“Авлигатай тэмцэгч” хоригдол Д.Сундуйсүрэн Хүний эрхийн комисст хандав

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07


 

Авлигатай тэмцэх газрын дарга нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх авч хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталсан билээ. Ч.Сангарагчаа, Д.Сундуйсүрэн, Ө.Алтангадас гурав одоо хорих ангийн шинэ байранд хоригдож байгаа. Ажилтнуудаа тагнаж чагнасан зэрэг гэмт хэргүүдийн нотлох баримт хангалттай тул хяналтын шатны шүүх тэдний “Эдгээр хэрэгт буруугүй” гэсэн өргөдлийг нь хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм. Тэгвэл өчигдөр дэд дарга Д.Сундуйсүрэн нь Хүний эрхийн комисст өргөдөл гаргажээ. Тэрээр “Хоёр шатны шүүх миний асуудлыг шударгаар шийдэж чадаагүй бөгөөд энэ нь хүний эрхийг зөрчсөн явдал боллоо” гэсэн байна. Аливаа хүн өөрийн санал хүсэлтийг хаана ч чөлөөтэй илэрхийлэх боломжтой. Тиймээс тэр энэ удаа хяналтын шатны шүүхээр асуудлаа шийдүүлэхийн өмнө ийнхүү өргөдөл өгч буй хэрэг болов уу. Уг нь ажилтнаа хууль бусаар тагнаж чагнасан үйлдлийг нь ТЕГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгасан юм гэсэн. Гүйцэтгэх албаны дарга асан Ө.Алтангадас нь Ч.Сангарагчаа даргынхаа үүргийг л биелүүлэн чагнах төхөөрөмж ашиглаж байсан гээд байдаг юм. Тэгэхээр дэд дарга Д.Сундуйсүрэнд энэ нь огт хамаагүй байсан юм байлгүй дээ. Түүнийг ер нь тагнуулынхан хүчээр хэрэгт хийчихсэн болж таарав бололтой. Тэгвэл тэр тагнуулчид нь аягүй бол хүн гүтгэсэн хэрэгт холбогдох юм байна л даа.

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top