ТОЙМ: Оросын эрх баригчдын ГОЛ АЙДАС

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 01

ОХУ-ын нийслэл Москва хотноо хотын Думад бие даан нэр дэвшигчдийг дэмжих зөвшөөрөлгүй жагсаал өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Мянга манган жагсагч Москва хотын сонгуулийн хороог сөрөг хүчний улстөрчдийг дэмжсэн олон зуун хүний гарын үсгийг хүчингүйд тооцоох шийдвэрээ цуцлах, сөрөг хүчний нэр дэвшигчдийг бүртгэхийг шаардав.

Жагсаалын үеэр нийт 1388 хүнийг саатуулсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа бол Москва хотын цагдаагийн газраас 1074 хүнийг саатуулсан гэж мэдээлжээ. “ОВД-Инфо” хүний эрхийг хамгаалах цахим хуудас мэдээлснээр, хүчнийхэн жагсагчдын бороохойдон, хэрцгий байдлаар хүч хэрэглэжээ.

Олон улсын эрх хамгаалах “Агора” групп саатуулагдсан хүмүүсийн тоогоор энэ жагсаал рекорд тогтоож байна гэж онцолжээ.

Баривчилгаа жагсаал болохоос өмнө эхэлжээ. Бямба гарагийн өглөө Москва хотын Думад өрсөлдөж буй хэд хэдэн бие даан нэр дэвшигчдийг саатуулсан байна. Тэдний дунд Төрийн Думын гишүүн асан Дмитрий Губков, Авлигатай тэмцэх сангийн захирал Иван Жданов, тус сангийн хуульч Любовь Соболь, орон нутгийн хурлын гишүүд Илья Яшин, Юлия Галямина нар байжээ.

Үүнээс өмнө Москва хотын захирагч Сергей Собянин эмх замбараагүй байдал үүсгэх оролдлого сайн юманд хүргэхгүй гээд хотын аюулгүй байдлыг хуулийн дагуу хангах болно гэж мэдэгдэж байв. Түүнчлэн, зөвшөөрөлгүй жагсаал зохион байгуулах, оролцох нь хууль бус гэж прокурорын газар болон цагдаагийн газар анхааруулж байжээ.

Эсэргүүцлийн цуглаанд Москва хотын оршин суугчдаас гадна, ОХУ-ын бусад хот, бүс нутгаас хүмүүс ирж оролцжээ.

Энэ үеэр цагдаагийнхан бямба гарагийн өглөө саатуулагдсан Илья Яшин, Дмитрий Гудков, Иван Жданов, Юлия Галямина нарыг сулласан байна. Тэд жагсагчдыг Трубная талбай руу хөдлөхийг уриалсан байна. Оройн 20.00 цаг орчим тусгай албаныхан Трубная талбайг бүсэлж, Соболь, Галямина, Жданов, Яшин нарыг дахин баривчилсан байна. Цагдаагийн машинд суухаасаа өмнө Илья Яшин наймдугаар сарын 3-нд болох дараагийн цуглаанд оролцохыг уриалаад амжсан гэнэ.

“Яблоко” намаас Москва хотын хуралд нэр дэвшиж буй Елена Русакова өөрийн твиттер хуудаснаа улстөрчид энэ өдөр жагсаал хийх зөвшөөрөл хүссэн өргөдөл өгсөн гэж бичсэн байна.

Саатуулагдаад буй жагсагчдын асуудал Европын холбооны хүний эрхийн шүүхэд ирсэн гомдлуудын ихэнх хувийг эзэлжээ. Тэдэнд Страсбург хотод байрладаг тус шүүхэд хандахад нь өмгөөлөгчийн туслалцаа үзүүлнэ гэж “Агора” группын тэргүүн Павел Чиков мэдэгджээ.

Хүний эрхийн зөвлөл жагсаалын талаар Путинд илтгэнэ

ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн тэргүүн Михаил Федотов олон нийтийн жагсаал цуглааны үеэр хүчнийхний гаргасан үйлдлийг эрс шүүмжилж, цагдаагийнхан “маш бүдүүлэг” үйлдэл гаргасан гэж онцолжээ. Үүний сацуу тэрбээр сөрөг хүчний тэргүүнүүдийн үйлдлийг мөн шүүмжилсэн байна. Энэ сарын 27-ны өдөр Москва хотноо болсон хэрэг явдлын талаар тусгай тайлан бэлтгэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд танилцуулна гэж Федотов онцолсон байна.

Олон тооны жагсагчдыг баривчилсан явдлыг АНУ болон Европын холбоо эрс буруутгав.

Оросын эрх баригчид Москва хотын Думын сонгуулиас айсан нь

Москва хотын Думын сонгуульд оролцохын төлөө тэмцэж буй сөрөг хүчнийг дэмжиж буй дэмжигчдийн тоо нэмэгдэхийн хэрээр эрх баригчдыг хатуу арга хэмжээ авахаас өөр аргагүйд хүргэж байна гэж Deutsche Welle сувгийн тоймч бичжээ.

