Michel & Amazonka: Тамирчдадаа европ загвар санал болгохоос татгалзсан

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 12

“ТОКИО 2020” Зуны олимп, паралимпийн наадамд оролцох Монгол Улсын багийн ёслолын болон спортын хувцасны загварын уралдаанд нийт 10 загвар зохион бүтээгч загвараа ирүүлснээс “Мишээл-Амазонка" ХХК-ийн буюу Michel & Amazonka брэндийн ирүүлсэн загвар ёслолын болон спортын төрлүүдэд шалгарчээ.

БСШУСЯ-наас өнөөдөр /2019.09.12/ тэргүүн байр эзэлсэн багт батламж, 10 сая төгрөгийн урамшуулал гардууллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр “2020 оны 7-8 сард болох зуны олимп, есдүгээр сард зохион байгуулагдах паралимпийн нээлт болон хаалтын ёслолд "Michel & Amazonka" брэндийн урласан хувцсыг өмсөж оролцоно. Харин тамирчдын бэлтгэл болон тэмцээний үеэр, олимпын хотхонд байх хугацаандаа өмсөх өдөр тутмын хувцсаар Японы “Мизуно” брэндийн таван төрлийн хувцас захиалсан байгаа. Нийт 13 төрлийн хувцас байгаагийн найм нь Michel & Amazonka брэндийнх гэсэн үг. Токио хот дахь Монголын Элчин сайдын яамны байранд “Мизуно”-д захиалсан хувцаснаас размер бүрийн эхний загварууд хүргэгдэж ирсэн байгаа. Ирэх долоо хоногт Улаанбаатар хотод авчирна. Есдүгээр сарын 20-25-ны хооронд Сүхбаатарын талбай дээр бүх хувцсыг тамирчдад өмсүүлж, олон нийтэд танилцуулна. Монгол Улс өөрсдөө олимпод оролцох тамирчдынхаа спорт хувцсыг урлаж байгаа анхны тохиолдол болж байна” гэлээ. 

“Мишээл Амазонка” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхжаргал “Бид сонгон шалгаруулалтад оролцохдоо өмнө нь тамирчдын олимпод өмсөж байсан хувцсыг сайн судалсан. Манай Улс 1968 оны Мехикогийн олимпын наадамд монгол дээлтэй оролцон,  анх удаа медаль хүртэж байсан. Энэ нь билэг дэмбэрэлтэй санагдсан. Сүүлийн үеийн олимпын наадмуудад европ загварын хувцастай оролцсон учраас бид монгол үндэсний хувцасны хэв маягийг оруулахыг зорьсон. Дөрвөн загвараас энэхүү загвар шалгарсан. Олимпод оролцох тамирчдынхаа хувцсыг урлах болсондоо баяртай байна” гэв.

"Токио 2020" олимп, паралимпийн наадамд оролцох баг тамирчдын спортын болон ёслолын хувцасны зардалд 394,3 сая төгрөг зарцуулах бөгөөд санхүүжилтийг “Токио олимп сан”-гаас шийдвэрлэх юм байна. 
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.184.120) 2020 оны 06 сарын 17

Хөндлөн судал хүний энeргийг хуваадаг сарниулдаг соёомбтой бэлтгэлийн хувцас далий орчуулгатай байгаа нь моод уу унаж байгаа монголын бодит байдлыг дэлхийд хэлэх гэсэн оролдлого уу ?

0  |  0
bi(64.119.17.4) 2019 оны 09 сарын 12

dajgui

0  |  0
You (66.181.185.93) 2019 оны 09 сарын 12

Goe bn

0  |  0
Top