяр энэ шийдвэрт эргэлзэж яваа бололтой. Тиймээс ч “Гал үндэстэн” холбооны тэмцлийн үзүүрийг Ерөнхий сайд руу дахин чиглүүлжээ. Сү.Батболдын нэрээр бараг улиг болтлоо яригдсан Бороо гоулд компанийн байгаль сүйтгэсэн гамшиг, Гацууртын орд газрын луйврын баримтуудыг тэр олонтоо дэлгэн тавив. Сүүлдээ “Гал үндэстэн”-ийхэн улс төрийн намуудын оролцоогүйгээр шууд иргэдийн зүгээс нэр дэвшүүлэн өрсөлдүүлж УИХ-ыг сонгож байгуулах тухай ярих боллоо. Харамсалтай нь одоогоор дэлхийн улс төрийн практикт ийм хэв загвар алга байна. Гэхдээ тэдний ийнхүү мэдэгдэх болсны учир шалтгааныг улс төр судлаачид анзаарч, үгээ хэлэх байх. Зарим хүмүүс үүнийг өнөөгийн улс төрийн намуудын шинэчлэл нийгмийн эрэлт хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаатай холбож үздэг. Тийм байж болох юм. Нам дамнасан олигархиудын эрхшээлээс төр засаг маань салж чадахгүй байгаатай ихэнх иргэд санал нэгдэж байгаа. Ер нь олон нийтийн санаа бодол гэдэг бол агуу том шүүлтүүр юм. Ямар ч өнгө будаг түрхээд нэмэргүй, тийм дархлаажсан үзэл санааны суурь иргэдийн сэтгэл зүрхэнд ямагт байдаг ажээ. Үүнийг үндэсний үзэл санаа, эх оронч хүсэл тэмүүлэл гэнэ. Ийм өнцгөөс Мөнхбаяртангуудыг эерэгээр ойлгохыг хичээвэл яах аргагүй зөв. Төрийн олигархижсан тогтолцоо, авлигын далд системийн эсрэг морьтой монголчууд босоо байх ёстой. Нөгөөтэйгүүр үндэсний үзэл санаа бүдгэрч буй энэ цаг үед тэд имижээ монгол дээл, морь хоёроороо товойлгон гаргаж тавьсанд хүмүүс сэтгэл өөдрөг байх шиг байна. Хүннү их гүрний үеэс монголчууд газар шорооныхоо төлөө тэмцсээр ирсэн. Мөн нүүдэлчдийн соёлыг дэлхийд гайхуулсан ард түмэн гэдгийг дахин сануулж буйн буруу гэж бас юу байхав. Морьтнууд Сүхбаатарын талбайд орж ирлээ гэх чимээнээр  улс төрийн тэмцлийн өнгө аясыг нь харах гэсэндээ биш, харин бүр үндэс язгуураа мэдэрч, тэднийг шохоорхож, хормын төдий ч гэсэн баясаж суухыг хичээгсэд цөөнгүй. Хотын төвөөр ямар тэрийн болгон морь унасан монгол дээлтэй эрчүүд үзэгдэх биш. Тиймээс “Гал үндэстэн”-үүд нэг ёсондоо үндэсний үзэл санаа руу маань бяцхан цучил, оч хаяж өгөөд ч байх шиг ээ. Гэвч эргэлзэх зүйл олон байна. Улс төрийн чиг үүрэгтэй төрийн бус байгууллага, холбоо хөдөлгөөн шиг олон юм Монголд байхгүй болсон. Хүн амынхаа тоонд ахадсан улс төрийн намуудтай, дээр нь баахан улс төр ярьдаг олон нийтийн байгууллагатай шүү дээ, бид чинь. Хүмүүс аль нь үнэн бодитой зүйл ярьж буйг ойлгохоо ч больсон. Гэхдээ “Нам бол хуйвалдагчдын үүр” гэж тодорхойлсон өрнийн нэгэн сэтгэгчийн үгийг өлгөж аваад харахаар өнөөгийн Монголд  энэ нь дэндүү тохирсон томъёолол гэлтэй. Саяхан нэр ус, үзэл баримтлалаа өөрчилсөн гээд байгаа МАН-ын сүүлийн хоёр удаагийн их хурлын шийдвэрт авлигыг устгаад өгнө гэсэн байсан. Байдаггүй ээ. Огт хэрэгжээгүй. Намынх нь  дээд удирдлагууд харин өөрсдөө авлигад хардагдаж, сэрдэгдсээр байна. Ардчилсан нам ч ялгаагүй. Ийм л замналаар явж байна. Намын