Хөдөлмөрийн аюулгүй байдлын туршлага солилцох сургалт боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 26

Авто тээврийн салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн туршлага солилцох “Сургалт - хэлэлцүүлэг”-ийг тээврийн салбарын захиргаа, санхүү, хүний нөөцийн удирдах ажилтан, үйлдвэрлэл, салбар нэгжийн удирдлага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, үйлдвэрчний эвлэлийн холбоо, хороодын дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр өнөөдөр /2019.09.26/ зохион байгууллаа. Уг арга хэмжээг Зам, тээврийн дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй /ХАБЭА/-н салбар хорооны дарга Л.Халтар нээж, хуульч, судлаач Ц.Батнасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн  хэрэгжилтийг хангах шинэ хандлага” сэдвээр, Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудын сургалт, аудит, баталгаажуулалтын “Эс Эф Си Эс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Тунгалаг “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал стандарт” сэдвээр,   УБТЗ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн албаны инженер С.Ганзориг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн гурван шатны хяналт”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн төвийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг “Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлс, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” гэсэн сэдвээр тус тус сургалт хэлэлцүүлгийг өрнүүллээ.

“Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, сургалтын зохион байгуулалт,  Үндсэн дүрэм” MNS 4969 үндэсний стандартын дагуу харьяа байгууллагын үйлдвэрлэлийн алба, нэгжүүд үйл ажиллагааны онцлог, чиглэл тус бүрээр өдөр тутмын зааварчилгааг боловсруулан, баталгаат гарын үсэг, баталгааны хуудасны загварыг боловсронгуй болгож, ажилтныг эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг ололт, дэвшилттэй арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн талаар албаныхан хэлж байна.

 Мөн ололт, амжилт үр дүн бүхий ХАБЭА-н туршлага солилцох  арга хэмжээг ирэх арваннэгдүгээр сард Авто замын салбарт зохион байгуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top