ОХУ-ын Мөрдөн байцаах хороо зөвшөөрөлгүй жагсаал цуглаан зохион байгуулах замаар сонгуулийн хорооны үйл ажиллагаанд саад учруулсан гэх эрүүгийн хэрэг үүсгээд байна. Орост шударга сонгууль явуулахад сөрөг хүчнийхэн саад хийж байна гэж үү хэмээн шинжээчид хошигножээ.

Ийм гайхалтай хэргүүд тус улсад гарч буй нь анхны тохиолдол бус юм. Орчин үеийн Оросын түүхэнд бизнес эрхлэгчдийг хомхойн сэдлээр ашиг олж байна гэж буруутгаж, эрүүгийн хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэр гаргаж байсан тохиолдлууд цөөнгүй. Украин зэрэг бусад улсын газар нутаг дээр үйлдсэн гэмт хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн тохиолдол ч гарч байсан. Жагсаал цуглаан зохион байгуулахад зөрчил гаргасан хэмээн зохион байгуулалтад огт хамаагүй хүмүүсийг баривчилж байсан тохиолдлууд нэг бус удаа гарч буй. Долоодугаар сарын 24-ний өдөр сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг мөн ингэж баривчилж байсан.

Эрх баригчдын үйлдэл тэдний ”жагсаал хэнийг ч айлгахгүй, ямар ч нөлөөгүй” гэх үгнээс зөрж байна. Долоодугаар сарын 24-ний өдөр сөрөг хүчний хэд хэдэн нэр дэвшигчдийн гэрт шөнө дөлөөр нэгжлэг хийсэн нь тайван байдлын шинж тэмдэг гэж үзэж боломгүй. Сөрөг хүчнийхнийг ийм илт цагаан цэвэрлэх болсон шалтгаан нь юу байв?

2012 оноос хойш улс төрийн эсэргүүцэл анх удаа мэдэгдэхүйц дэмжлэг аваад байна. Үүнийг Москва хотноо цугларсан 20 мянга гаруй жагсагчид гэрчлэв гэж Deutsche Welle бичжээ.

Шинжээчид хэрхэн дүгнэв

Зөвшөөрөлгүй цуглааныг зохион байгуулсан хүмүүст юу хэрэгтэй байв? Орон нутгийн шинж чанартай асуудлыг холбооны хэмжээнд хүргэх нь тэдний зорилго байсан гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн зөвлөлийн шинжээч Кирилл Кабанов болсон үйл явдлын талаар дүгнэж хэлжээ. Олон нийтийн сүлжээнд жагсаалыг дэмжих уриалга өргөнөөр цацагдаж, хаашаа явах, юу хийх талаар зааварчилгаа өгч байжээ. Хэрэв арга хэмжээ тайван, чимээгүй болсон бол ийм үр дүнд хүрэхгүй байсан. Шинжээчийн хэлснээр энэ бол дэлхийн олон оронд олон удаа туршигдаж, батлагдаж байсан жишиг болсон нөхцөл байдал. Яг ийм аргачлалаар бүх өнгөт хувьсгалууд болж байсан. Хууль бус жагсаал цуглааныг зохион байгуулагчдын гол зорилго бол хууль сахиулагчидтай ширүүн, хүн хэрэглэсэн, хүний эрүүл мэнд, тэр ч байтугай хүний амь насыг хохироосон мөргөлдөөн үүсгэх явдал юм гэж Кабанов онцлов.

Ингэхдээ зохион байгуулагчид хууль сахиулагчдад зөвшөөрөлгүй жагсаал цуглааны үеэр хүртэл иргэдийн эсрэг хүч хэрэглэхгүй байх тушаал өгсөн байдгийг сайн мэддэг. Энэ тохиолдолд юу хийх ёстой вэ. Өдөөн турхирах. Москвад болсон эсэргүүцлийн цуглаанаар өдөөн турхирсан явдал гарсан уу. Биеийн хөгжил сайтай залуучууд бүслэлтийг тасалж байснаас үзвэл тэднийг эртнээс бэлтгэсэн байсан нь илт. Бас нэг жишиг болсон мэх бол нулимс асгаруулагч хий хэрэглэх явдал байдаг. Кабановын хэлснээр Оросын хууль сахиулагчид тушаал өгөөгүй тохиолдолд өдөөн турхирсан үйлдэлд хариу үзүүлэхэд бэлэн бус байдаг. Харин саяны удаад ийм тушаал ирээгүй. Хэрэв ийм байдал Франц юм уу, Германд үүссэн бол өөр арга хэмжээ авах байсан. Францад “шар хантаазтнуудыг” хэрхэж буйг бүгд л харж байгаа.

Кабановын үзэж буйгаар тусгай албад болон цагдаагийнхан эрсдэлийг бууруулж чаджээ. Учир нь энэхүү жагсаалын үеэр хүний амь нас хохироогүй. Аюулынх нь хэмжээтэй дүйцэхүйц түвшинд баривчилгаа хийсэн. Зохион байгуулагчид хүний, тэр тусмаа насанд хүрээгүй хүүхдүүдийн амь насаар дэнчин тавихыг хүсэж байсан нь тодорхой гэж Оросын шинжээч Москвад үүссэн нөхцөл байдлыг дүгнэж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(41.79.217.126) 2019 оны 08 сарын 01

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top