Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал өнгөрсөн долоо хоногт туульсын нэгэн оргил Санжийн Пүрэвийн уран бүтээлийг уншигч танд өргөн барьсан билээ. Энэ долоо хоногт уншигч таныг дэлхийн дэвжээнд хүрсэн Монголын сонгодог найрагч Б.Явуухулангийн ертөнцөөр аялахыг урьж байна.
Хүлэг минь, шүлэг минь
Чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй
Б.Явуухулан
Говь
Говь гэмээ нь
Говь билээ.
Говь заримдаа
Улайссан тогоо шиг
Ууршин байдаг
Голио царцаа нь
Хуурсан тариа шиг
Үсчин шуугидаг
Говь гэмээ нь
Говь билээ
Говь үнэндээ
Гол мөрөн үгүй билээ
Говь өөрөө
Гол мөрнөө орлодог билээ
Гэлээ ч гэсэн манай говь
Гэрэлт наран дор шуурайлж
Хүрэнтэн найгах тарианы
Хүй их талбар билээ
Хүрэнтэх тарианы түрүү нь
Хүрэн улаан тэмээд билээ.
Говь гэмээ нь
Говь билээ.
Говь чухамдаа
Газар шороон тэнгис билээ.
Говийн манхан
Гаталж гаршгүй давалгаа нь билээ
Тэглээ ч гэсэн манай говь
Тэргэл саран дор шууранхайлж
Цангинан дуурсах дууны
Цайдам их талбар билээ.
Цангинах дууны эзэн нь
Цайдам говийн бүсгүй билээ
Говь гэмээ нь
Говь билээ.
Говь заримдаа
Хөөрүүлж тавьсан сүү шиг
Хөрсөн байдаг
Говийн гадарга
Загсааж орхисон өрөм шиг
Дарайн шаргалтдаг.
Говь гэмээ нь
Говь билээ.
Говь үнэндээ
Газар дэлхийн ав анхны бүтэц билээ.
Говийн хөрс
Галав эринд элсжсэн билээ.
Гэлээ ч гэсэн манай говь
Гэгээн тэнгэр шиг цэлийсэн
Дуусашгүй их баялгийн
Дундаршгүй арвин орд билээ.
Нефтийн цамхаг ярайтал босгож
Нээж бид дээжилсэн билээ.
Говь гэмээ нь
Говь билээ.
Говь чухамдаа
Газар дэлхийн толин цэнхэр дэлгэц билээ.
Говийн зэрэглээ
Галбын уран дархан билээ.
Тийм ч учраас манай говь
Тив дэлхийд дуулиантай
Гандирсын хотын зургийг
Ганган зэрэглээндээ гаргадаг билээ.
Тэр зургийг бид хот болгож
Тэнүүн говьдоо барих билээ
Говь гэмээ нь
Говь билээ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )