Н.Энхбаяр: Бин Ладен бид хоёргүй зүйл байх биш дээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 07

Улс төрч байна гэдэг нь хамгийн гайтай ажил бололтой. Нөгөө муу Намбарын Энхбаярыг хэмлэхгүй “нохой” ч алга болжээ. Захын нэг муу чавганц хүртэл адгийн шаараар нь дуудаж байна. Ёстой үйлийн үртэй амьтан гэж  ийм байдаг байх даа. Н.Энхбаярт ядаж жаахан ч гэсэн гялтайх цагаан юм алга гэж үү. Байх нь ч нэг муу юм байгаа л байх. Гэхдээ түүнийг монголчууд олон жилийн өмнөөс авлигын загалмайлсан эцэг хэмээн цоллож байгаа. Энэ нь үнэндээ Н.Энхбаярын засаглалын үед нийгэмд авлига жинхэнэ цэцэглэж эхэлсэнтэй холбоотой юм. Мань эр авлигыг эцэс болгох талаар үнэндээ юу ч хийгээгүй. Хийхийг ч хүсээгүй. Учир нь түүний удирдаж байсан нам, Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газар зэрэг нь авлигаар л тэжээгдэж байлаа. Одоо ч энэ ул мөр амь бөхтэй хэвээрээ, шинэ шинэ арга хэлбэрээр улам баяжин хөгжиж байна. Тиймээс түүнийг загалмайлсан эцэг гэхээс өөр юу гэх билээ. Хүн төрөлхтөн дайн дажингүй, элдэв гэмт халдлагагүй амар жимэр амьдрахад өнөөдөр лалын алан хядагчид ихээхэн гай тарьж байгаа. Үүнээс дутахааргүй гамшиг Монголд авлигаар дамжин нүүрлээд байгаа юм. Саяхан Н.Энхбаяр лалын алан хядагчдыг удирдаж байсан гол хүн Осама Бин Ладентай өөрийгөө зүйрлэжээ. Бин Ладенг Америкчууд устгасан. Гэхдээ түүнийг залгамжлагчид хаа сайгүй байна. Үхсэн буурын толгойноос амьд атан тэмээ айна гэгчээр Бин Ладений үхсэн толгой дэлхийг түгшээсэн хэвээрээ. Үүнтэй адил Н.Энхбаяраас Монголын сэхээлэг хэсэг нь айн дагжиж байна. Авлигыг улс төр, эдийн засаг, нийгмийн систем болгон бэхжүүлж чадсан тул арга ч үгүй биз. Үүнийгээ тэр анзаарсан шинжтэй харин саяхан Н.Энхбаяр “Бин Ладен бид хоёргүй зүйл байх биш дээ” хэмээн уулга алджээ. Тийм ээ. Шударга зөв амьдралд энэ хоёр хүнээс өөр айх зүйл бараг алга байх шиг байна. Н.Энхбаяр дахиад улс төрийн тавцан руу мацаж байгаад нь хүмүүс улам их санаа зовоод байгаа юм. Дахиад Монгол Бин Ладен гараад ирэх вий хэмээн түгшиж байна.  

Сэтгүүлч Б.Отгонбаяр

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал     

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top