“Гал үндэстэн” холбоо, Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд бариад байсан гэрүүдээ буулган авч Яармагийн дэнж дээр гурвыг нь босгож орхиод хөлгийн жолоог хөдөө тийш залахаар шийджээ. Морь унаж нум сум агссан тэд төрийн ордноо тойрон гороолж таван удаа сум тавьсан нь зарим хүмүүст төдийлөн таалагдаагүй. Харин дэврүүн нэгэнд нь ихээхэн содон, чамин үйл явдал мэт харагдсан бололтой. Тэдний тавьж буй гол шаардлага нь нөгөө “Урт” нэртэй хуулийн дагуу гол нууруудын ай савд алт, бусад ашигт малтмал олборлохыг хориглох явдал ажээ. Урт нэртэй хуулийг өмгөөлөх нь зөв. Үүний төлөө тэмцэх ёстой. Гэхдээ цус урсгаж, иргэний дайн дэгдээж биш. Үүний тулд Засгийн газраас уг хуульд харшилж буй 254 компанийн үйл ажиллагааг зогсоохоор болсон. Гэтэл бас “Урт” нэртэй хуульд дахин өөрчлөлт оруулах замаар тэдгээр компанийг хэвээр ажиллуулахыг хүссэн улс төрчид ч байгаа. Я.Батсуурь тэргүүтэй УИХ-ын гишүүд тэрхүү хуулийн төслөө хийгээд байна. Ийнхүү хэдэн уурхайгаас болоод нэлээд зөрчил үүсэх бололтой. Энэ зөрчил дээр нь хөдөлгөөнчид нэрмээс болж байна. “Гал үндэстэн”-үүд нь сүүлдээ буун дуу дахиж гаргана гэж сүржигнэж эхэллээ. Тэд одоо Сэлэнгэ, Төв, Хэнтий зэрэг аймгуудын нутагт байгаа уурхайнуудыг хаалгахаар явж буй ажээ. Хаалгах асуудлыг уг нь Засгийн газраас нэгэнт шийдээд байгаа. Гэтэл тэдгээр уурхайнууд эргээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр дайрч байгаа нь бас л эрүүл бус үзэгдэл болж байна. Үүнтэй зэрэгцээд “Гал үндэстэн”-үүд гэх морьтонгууд шаардлага гарвал тэднийг бас буудна гэж байна. Түнхэл хотхоны хажуухан талд өнгөрсөн жил юу боллоо доо. Уурхайн техникүүд рүү “САЙГА” маркын буугаар 20 гаруй удаа буудсан. Ийм буу нь дайны үеэс алдаршсан нөгөө АК буюу автомат бууны загварыг ангийн зориулалттай болгосон буу юм. Ялгаагүй байлдааны буу гэсэн үг. Сум нь хүртэл ижилхэн. Энэ бууны хэрэг одоо болтол бүрэн шийдэгдээгүй байгаа. Тэгвэл Ц.Мөнхбаяр нарын “Гал үндэстэн”-үүд дахиад буудах нь ээ. Нэг талаар илэрхий зандалчилсан үйлдэл болж байна. Манай тагнуулынхан ийм үйлдэл, эс үйлдлийг сайн мэдэх учиртай. Ер нь яагаад тагнуулын байгууллага нийгэмд болоод байгаа энэ мэт олон нийтийг цочроосон заналхийллыг хараад зүгээр сууж байна вэ. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй юм уу. Нийгмийг элдэв халдлагаас хамгаалахын тулд таслан зогсоох ёстой. Ингэхдээ Ц.Мөнхбаяр нарыг шууд баривчлан саатуулж ч болно. Ингэх бодит нөхцөл нь ч бүрдээд байна. Өмнөх буун дуугаа дахиад хүмүүст сонсогдуулна, буудна гээд байгаа нь хангалттай үндэслэл биш гэж үү. Аймаар байна. Буун дуунаар нь хэдэн хүн эрсдэхийг хэн ч тааж хэлж мэдэхгүй. Энэ үеэр цөс нь хөөрөгсөд үймээн самуун дэгдээж нийгмийг улам тогтворгүй байдал руу оруулж мэднэ. Тогтворгүйтсэн, үймээн бужигнаантай улс орон хэнд ашигтай вэ. Мэдээж баялагт нь шунасан харийн их гүрнүүдэд ашигтай болно. Америкчууд иймэрхүү л байдал үүсэхийг хүлээгээд сууж байгаа. Оросууд ч мөн ялгаагүй. Англи, Франц зэрэг нь бас л үймээн дундаас ашиг горьддог уламжлалтай. Ливид юу болж байгаа бид харж байна. Тэнд Франц улс цөмийн хаягдлаа булшлах арга сүвэгчлэн Ливийн тэнгэрт бөмбөгдөгч онгоцуудаа хөөргөсөн нь ердөө сарын өмнөх үйл явдал шүү дээ. Америкчууд зориуд үймээнт нөхцөл байдлыг үүсгэж бас чаддаг. Ингэхдээ тухайн улс орныхоо иргэний байгууллагуудын хийрхэл болон эдийн засаг, улс төрийн дотоод зөрчлийг хооронд нь уялдуулан зохицуулж дайрдаг. УИХ-ын гишүүн Шинэбаярын “Улс орны тусгаар тогтнол алдагдлаа” хэмээн удаа дараа хашгираад байгаа нь “Гал Үндэстэн”-үүдийг илт дэвэргэж байна. Хэрвээ тусгаар тогтнолд бодит аюул нүүрлэсэн бол Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах хэрэгтэй боллоо, Ерөнхийлөгчөө. Хятадын эдийн засаг, худалдаа, Оросын нефтийн хараат байдал нь сүүлдээ ийм хэмжээнд хүргэж буй бол яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. 7 сарын 1-ээс долоон дор юм болохыг хүсэх хүн тэднээс өөр алга байна, эрхмүүдээ.
Сэтгүүлч Б.Отгонбаяр
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )