НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2011 оны тогтоолоор жил бүрийн долоодугаар сарын 30-ны өдрийг Олон улсын нөхөрлөлийн өдөр болгон тэмдэглэдэг.
Энэхүү санаачилгыг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО хүний эрхэм чанарын илэрхийлэл болсон нөхөрлөл хэр их чухал болохыг хүлээн зөвшөөрөх зорилгоор анх дэвшүүлсэн байна.
Хүн төрөлхтөн олон улсын аюулгүй байдал, нийгмийн байдалд заналхийлсэн, хөгжил саад учруулсан, хүмүүс, нийгмийг хооронд хувааж, холтгосон олон тооны сорилт, заналхийлэлтэй нүүр тулгараад байна. Үүний эсрэг сөрөн зогсохын тулд эдгээрийн шалтгааныг үгүй хийх ёстой. Энэ зорилгод хүрэхийн тулд бүх хэлбэрээр илэрхийлэгдэж болох эв санааны нэгдэл чухал. Юуны өмнө энэ бол нөхөрлөл. Нөхөрлөл хүмүүсийг ойртуулж, эвлэрүүлдэг.
Хүн төрөлхтөн ард түмний нөхөрлөлд зориулж олон мянган хөшөө баримал, дурсгалуудыг барьж байгуулсаар иржээ. АНУ-ын Эрх чөлөөний хөшөө АНУ, Францын найрамдал, нөхөрлөлийг бэлгэддэг бол Болгарт нөхөрлөлд зориулсан 400 гаруй хөшөө байдаг аж.
1997 онд НҮБ хүүхэлдэйн киноны баатар Винни Пухийг албан ёсны Нөхөрлөлийн Элчээр нэрлэж байжээ. Улс орон бүр өөр нөхөрлөлийн өдөртэй аж.
НӨХӨРЛӨЛИЙН ТАЛААРХ СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
-Судалгаанаас үзвэл шимпанзе, адуу, цөөвөр чоно, заан, сарьсан багваахай, далайн гахай зэрэг амьтан амьдралынхаа туршид өөр төрлийн амьтантай нөхөрлөх тохиолдлууд элбэг тохиодог гэнэ.
-Хүнд өвчин туссан хүмүүсээс найз, нөхөд олонтой нь амьд үлдэх боломж ихтэй байдаг аж. Учир нь найз нарын сэтгэл санааны дэмжлэг өвчтөний эдгэрэх явцыг түргэсгэдэг байна.
-2004 онд АНУ-д явуулсан социологийн судалгаанаас үзвэл сүүлийн 20 жилд итгэлтэй найз, нөхдийн тоо дунджаар гуравны нэгээр цөөрсөн бол итгэл даах найзгүй хүмүүсийн тоо хоёр дахин өсжээ.
-Хүнийг чин сэтгэлээсээ ойлгох чадвар хүний үнэт чанаруудын нэг. Найз нөхдийн дунд энэ чанар илүү өндөр түвшинд байдаг. Виржиниа их сургуулийн судлаачид найз нөхөд болон огт танихгүй 22 хүнийг цахилгаанд цохиулах айдсыг тархи нь хэрхэн хүлээж авах талаар туршилт хийжээ. Үүний үр дүнд хүний тархи найзынхаа төлөө айж буй мэдрэмж өөрийнхөө төлөө айж буй мэдрэмжтэй ижил түвшинд хүлээн авч буйг тогтоосон байна.
-Хүн амьдралынхаа туршид дунджаар 396 сайн найз, нөхөртэй учирдаг бол цаг хугацааны шалгуураар 12 найз тутмын нэг нь л үлддэг байна.
-Флиндерс их сургуулийн насжилтын төвөөс 10 жилийн туршид явуулсан судалгаагаар хүний амьдралыг уртасгахад хамаатнуудаас илүү найз нөхдийн холбоо илүү ач холбогдолтой болох нь тогтоожээ. Найз нөхөд олонтой 70 дээс насны хүмүүс цөөн найзтай үе тэнгийнхнээсээ 22 хувиар илүү урт насалдаг байна.
-Антропологич Робин Дунбарын хайр сэтгэл нөхөрлөлд үзүүлэх нөлөөллийн талаар хийсэн судалгаанаас үзвэл хэн нэгний амьдралд орж ирсэн хайр сэтгэлийн холбоотой нэгэн тухайн хүний ойр дотнын хүрээллийн хоёр хүний орон зайг булаадаг байна.
-Итгэлтэй сайн найз нөхөргүй хүн илүүдэл жин, хорт зуршилтай болох эрсдэл өндөр байдаг.
-Найзынхаа дургүй зүйлийг мэдэж байх нь нөхөрлөлийг урт хугацаанд бэхжүүлэхэд хамгийн чухал.
Сэтгэгдэл ( 0 )