нэрээр төрийн албанд очсон хүмүүс ихэвчлэн идэж уухын донтонгууд болж хувирч байгаа. Өөрөөр хэлбэл, Монголд авлигын бүхэл бүтэн систем бий боллоо. Олон улсын авлигын сурвалж бичигт “Авлига нийгмийн систем болохын цагт жирийн иргэд нь бөөнөөрөө хэлмэгдэж эхэлдэг” гэжээ. Үнэн бололтой. Хүмүүс орчин цагийн хэлмэгдүүлэлтийн олон хэлбэрийг мэддэг болсон. Шүүх эрх мэдлийн байгууллага хэлмэгдүүлэлтэнд ихээхэн үүрэг гүйцэтгэж байгаа. Төр засгийн эрх баригчид нь өөрсдөдөө халгаатай хүмүүс буюу идэж уугаад байгааг нь хараад шууд шүүмжилдэг шударга иргэдийг яаж л бол яаж хилсдүүлнэ. Ажлаас үндэслэлгүйгээр халахаас эхлээд зохиомол гэмт хэрэгт татаж орхино. Ийм хэмжээнд хүртлээ ялзарсан эрх баричид тэдгээр морьтонгуудтай уулзаж санаа бодлыг нь сонсох, хүсээд байгаа нийтлэг асуудлуудыг нь шийдэхгүй бололтой. 7 сарын 1-ний үймээн самуун ийм л өдөөгчдөөс эхэлсэн болов уу. Жагсагчдыг үл тоох нь эцэстээ нөхөж баршгүй гарз хохирол дагуулдаг жамтайг 7 асрын 1-ний хэрэг харуулаад өгсөн юм. Хэрвээ шатаж байгаа байшин дотроосоо С.Баяр тэр орой гүйж гарч ирээд бухимдсан хүмүүсийн төлөөлөлтэй уулзсан бол байдал арай өөрөөр эргэж болох байсан гэдэг. Өнөөдөр тэгвэл “Гал үндэстэн”-д мөн ялгаагүй иймэрхүү зүйл тохиохыг үгүйсгэж боломгүй байна. Хөшүүн хойрго, үл тоосон шинжтэй дарга нар л иргэдийнхээ бухимдлыг улам дэврээж, цөсийг нь хөөргөж орхидог юм.   

“Гал үндэстэн” холбооныхон нэг дарангуйлагчийг нөгөөгөөр солих арилжаанд оролцож эхлэв бололтой
Товчхондоо нийгэм маань олигархижчсан намуудын хөлд үрэгдэх аюултай тулгараад байна. Ийм нөхцөлд ямарч морьтонгууд гарч ирээд үндэсний үзэл санаа, эх орны эрх ашиг гэж ярихад хүндрэлтэй тулгарна. Урьд нь олон хөдөлгөөн иймэрхүү юм ярьж, жагсаал цуглаан хийгээд нам даруулдаг байлаа. С.Ганбаатарын байгуулсан “Эрс шинэчлэл” хөдөлгөөн эрх баригчдын хүнд суртлын эсрэг зогсож нэлээд зүйл хийх гэж оролдсон боловч аяндаа бут үсэрсэн. Одоо тэндий үлдсэн цөөн хэдэн хүн нь Н.Энхбаяртай нийлээд “хувьсгал” хийх гэж явна. Тэд бас л мөнгө үнэрлээд шогшиж буй гэнэ. Ер нь цэвэр хэдхэн хүний мөнгөжих сонирхол дээр суурилсан “тэмцэгч”-дийн жагсаал моод болоод байгаа шүү дээ. Тухайлбал “Бошигт”-ын хөдөлгөөн гэж гарч байлаа. Өмчийг нь булааж авсан эрх баригчидтайгаа заргалдсан хэсэг бүлэг хүмүүс байлаа, тэд. “Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн” гэгч нь ч мөн ялгааүй. Тус хөдөлгөөний Ж.Батзандан, О.Магнай, М.Ичинноров мэтийн хүмүүс юун түрүүнд олны танил болох, мөнгө олохын тулд “тэмцэгч” болж байсан нь хожмоо илэрхий болсон юм. Тэд Иргэний хөдөлгөөний нам байгуулаад, удалгүй салж, Ж.Батзандан, О.Магнай нар Ардчилсан намд орж, М.Ичинноров нь хуучин байсан МАН-даа буцаж очоод байна. Харин тухайн үед тэдний эсрэг МАН-ынхан ихээхэн хөрөнгө, хүч гарган тэмцэхдээ өөдөөс нь сөргөлдүүлсэн гурав, дөрвөн хөдөлгөөн “санаачилж” нийгмийг улам хагалан бутаргасан юм.
