Ерөнхийлөгчийн АНУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ 

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Америкийн Нэгдсэн Улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр /2019.07.29/ орой эх орноосоо мордлоо. Тэгвэл түүний айлчлал өнөөдөр /2019.07.30/ албан ёсоор эхэлж байна. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд ганцаарчилсан уулзалт хийж, өргөтгөсөн хэлэлцээ хийх юм. 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын Конгресст өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хуулийн асуудлаар тус улсын хууль тогтоох байгууллагын төлөөлөгчидтэй уулзаж, ярилцахаар төлөвлөөд байна. Стратеги, олон улс судлалын хүрээлэнд Монгол-АНУ-ын харилцааны асуудлаар илтгэл тавьсныхаа дараа тус улсад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэдтэй уулзахаар төлөвлөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Гансүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нарын албан ёсны төлөөлөгчид явжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top