Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өчигдөр боллоо.Өнгөрсөн долоо хоногт шатахуунтай холбоотой бэрхшээл олон гарсан. Хот хэрэгцээтэй шатахууны хуваариа холбогдох газруудад өгснөөр шатахуунаар тасраагүй. Нийтийн тээвэрт 30 хувийн хязгаарлалт хийсэн гэдгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат хэлсэн юм. Замын компаниуд хэрэгцээт шатахуунаа өндөр үнээр авснаар алдагдалд ороход хүрсэн байна.Шатахууны нийлүүлэлт энэ долоо хоногоос хэвийн болох гэнэ.
Нийслэлд хийж буй зам засварын ажлын талаар Авто замын газрын дарга Д.Од "Өнөөдрийн байдлаар нийслэлд гурван цэгт зам хаасан байгаа. Зүүн талдаа Шар хадны Эрдэнэтолгойн замыг хаасан. Тэнд 200 метр газарт хөрсний устай. Газрыг 20 см ухахад хөрсний ус ил гарч байгаа болохоор шүүрүүлэх аргаар уг асуудлыг шийднэ. Энэ ажлын улмаас зам хаах арга хэмжээ гурван өдрөөр саатаж байна" гэв. Багатойруу буюу СУИС-аас "Зоос гоёл" хүртэлх замын ажил энэ долоо хоногт үргэлжилж 11-нд замыг нээх боломжтой гэнэ. Хотын баруун талд Энхтайвны өргөн чөлөө төмөр замын 396 дугаар гарам хаалттай байгаа бөгөөд хоёр эгнээ байсан уг замыг зургаан эгнээтэй болгон өргөтгөж байна. 22-ын товчоо чиглэлд таван хоолой байгуулах ажлыг наадмын өмнө дуусгах гэнэ. Улаанбаатарт өрнөж буй зам засварын ажилд 29 компани оролцож байгаа аж.
Эх сурвалж: Зууны мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )