УИХ-ын гишүүн Д.Очирбат: “23 хүүхэд төрүүлж өсгөсөн ээж Баянхонгорт байна”

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 06

УИХ-ын нэр бүхий гишүүд одонтой эхчүүдэд цалин урамшуулал олгох талаар хуулийн төсөл өргөн барихаар зэхэж буй. Энэ талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Д.Очирбатаас тодруулсан юм.

-Одонтой ээжүүдэд цалин олгох талаар хуулийн төсөлд тусгажээ. Энэ талаар тодруулна уу?
-УИХ-ын нэр бүхий гишүүд олон хүүхэд төрүүлсэн Алдарт эхийн II зэргийн одонтой эхчүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэхүйц цалин олгохоор тусгасан. Мөн эхийн I зэргийн одонтой эхчүүдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц, найм буюу түүнээс дээш хүүхэд төрүүлсэн ээжид эл хэмжээний мөнгө өгөхөөр хуульчлаад байна. Энд нэг зүйлийг сонирхуулахад, Баянхонгор аймагт 23 хүүхэд төрүүлж, өсгөсөн ээж байдаг юм билээ.
-Ийм олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээж ховор байх. Тэгэхээр иймэрхүү онцгой ээжийн урамшуулал цалинг арай өөрөөр тогтоох ч юмуу, эсвэл нэмж урамшуулал олгох тухай асуудал хөндөгдөх болов уу?
-Энэ ээж шиг олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд хөдөлмөрийн хөлсийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц цалинтай болгох асуудлыг тус хуулийн төсөлд тусгасан байгаа.
-Та бүхэн хуулийн төслөө хэзээ өргөн барих вэ?
-Ц.Цэнгэл болон нэр бүхий гишүүдийн хамтран санаачилсан энэ хуулийн төслөө тун удахгүй өргөн барихаар зэхэж байна. Тодруулбал, төслийн гол санаа нь эх орондоо бүл нэмж, өнөр өтгөн иргэдтэй болох их үйлсэд хувь нэмрээ оруулсан олон хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүддээ сар бүр цалинтай болгох асуудлыг чухалчилсан. Ер нь хүнээр хүн хийх хэцүү шүү дээ. Ялангуяа, зах зээлийн энэ хатуу ширүүн нийгэмд. Тиймээс л төр засгаас энэ эхчүүддээ тусалж, дэмжих зорилгоор эл хуулийн төслийг санаачлаад байна. Мөн байнгын хороо болон бусад холбогдох шатанд одонтой ээжүүдийн талаарх санал зөвлөмж, хуулийн төсөл хэлэлцэгдэж байна. Хамгийн гол нь алдарт эхийн одонгийн болзол хангасан ч одонгоо аваагүй байгаа ээжүүдийг өргөнөөр хамруулах асуудал голчилж байна. Тийм ч учраас энэ жилийн тухайд, шат шатандаа нэлээд ачаалалтай ажиллаж байгаа юм. Эцэст нь хэлэхэд, үр хүүхдээ өсгөж байгаа энэ алдарт эхчүүдийнхээ алдар гавьяаг үнэлэхгүй байхын аргагүй.


Эх сурвалж: Нийгмийн толь сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top