Ер нь  нийгэмд янз бүрийн зорилгоор хар аяндаа гарч байдаг элдэв хөдөлгөөн, жагсаал цуглаануудтай улс төрийн нам, төр засгийн эрх баригчид хэрхэн зөв зохистой харилцах арга ухаанаа олохгүй будилсаар өнөөдрийг хүрлээ. Эрүүл бус төр засаг л ийм байдаг бололтой. Одоо “Гал үндэстэн” рүү төр засгийнхан хялайн харж байна. Байгаль орчноо хамгаалах шаардлагыг нь хүлээн авч боломжийн арга хэмжээ зохион байгуулахгүй байгаа нь бүр гааруулах төлөвтэй. Гэхдээ сүүлийн үед тэднийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын гар хөл болсон “мөнгөний хөдөлгөөн” гэх аястай юм яригдаж эхэллээ. Хэрвээ тийм бол тэд хуучин дарангуйлагчийг алсдаа төрд гаргаж ирэх улс төрийн томоохон арилжаанд оролцож буй хөлсний этгээдүүд гэсэн үг. Ийм хүмүүс аль ч улс оронд байж л байдаг. Ж.Батзандан О.Магнай нар төрийн ордон руу дайрч, улаан лооль чулуудан, МАН-ын байрны цонхыг хагалж байсан бол нум сум агссан “Гал үндэстэн”-үүд төрийн ордон руу таван сум харваснаа “сануулга өгсөн” хэмээж байна. Оюу толгойн гэрээ зэрэг уул уурхайн олон чухал асуудлыг буруу зөрүү шийдсэн төр , засгийнханд хэн ч сануулга өгч болно.  Харин арга хэлбэр нь ямар байх вэ гэдгийг хуулийн хүрээнд шийдэх учиртай юм. Тиймээс хөдөлгөөн бүрийн цаад мөн чанарыг харж чаддаг баймаар байна. Энэ нь овсгоотой, шударга иргэд, улс төрчдийн ухааны хэмжүүр болох биз. 
Хувьсгалт шинжтэй олон хөдөлгөөн гарч, сүүлдээ удирдагчид нь олз ашиг хайгчид болж хувирсан гашуун түүх дэлхийн улс орнуудад олон бий. 1980-аад оны эхээр Польшийн  “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн дэлхийг тэр чигт нь шуугиулж байлаа. Социалист лагерийн Европ дахь гол төлөөлөгч орны нэг байсан шүү дээ. “Эв санааны нэгдэл” эхний үед хөдөлмөрчдийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулах шаардлага тавьж байснаа сүүлдээ нийгмийн гажиг системийг нураахаар шийдсэн юм. Толгойлогч нь Лех Валинса байв. Олон удаагийн жагсаал цуглааыг тэр өөрийн биеэр удирдсан. Сүүлдээ тэмцэл нь нэлээд ширүүсч социалист системд аюул нүүрлэж эхэлжээ. Хуучин Зөвлөлт холбоот улсын эрх баригчид үүнд маш их санаа зовж байв. Бүхэл бүтэн лагериараа дампуурал зарлах дээрээ тулсан болохоор аргагүй биз ээ. Тиймээс Зөвлөлтийн удирдагчид Батлан хамгаалах яамны сайд Д.Ф.Устиновыг яаралтай Польш руу онгоцоор нисгэж байлаа. Маршал Устинов тэнд очоод ердөө гурав л хоносон гэдэг. Тэгэхдээ нэг шөнө маш нууц уулзалт хийжээ. Түүний уулзах гол хүн нь мэдээж Лех Валенса байв. Варшав хотын захын бөглүү хороололд болсон  энэ уулзалтын өмнөхөн Д.Ф.