Хүн худалдаалахыг завдсан Б.Хулангийн ялыг хөнгөрүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Хулан нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж, хүн худалдаалахаар завдсаныг дахин баталлаа. Хэргийг эргэн сөхвөл Б.Хулан нь ашиг олох зорилгоор 2010 оны тавдугаар сарын 16-ны өдөр Н, Э нарыг БНХАУ-ын Эрээн хотын сауны газарт сард 600 мянган төгрөгийн цалинтай массажистын ажилд оруулж өгнө" гэж хуурч мэхлэн, галт тэргээр тээвэрлэн, Дорноговь аймгийн Замын-Үүд боомтоор хил давуулан худалдаалсан байдаг. Харин энэ хэргийн хохирогч болох Н, Э нар нь дээр дурдсан өдөр хуурамч бичиг баримт ашиглан Замын-Үүд боомтоор улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт давхар холбогдсон юм. Баянзүрх дүүргийн шүүх уг хэргийг 2011 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр анхан шатны журмаар хянан хэлэлцээд Б.Хуланд хүнийг хил давуулан худалдаалахыг зохион байгуулсан, мөн хохирогчдыг Монгол Улсын хил хууль бусаар давуулахыг завдсан гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэж 10 жил нэг сарын хугацаагаар хорих ял ногдуулж байв. Түүнчлэн Н, Э нарыг хууль бусаар хил нэвтрэхийг завдсан гэм буруутай гэж үзэж Эрүүгийн хуулийн 89.2-т зааснаар тус бүр нэг жилийн хорих ял оногдуулж, Э-д оногдуулсан дээрх ялыг нэг жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж, харин Н-д оногдуулсан ялын шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн нэг жилийн хугацаагаар хойшлуулсан юм. Нийслэлийн шүүх уг хэргийг мөн оны гуравдугаар сард хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж байсан бол Улсын Дээд шүүх хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаараа хэргийг хянан хэлэлцээд "Б.Хулан нь Н, Э нарыг хил давуулан худалдаалах санаа, зорилготой байсан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлаас үүдэн гэмт хэргээ туйлд нь хүргэж чадаагүй" гэж үзэн, хуульд заасны дагуу ялыг таван жил хорих болгон хөнгөрүүлэн өөрчиллөө. Мөн Б.Хуланг хохирогчдыг Монгол Улсын хилээр хууль бусаар давуулахыг завдсан төдийгүй, бусадтай үгсэн тохиролцож бүлэглэн хууль бусаар улсын хил нэвтрэхийг завдсан, бусдаас хуурамч бичиг баримт олж авах, уг гэмт хэргийг зохион байгуулах зэргээр оролцсон гэм буруутай гэж үзсэн байна. Харин Н, Э нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээжээ. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top