Хотын утаа гэдэг үгийг одоо манайхан бараг мартаж байна. Арга ч үгүй биз. Зуны дэлгэр цаг ирж байгаа болохоор утааны талаар хэн санах билээ. Гэхдээ зуны сар зургаа биш хойно. Өвөл ирж л таараа. Нийслэлийн агаарын чанарын албанаас Баянгол дүүргийн хязгаарлалтын бүсэд боловсруулсан түлш ашигладаг арван үйлдвэртэй гэрээ байгуулжээ. Эхний ээлжинд Түнхэл дэх үйлдвэрээс 200 мянган тонн түлш орж иржээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэгчлэн эдгээр түлшээ хадгалах агуулах савны асуудал одоо гарч ирээд байгаа аж. Ирэх жил үртсэн шахмал түлшийг 90 мянга, хагас коксон түлшийг 80 мянган төгрөгөөр борлуулна. Уг нь үртсэн түлш 120 мянга, хагас кокс 150 мянган төгрөгийн үнэтэй байсан ч иргэдэд дээрх мөнгөөр борлуулж, зөрүүг “Цэвэр агаар” сангаас үйлдвэрүүдэд татаас байдлаар өгөх гэнэ. Энэ жилээс хэсгийн байцаагч нар тун чухал ажилтай болох гэнэ. Тэд сард 50 мянган төгрөгний цалинтай утааны байцаагчийн ажлыг давхар хийх ажээ. Хэнийх түүхий нүүрс түлээд байгааг хянаж улмаар торгууль тавих юм байна. Ингэснээр хотын утааг 30 хувь бууруулна гэж нийслэлийн агаарын чанарын албанаас үзэж байна.
Б.Эрдэнэ.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )