Б.Мөнхбат: Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан 400 гаруй гадаадын иргэн бий

2019 оны 09 сарын 17

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Хятад иргэд зөвшөөрөлгүй алт ухаж байгаль орчныг сүйтгэж байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед нийгмийн сүлжээгээр хүчтэй тархсан билээ. Энэ талаар бид Гадаадын иргэн, харьяатын газрын Хойд бүс дэх газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.


-Сүүлийн өдрүүдэд нийгмийн сүлжээгээр “Хятад иргэд зөвшөөрөлгүй алт ухаж байгаль орчныг сүйтгэж байна” гэсэн мэдээлэл тархаж, иргэдийг ихээхэн бухимдуулж байна. Танай байгууллага энэ асуудлыг шалгасан уу? Шалгалтаар ямар асуудал илэрсэн бэ?

-БНХАУ-ын иргэд хууль бусаар алт олборлох үйл ажиллагаа явуулж  байгаа талаар өрөөсгөл ойлголт нийгэмд тархаад байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын гуравдугаар баг буюу Бугант тосгоны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэд жуулчин ангиллын визтэй алт олборлох үйл ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл цацагдсан юм. Энэ асуудлаар 2019.08.02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас манай байгууллагад 41/1-3014 дугаар албан бичгээр хандсан. Үүн дагуу БНХАУ-ын нэр бүхий найман иргэнийг шалгахад, нэр бүхий таван иргэн нь Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын 2019.07.22-ны өдрийн 6/4543 дугаартай хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу “HG” ангиллын визээр Замын-Үүд боомтоор 2019.06.28-ны өдөр Монгол Улсад ирж, зохих журмын дагуу манай байгууллагад бүртгүүлсэн байсан. Ямар учраас дээрх мэдээлэл тархсан бэ гэхээр, нөхөрлөлийн хэлбэрээр бичил уурхай эрхлэх, нөхөн сэргээлт явуулж буй Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжүүд БНХАУ-ын иргэдтэй харилцан гэрээ байгуулах хэлбэрээр БНХАУ-д үйлдвэрлэсэн тоног төхөөрөмжийг ашиглахтай холбоотой үүссэн асуудал юм. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын дээрх иргэд нь Ерөө суманд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй “Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөл БНХАУ-ын иргэн Mo Xiaoheng “Номуун софт” ХХК-ийн хооронд байгуулсан тоног төхөөрөмж нийлүүлэх, угсрах тухай  2019 оны тавдугаар сарын 23, 24-ний өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байсан. Мөн нэр бүхий БНХАУ-ын гурван иргэн нь ажлын явц, үйл ажиллагаатай танилцах зорилготойгоор 2019.07.24-ний өдөр Замын-Үүд боомтоор ирээд нэг хонож байсан.

Дээрх нөхцөл байдлыг Хойд бүс дэх газрын хяналтын улсын ахлах байцаагч С.Мөнх-Эрдэнэ хянаж үзээд, 03/10-003 дугаартай зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоолыг үйлдэж, дээрх иргэд нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдоогүй тул шалгалтаар цугларсан 27 хуудас бүхий материалыг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2-т заасны дагуу Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын эрх бүхий албан тушаалтанд хянуулан шийдвэрлүүлсэн юм. Хяналт шалгалтаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй болон жуулчин ангиллын визээр хөдөлмөр эрхэлсэн зөрчил илрээгүй байна. Энэ дагуу л “Дэлхийн ногоон Монгол” төрийн бус байгууллагын гишүүн Д.Эрдэнэчулуунд өргөдлийнх нь хариуг  14/67 тоот албан бичгээр хүргүүлсэн. Харин үүнийг маань олон нийтэд буруу ойлголт төрүүлэхэээр тайлбарласан нь харамсалтай байна.

Харин “Эрдэнэ вангийн хошуу” нөхөрлөлийн хууль бусаар алт олборлосон эсэх талаарх асуудлыг Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа. Энд нэг буруу ойлголт яваад байгаа нь манай байгууллага нь холбогдох хуулиар хууль бусаар алт олборлох үйл ажиллагаанд хяналт тавьдаггүй, мөн гадаадын иргэдэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг олгодоггүй гэдгийг олон нийт, ард иргэд ойлгох хэрэгтэй байна. Манай байгууллага зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу гадаадын иргэдэд виз, Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн олгож, түүний дагуу хяналт тавьж ажилладаг. Өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байгаа эсэхийг шалгаж, хэрэв зөрчил илэрвэл хуулийн дагуу албадан гаргах хүртэл арга хэмжээ авдаг.

-Танай бүсийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй хэчнээн аж ахуй нэгж, гадаадын иргэн байдаг вэ? Хэр хугацаагаар ажиллаж, амьдарч байгаа хүмүүс вэ?

-Хойд бүсийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэр, “Хөтөл цемент шохой” үйлдвэр, “Болд төмөр Ерөө гол” ХХК зэрэг 14 аж ахуй нэгж, байгууллагад Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан 10 орны 495 гадаадын иргэн байна. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг учраас оны сүүл үеэр үйл ажиллагаагаа зогсоож, урьж ирүүлсэн гадаад ажилтнуудаа Монгол Улсаас гаргах ажиллагааг уригч аж ахуй нэгжүүд зохион байгуулдаг.

-Гадаадын иргэдийн дунд зөрчлийн асуудал хэр гардаг вэ? Хяналт шалгалтыг хэрхэн явуулж байна вэ?

-Бид хууль тогтоомжийн дагуу гадаадын иргэдийн хяналт, шалгалтыг тогтмол явуулж байна. Энэ оны есдүгээр сарын байдлаар нийт 14 удаагийн төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, хамтарсан хяналт шалгалтыг зохион байгуулж, Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан үндэслэлээр хоёр орны 18 иргэнийг Монгол Улсаас албадан гаргах саналыг Гадаадын иргэн, харьяатын газрын Хяналт шалгалтын газарт хүргүүлж, хуулийн дагуу шийдвэрлүүлсэн. Мөн энэ оны гуравдугаар улирлын байдлаар Зөрчлийн тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг үндэслэн 17 орны 123 иргэнд нийт 17 сая 820 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулж ажилласан. Ер нь Хойд бүс дэх газрын хэмжээнд хууль бусаар хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг зөрчил нь жил ирэх тусам буурч байгаа. Тухайлбал, 2017 онд 17 орны 237 иргэн, 2018 онд 22 орны 240 иргэн, 2019 оны хагас жилийн байдлаар есөн орны 49 иргэн зөрчилд холбогдож, хуулийн дагуу арга хэмжээ авагдсан. Манай байгууллагаас иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг таниулан сурталчлах, зөвлөгөө мэдээллээр хангах, төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх чиглэлд анхаарч, гадаадын иргэдийн хяналт шалгалтыг тогтмол явуулж байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард (59.153.112.240) 2019 оны 09 сарын 17

Тэгээд хятдуудад эрх олгоод байгаа Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт хариуцлага тооцох хэрэгтэй

0  |  0
hhhhhhhhh(122.201.23.158) 2019 оны 09 сарын 29

hyatad humuus eheslee geed baidag humuus erhiig n ugudug hudulmur halamjiin gazartai ni yarimaar yum bna shd

2  |  1
Top