стинов Польшийн нам, төрийн томчуудад хандан “Та нар босогчдыг нам дарж чадахгүй бол Зөвлөлт улс цэргээ оруулна” гэжээ. Энэ тухай тэр үеийн Польшийн хэвлэлүүд огт дурсаагүй. Цөмөөрөө амаа үдүүлсэн мэт байсан нь мэдээж хэрэг юм. Харин Устинов Лех Валенсатай хийсэн уулзалтын маргаашаас “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн тэмцлийн эрч хүч илэрхий суларсан байна. Гэхдээ тухайн үеийн Польшийн удирдагч нар Лех Валинсад ялагдал хүлээн түүнийг төр, засгийн өндөрлөгт гарах боломжийг нь хангаж өгсөн байлаа. Лех Валенса Засгийн газрыг тэргүүлэх хэмжээнд хүрсний дараа харамсалтай нь түүний нагац эгчийн гэрт цагдаагийнхан нэгэн мэдээллийн мөрөөр шалгалт хийхэд шалан доороос нь маш их алт үнэт эдлэл олджээ. Тэдгээрийг нь  хураан аваад хуучин цагийн ГАЗ-69 машинд пиг дүүрэн ачиж  хоёр удаа зөөхөд цаана нь нэлээд их эрдэнэсийн чулуу, алтан эдлэлүүд үлдэж байжээ. Хэдийгээр тэр үеийн Польш, өнөөгийн Монгол  адилгүй ч гэсэн эрх мэдэлд хүрэхийн хэрээр хэн ч гэсэн олз ашгийг ингэж л өөртөө хураадгийг эндээс бид бэлхнээ харж болох нь ээ. Тэгвэл “Гал үндэстэн” холбооны ард байгаа гэх Н.Энхбаяр олон жилийн турш төрийн өндөрлөгт авлигачдын загалмайлсан эцэг болтлоо суусан юм. Түүний эхнэр О.Цолмонгийн өвөг эцэг Цэнд Монгол улсаа Оросын харъяанд оруулах “эх оронч” санал дэвшүүлэн хөөцөлдөж явсан түүхтэй. Н.Энхбаяр ч сав л хийвэл өрсөлдөгч нартаа “Хятадын эрлийз” гэсэн пайз зүүж өгдөг уламжлалтай.  Тэр нь цаанаа бас учиртай. 1990 оны хувьсгалын үеэр түүнийг Оросын удирдагчид өөрсдийнхөө хамгийн ойрын хүнээр сонгож авсан байлаа. Монгол дахь Оросын ашиг сонирхолыг гүйцэлдүүлэх гол түшиц нь Н.Энхбаяр болж байсан юм. Монголын томоохон орд газрууд, шатахууны бизнес, уран, хамгийн сүүлд Асгатын ордын далд наймааны бүтэлгүйтэл зэрэг нь цөмөөрөө Н.Энхбаяртай холбоотой юм. Өөрөөр хэлбэл Оросууд түүнийг алсаас залж чиглүүлсээр ирсэн ажээ. Тиймээс мань эр өөрийн явцуу бодлоо гүйцээхийн тулд ямар ч холбоо, хөдөлгөөн нэртэй юмнуудыг  ашиглаад л хаяж байлаа. Үүний нэг жишээ гэвэл Монголд байгаа Хятадын эрлийзүүдийн цусыг шинжилж нийтэд мэдээлдэг мэт сонин ажил хийдэг “Даяар монгол” хөдөлгөөнийг сэмхэн залуурдаж байсан гэдэг.  Энэ хөдөлгөөнийхөн нь хэд хэдэн сонгуулийн үеэр нэр дэвшигчдийн “цусыг шинжлэх” ажлаа түүний өмнө маш сайн гүйцэтгэж эрлийз биш хүнийг ч ийм ангилалдаа багтааж “Хятад” хэмээн хашгирч байсан юм.

Өнгөт хувьсгалыг санхүүжүүлэгч Жорж Сорос Н.Энхбаярт дэмжлэг үзүүлж байна уу
Хувьсгалаар өвчилж буй Н.Энхбаяр олигархиудыг ард түмний онцгой эрхт  шүүхээр яллана гэж ярих болсон. Америкт 1950-иад оноос гарч ирсэн ийм нэг гаж үзэгдлийг тэр өнөөдөр Монголд турших нь нэн аюултай. Учир нь аливаа шүүх бол мэргэжлийнх байдаг. Өөрөөр хэлбэл шүүх ажиллагааг зөвхөн мэрэгжсэн шүүгч нар л хийдэг. Түүнээс биш баахан хүнийг гудамж болгоноос цуглаад “Энэ олигархийг алсугай” гээд яллаад байж болдоггүй. Энэ бол жинхэнэ гажуудал төдийгүй дарангуйлал, зохион байгуулалттай аллагын хэлбэр юм. Н.Энхбаярын санаа бодолд ийм өчүүхэн зүйл эргэлдэх болсонд гайхах хүн олон болжээ.
Түүнийг гадаадаас санхүүжилт авахаар хөөцөлдөж байна гэх мэдээлэл бас бий. Дэлхийн олон оронд ивээлээ хайрлах нэрээр хөлжсөн тэрбумтан, еврей Жорж Соросоос дэмжлэг авах нь түүний хувьд юу юунаас чухал байгаа бололтой. Жорж Соросыг Монголчууд бараг бүгд мэддэг болсон байх. Манайд “Соросын сан” хэмээх байгууллагыг ажиллуулж байлаа. Одоо үүнийх нь суурин дээр Нээлттэй нийгэм форум үйл ажиллагаагаа явуулдаг. Жорж Сорос сүүлийн жилүүдэд  нэлээд хэдэн өнгөт хувьсгалуудыг санхүүжүүлсэн байна. Тухайлбал Сербийн хувьсгал. 2000 онд энд оюутнуудын “Отпор” хөдөлгөөн ерөнхийлөгч С.Милошевичийг унагасан юм. Хөдөлгөөнийхөн Жорж  Соростой  гэрээ байгуулан оюутнуудынхаа эгнэээг өргөжүүлэхийн тулд цалин урамшуулалтай болгосон байлаа. Тухайн үед Сорос нь Сербийн өнгөт хувьгалыг дэмжиж албан ёсны мэдэгдэл ч хийж байжээ.  Сербийн босогчдод их хэмжээний зээл олгосон Соросын гарт хожим нь Сербийн нисэх онгоцны буудал, хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэн орсон гэдэг. Тэр одоо ч эдгээр байгууламжийнхаа ашгийг хүртэж байна. Мөн Гүржийн “Сарнай”-н  хувьсгал  Жорж Соросын санхүүгийн шууд дэмжлэгтэйгээр хийгдэж байв. Ер нь энэ хүн олз ашгаа ийнхүү хөгжиж буй улс орнууд руу хандуулсаар иржээ. Ялангуяа дотоодын хямралдаа идэгдсэн бага буурай улс руу санхүүгээ чиглүүлж, дараа нь тэдгээрээс хувь хишиг хүртдэгээрээ алдаршиж байна.    Арабын хямралыг зарим судлаачид түүнтэй холбон туайлбарлаж байгаа. Зөвхөн Иракаас ашиг олох нь Сорост хангалтгүй санагдсан гэнэ. Тиймээс Хойд Африкт нууцаар ажилладаг “Лалын ахан дүүс” хөдөлгөөнийг ивээн тэтгэх болжээ. Хариуд нь мэдээж газрын тос. Өөрөөр хэлбэл Соросоос санхүүжилт авсан тус хөдөлгөөнийхөн засгийн эрхэнд гармагц түүний Арабын ертөнц дөх газрын тосны “гүрэн” байгуулагдах ажээ. Тиймээс  Ж.Сорос өнгөрсөн сард “Дэйли майл” сонинд өгсөн ярилцлагдаа “Тунисийн хямрал улам газар авна. Энэ бол Арабын удирдагчдын төгсгөлийн эхлэл байх болно” гэжээ.
“Эх орон тусгаар тогтнол” ч билүү, их гоё нэртэй Н.Энхбаярын хөдөлгөөний эцсийн зорилго бол Засгийн эрхийг авах явдал гэдэг нь хэнд ч ойлгомжтой болоод байгаа. Ингэхийн тулд түүнд боломжийн цалин урамшууллаар хөдлөх хүн маш олон байх шаардлагатай. Өнөөх Ц.Нямдоржийн тавлах янзтай хэлээд байсан шиг тэр ядаж “Сүхбаатарын талбайг дүүртэл цуглах хүнтэй байх хэрэгтэй” болж байна. Ер нь мөнгөгүйгээр хөдөлдөг тэнэг толгой гэж хаана байхав. Адгийн нэг муу шавар зуурахад ч мөнгө авдаг юм чинь. Улс төрд оролцоно гэдэг, ялангуяа улс төрийн тэмцэлд оролцох нь үүнээс хамаагүй өндөр өртөгтэй байх учиртай. Яагаад гэвэл тухайн хүн нэлээд их зүйлээ золиослон байж “хувьсгалч” болж таараа. Тиймээс Н.Энхбаяр Оросын Монгол дахь нөлөөллийг бэхжүүлэх үүргээ биелүүлэхийн тулд Америкийн тэрбумтан Оросоос дэмжлэг авч байхыг хэн ч үгүйсгэхгүй болов уу. Оросуудад бол Н.Энхбаяр чухам хэний мөнгөөр хөдлөх нь тийм ч чухал биш биз. Яагаад гэвэл сүүлийн жилүүдэд Оросын мафиуд Америкийн тархийг барих болсон юм чинь.       

Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top