Сэтгүүлчдийн хэл, бичгийн алдаа эрдэмтдийн СУДЛАГДАХУУН болжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 16

“Монгол хэлний хууль” 2015 оны хоёрдугаар сард  батлагдсан. Энэ хуулийн дагуу монгол хэлийг хамгаалах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үүрэг бүхий Хэлний бодлогын зөвлөл ажиллаж байгаа билээ. Хэлний бодлогын зөвлөл нь “Монгол хэлний хууль”-д заасан тодорхой заалтуудын дагуу байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд энэ удаагийн хамтын ажиллагааны хүрээнд “Монголын Сайтын холбоо”-той Санамж бичиг үзэглэлээ.

“Монгол хэлний хууль”-д зааснаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх байгууллага нь монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын хэм хэмжээг чанд мөрдөх, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн ур чадварын шалгалтад монгол хэл, бичгийн мэдлэгийн шалгуур тогтоосон байх гэсэн үүрэг хүлээдэг. Энэ үүргийн дагуу Хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлч, редакторуудад өнгөрөгч баасан гарагт “Цахим сэтгүүл зүй ба монгол хэлний дархлаа” сэдэвт сургалт явууллаа. Сэтгүүлч, редакторуудын ур чадварыг сайжруулах зорилгоор зөв бичих дүрэм, найруулга зүйн сургалтыг тогтмол зохион байгуулах гэсэн заалтын дагуу Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс Монголын Сайтын холбоотой хамтарч дээрх сургалтыг баримт дээр тулгуурлаж явуулав.

Сэтгүүлчидтэй хамтарч Редакторуудын Улсын зөвлөгөөнийг хоёр жил зохион байгуулсан Хэлний бодлогын зөвлөл нь төрийн байгууллагын албан хаагчдад, ерөнхий боловсролын сургуулийн багш нарт албан бичгийн болон найруулга зүйн сургалтыг тогтмол явуулдаг. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичигт Хэлний бодлогын зөвлөлөөс задлан шинжилгээ хийж, зөв бичих дүрмийн журамласан толийг баримтлаагүй, найруулгын хувьд алдаатай байна гэх дүгнэлт гарсан тул сурах бичгийг редакторуудтай хамтарч шинэчлэн боловсруулжээ. “Эх нь булингартай бол адаг нь булингартай” гэдэг шиг сурагч үеэс нь алдаа мадагтай дүрэм заагаад эхэлбэл албан байгууллагаар дүүрэн алдаатай бичигтнүүд гарч ирэх нь зүйн хэрэг. “Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл мөн” хэмээн биднийг сургаж ирсэн. Тухайн улс орны тусгаар тогтнолын дархлаа нь эх хэл, өв соёл байдаг учраас эх хэлнийхээ манаанд зогсож буй эрхэм бичгийн мэргэд, бичиг соёлын толь болсон сэтгүүлчдийг чадваржуулах тал дээр ийнхүү анхаарч эхэлсэн нь нүдээ олсон хэрэг.

Сэтгүүлч, редакторуудад Монгол Улсын гавьяат багш, Шинжлэх ухааны доктор, профессор Б.Базаррагчаа Монгол хэлний дүрмийн хичээл орохдоо “Монгол хэлний дүрэм өөрчлөгдөөгүй. Бид өөрсдөө буруу хэрэглэж хэвшсэнээс буруу ойлголт иргэдийн дунд тогтох хандлага гарч байна. Жишээ нь  “сурагчдадаа” гэж бичихийг “сурагчиддаа” гэж буруу бичиж хэвшсэн байдал харагддаг. Сэтгүүлчид гэдэг тухайн улсын үйл явдал, мэдээллийг ард түмэнд хүргэдэг гүүр учраас уншигчид тэдний хэлсэн үг хүчтэй, тэдний бичсэн үг үнэн гэж итгэдэг. Тийм учраас сэтгүүлчид мэргэжлийн болоод бичгийн соёлын хувьд хамгийн өндөр түвшний хүмүүс байх ёстой. Нийгэмд буруу ташаа, давхар ёгт утгатай, шинэ нэр томьёо гаргаж, хэл зүйн дүрэм болон үгийн санг будилаантуулах явдал сүүлийн үед гарч байна. Энэ нь цаашлаад олны амнаас ам дамжин, хэрэглээ болох арвин баялаг хэлний ай савыг гажуудуулах сөрөг талтай. Та бүхэн нийгмийн толь гэдэг утгаараа зөв ярьж, алдаагүй бичих нь зүй ёсны үүрэг, хариуцлага юм” гэдгийг онцолсон юм. Мөн түүнчлэн үгийн язгуур үндэс дээр залгах нөхцөл, дагаврын дүрэм нь монгол бичигтэй салшгүй холбоотой учир олон зуун жил уламжлан ирсэн монгол бичгээ зайлшгүй мэдэж байх шаардлага буйг ч давхар сануулав.

Цахим орчинд латин үсэг их хэрэглэж байна, хэлний бодлого алдагдаж байна гэсэн гомдол, санал Хэлний бодлогын үндэсний зөвлөлд олонтаа ирдэг аж. Иргэдийн хүсэлт дээр тулгуурлаж, тус холбоотой хамтарч хэл бичгийн эрдэмтдийн мэдээллийг хүргэх, мэдээлэл, арга зүйн зөвлөгөөг хүргэх, цахим орчинд кирилл үсгээр алдаагүй зөв, зохистой бичих, нийтийн эх хэлний боловсролыг сайжруулах зорилгоор аян өрнүүлж эхэллээ. Сүүлийн үед сонин, сэтгүүл, телевизийн алдаа тамтгаа алдсан гэхэд хилсдэхгүй. Энэ нь нүдний өмнө байнга үзэгдсээр, дасах, хэвших хандлагатай болж байгаа нь ч нууц биш. Монгол Улсын боловсролын их сургуулийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Хэл шинжлэлийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Ганболд “Сэтгүүлчдийн гаргаж буй түгээмэл алдаа” сэдвээр цахим орчинд сүүлийн таван жилд гарсан сэтгүүлчдийн алдааг түүгээд баримт дээр тулгуурлан, хэл шинжлэлийн үүднээс тайлбарлав. Сэтгүүлчдийн алдааг хэл, бичгийн эрдэмтэд шүүгээд, түүгээд, задлан шинжлээд судалж байдгийг энэхүү сургалтаар олж харсан хүн бүрд эмзэглэх, ичих мэдрэмж төрөө биз ээ. Доктор, дэд профессор Г.Ганболд “Сэтгүүл зүйд хамгийн их алдаж байгаа алдааг тоймловол тийн ялгалын нөхцөлүүдийг хольж солих, ярианы хэлээр бичих, нэр болон үйл үгийн хувиллыг эндүүрч залгах, зохисгүй үг хэллэг хэрэглэх, метафор буюу дүрслэлийг оновчгүй хэрэглэх зэрэг алдаа давтагдаж байна” гэв.

 

 

Хэл найруулга нь цаг үеийнхээ хэрэгцээ, шаардлага хэм хэмжээнд нийцсэн тухайн хэлний хамгийн идэвхтэй үг хэллэгийн өнгө аяс, шинж төрхийг бүрэн илэрхийлж байдаг. Хэвлэл мэдээллийн хэл гэдэг бүх нийтэд хамгийн ойлгомжтой, энгийн мэдээллийн цогц хэл. Тодорхой хэсэг бүлгийн эрх ашгаас илүү улс үндэстний эрх ашиг чухал бөгөөд нийгмийн хэл яриа, хүний соёлын түвшин, хэлний боловсролыг төгөлдөржүүлэхэд энэ нь ихээхэн ач холбогдолтой юм. Сэтгүүлч хүний бичлэг тухайн цаг үеийнхээ хэвлэл мэдээллийн чадвар ямар байгааг илтгэж байдаг. Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээ, хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, хэл бичгийн ухааны доктор О.Шинэбаяр “Монгол хэлний найруулга зүй” сэдвээр сэтгүүлчдэд сургалт явуулахдаа “Сэтгүүл зүйд үг илүүдэх, үг дутах, үг буруу сонгох, учир зүйн найруулгын алдаа, бүрэн ба бүрэн бус давтах найруулгын алдаа, хийсвэр болон төрөл зүйл заасан үгэнд олон тооны дагавар залгах, тухайн үйл үгийг нэршүүлж хэлэх, бусдаар үйлдүүлэх хэвийн нөхцөл хэрэглэх, утгыг тодорхой ойлгож бичээгүйн улмаас уншигчдад олон салаа утгаар хүрэх зэрэг алдаа давтагдаж байна” хэмээв.

Сургалтын төгсгөлд Монголын Сэтгүүлчийн нэгдсэн эвлэлийн Хяналтын зөвлөлийн дарга Б.Цоожчулуунцэцэг “Бид Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын зөвлөлтэй хамтарч цаашид үе шаттай олон сургалт зохион байгуулна. Цахим орчинд монгол хэлээр зөв найруулгатай, алдаагүй бичих аяныг хамтдаа хэрэгжүүлж эхэлцгээе” гэж уриалсан бол Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга Н.Нарангэрэл “Монгол хэлний хуульд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хэвлэн нийтлэх үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагууд монгол хэлний зөв бичих дүрэм, орчин цагийн утга зохиолын бодлогын хэм хэмжээг баримталж байгаад хяналт тавих гэсэн заалт байдаг. Энэ заалтыг зөрчсөн байгууллага, хувь хүн Зөрчлийн тухай хуулиар торгуулна гэсэн заалтын дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газартай санамж бичиг байгуулсан бөгөөд цаашид хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, шаардлагатай бол албан бичиг явуулж сануулах, энэ байдал давтагдаж, даамжирвал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас торгох хүртэл арга хэмжээ авах зохицуулалттай” гэдгийг тодотгосон юм.

Хэл оршихын  нөхцөл нь түүний үнэ цэн, яриа бичгийн хэрэглээнд тулгуурласан амьд хөгжил юм. энэ нөхцөлийг хангасан хэлэнд харь хэл, соёл нөлөөлж, халдаж довтолж чадахгүй. Бид эх хэлээ дээдлэн хүндэлж, учир утгыг нь ухаж ойлгон, яруу тансаг үг хэл, баялаг утгыг нь баллан зэрэмдэглэхгүй болбоос чихэнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл мөнх оршсоор байх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top