УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар 2008-2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, 2010 оны үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцээд дүгнэлт гаргажээ. Дүгнэлтэд нэн шаардаагатай 10 асуудлыг хөндөж, 2011 оны төсвийн тодотгол, 2012 оны төсөвт тусгуулахаар хэлэлцсэн байна. Сонгуулийн болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ч явц нь удаашралтай, биелэлт хангалтгүй ажлууд оржээ. Тухайлбал, иргэдэд олгох 1.5 сая төгрөгөөс орон сууцны зээл хэлбэрээр нэг сая төгрөг бэлэн бусаар олгох, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний төлбөр, тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалын шимтгэл, тэтгэвэрт гарсан 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэйчүүдэд нэг сая төгрөгийг бэлнээр олгох хэрэгтэй гэж үзсэн тул Эдийн засгийн байнгын хороонд санал дүгнэлт оруулахаар болжээ. Мөн цалин, цалингийн зээл, тэтгэвэр, малчдын зээл гээд бусад зээлийн төлбөрөөс нэг сая төгрөгийг төлөхөд чиглэгдсэн байна. Ингэснээр амлалтын 1.5 сая төгрөгнөөс 500 мянга нь сар бүрийн 21 мянган төгрөгөөр хаагдаж байгаа бол үлдсэн сая төгрөгийг ийнхүү зээлийн төлбөр төлөх хэлбэрээр олгох боломж үүсэх аж. Харин стратегийн орд газрыг эргэлтэд оруулах замаар ард иргэддээ хувьцаа хүртээх сонгуулийн амлалтаа Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж, Тавантолгойн 10 хувийг хувьцаа болгон тараах, Оюутолгойн давуу эрхийн хувьцааг иргэн бүрт өгөх хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарсан байна. Мөн цэцэрлэг буюу сургуулийн өмнөх насны байгууллагыг нэмэгдүүлэхийг хуралдаанаар хөндөж, байгаль орчин, орон нутгийн эрх мэдлийн асуудлаар ярилцжээ. Түүнчлэн Говийн болон алслагдсан бүсийн нэмэгдлийн тухай хуулийг дагаад Татварын хуулиудад өөрчлөлт орох хуулиудыг санаачилсан гишүүдийн төслийг яаралтай УИХ-аар хэлэлцүүлэх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр болжээ. Мөн 50 хувиас доогуур биелэлттэй ажлуудыг нэг бүрчлэн жагсаагаад тодорхой заавар өгөхөөр шийдвэрлэсэн байна. Бүлгийн дарга Д.Лүндээжанцан, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт мянга, үндсэн чиглэлд 400 гаруй зорилт байна. Энэ нь маш их хэмжээний ажил шаардах тул салбар салбараар нь ажлын хэсэг дүгнэлт хийж хуралдаанд оруулсан гэж ярилаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )