Л.Нарантуяа: Хамтран амьдарна гэдэг хөгшрөхгүй гэж боддог хүмүүсийн алдаа

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

Гэр бүлийн асуудлаар хууль зүйн ухааны доктор, гэр бүл судлаач Л.Нарантуяатай ярилцлаа.

 -Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Ломоносовын их сургуульд гэр бүлийн эрх зүйн мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Сүүлийн зургаан жил "Өүлэн эхийн оюуны бадраах төв"-ийн тэргүүнээр ажиллаж байна. Гэр бүлд зөвлөгөө өгөх, лекц сургалт зохион байгуулахаас гадна гэрийн асрагч багш бэлтгэдэг.

-Гэр бүл гэж юу вэ?

-Хайрын харилцааг төгс төгөлдөр болгож, хүнийг аз жаргалтай болгодог орчныг гэр бүл гэж тодорхойлдог. Хүн 50 жил хөдөлмөрлөнө. Харин гэр бүлийн сургуульд насан туршдаа суралцдаг. Үүнийг л хүмүүс сайн ухамсарлах хэрэгтэй. Манай улсад 640 мянган гэр бүл байдаг. Тиймээс гэр бүлийн боловсрол чухал.

-Сүүлийн үед гэр бүл салалт ихсэх хандлагатай болжээ?

-Гэр бүл салалт ихсэж байна. Үүнийг дагаад ажилгүйдэл, архидалт нэмэгддэг. 640 мянган гэр бүлийн ард хэдэн мянган өрх толгойлсон эх байгааг мэдэхгүй. Гадаад руу 25-45 насны гэр бүлтэй 200 мянган хүнийг явуулж байна. Манай байгууллагын судалгаагаар гадаад уруу явсан нийт хүмүүсийн 30 хувь нь салж, 40 хувь нь хоёр амьдралаар амьдарч байна. Харин үлдсэн 30 хувь нь эргэж гэр бүлдээ ирдэг.

-Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?

-Хамгийн түрүүнд хүмүүс гэр бүл гэж юу болохыг ухаарах хэрэгтэй. Мөн гэр бүлийн яам, агентлаг байгуулагдсан цагт өөрчлөгдөнө. Гэр бүлийн харилцаа төрийн бодлого болсон цагт төлөвших болно. Гэтэл гэр бүлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэдэн газар нь зөвхөн урлаг соёлын арга хэмжээ зохиодог. Гэр бүлийн чиглэлээр сургалт зохион байгуулдаг хувийн хэдэн байгууллага л үүнд анхаардаг. Манай төв гэхэд л 2500 хүнийг ажлын байртай болгож, хүүхдийн асрагч, үйлчлэгч багш бэлтгэж байна. Ингэснээр филиппин үйлчлэгчид 500 ам.доллар өгөх шаардлагагүй болж байгаа юм.

-Танай төвд хүмүүс голдуу ямар асуудлаар ханддаг вэ?

-Өөрийнхөө төлөө тэмцдэг хүмүүс ирдэг. Манай байгууллага салсан гэр бүлийг эргэж нийлүүлсэн. Салгахад хүргэдэг асуудлаар ярилцаж зөвлөгөө өгдөг. Нэгэнт үр хүүхэдтэй болсон бол сайн ойлгуулж гэр бүл зохиоход нь тусалдаг. Салалтаас болж хүүхэд өнчирч, хохирдог гэдгийг ойлгуулахыг хичээдэгюм.

-Ер нь эрт гэрлэх зөв үү?

-Залуудаа гэрлэсэн хүмүүс жаргалтай амьдардаг. Хүн мөнгөний үнэ цэнийг мэдээгүй, хар муу санаа суугаагүй байх үедээ гэр бүлтэй болох нь зөв байдаг. Бидний аав, ээж багаасаа үерхэж нөхөрлөөд ёстой л өмссөн хувцастайгаа нийлдэг байсан. Өөрсдөө амьдралаа шийдэж өмч хөрөнгөө цуглуулаад амьдардаг. Өнөөдрийн нийгэмд эд баялгаа бүрдүүлээд амьдрал зохиохоор эд хөрөнгөний маргаан гардаг. Өмч хөрөнгө ямагт гэр бүлийн дараа орох ёстой гэж гэр бүл судлаачид үздэг. Тиймээс гэр бүл болохдоо зүрх сэтгэлээ сонсоорой гэж захидаг.

 -Хамтран амьдрагч гэр бүл мөн үү?

-Хамтран амьдарна гэдэг нь хөгшрөхгүй гэж боддог хүмүүсийн алдаа. Хөгшрөөд ирэхээр хажууд байж аяга цайгаа хувааж уудаг хүнтэй байх хэрэгтэй. Тиймээс гэр бүл зохиох гэж байгаа бол зуурдын учралыг битгий сонгооч гэж хэлмээр байна.

-Хүүхэд асрагчийг хэрхэн бэлтгэж байна?

-Манай төв хүүхдийн асрагчаар сард 20 хүн бэлтгэдэг. Айл болгон өөр үйлчилгээ авахыг хүсдэг. Нярай хүүхэд асардаг, хоол хийдэг, эсвэл цэвэрлэгээ хийдэг хүн нь тусдаа байх жишээтэй. Ажилд оръё гэж ирсэн хүн бүрийг авдаггүй. 100 хүн ирэхэд 10 нь тэнцдэг. Үүнийгээ бид "Эхнэрийн их сургууль" гэж нэрлэдэг юм.

-Асрагчийн сургалтад хамрагдахад төлбөр төлөх үү?

- Зах зээлийн нийгэмд үнэгүй юм үнэ цэнэгүй. Асрагч багш бэлтгэхэд 80-90 мянган төгрөгийн шимтгэл авдаг. Түүнийг ажилд авч байгаа айлууд нь төлдөг юм. Ер нь асрагч багш 150-600 мянган төгрөгийн цалинтай. Манай төв тогтсон ханштай. Нас харгалзахгүй сарын 300-390, өдрийн 13500 төгрөгөөр тооцож цалинждаг. Монголд 10 мянган айл гэрийн үйлчлэгч авч байна. Нийт хүн амын 46 хувийг хүүхэд эзэлдэг. Эцэг эхчүүд ажилтай учраас асрагч багш нар шаардлагатай.

-Цаашдаа ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Хүмүүсийн гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сургалт зохион байгуулна.Ганц бие хүмүүсийг ханьтай болгох ажил зохионо.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ээгий(59.153.114.113) 2016 оны 03 сарын 12

Ганц бие залуусыг ханьтай болгоно чих шиг энэ хүний мэдэх хэрэг үү? Тэр Мүүнрүүгээ зайлаасай.

0  |  0
бат амгалан(202.55.182.82) 2014 оны 01 сарын 14

өөрийн гэсэн ажлын байргүй , хань ижил, үр хүүхэд байхгүй нийгэмд байр сууриа эзэлж чадаагүй байсаар 30 гараад явж байгаа жирийн нэг залуу байна.

0  |  0
Top