ОХУ-ын депутатыг СААТУУЛСАН явдал маргаан дагуулав

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 07

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Нью-Йорк хотын олон улсын нисэх буудалд Оросын депутатыг саатуулан, цагийн турш байцаажээ.

ОХУ-ын Төрийн думын депутат Инга Юмашеваг Орос, Америкийн “Диалог Форт-Росс” хэлэлцүүлэгт оролцохоор явж байхад нь нисэх буудалд саатуулсан явдлын талаар ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Анатолий Антонов мэдэгдээд “Вашингтоны энэ үйлдлийг хүлээн зөвшөөршгүй” гэв. Дипломатууд АНУ-ын Төрийн департамент руу эсэргүүцлийн нот бичиг илгээжээ. Инга Юмашева өөрөө болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярихаас татгалзаж байгаа аж. Оросын талаас Холбооны мөрдөх товчооны үйлдлийг өдөөн хатгалга гэж нэрлээд, Оросын дипломатуудад НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд оролцохоор явах гэхэд нь виз олгоогүй асуудалтай харьцуулжээ.

АНУ-ын Холбооны мөрдөх товчооны ажилтан нь сэтгүүлч, ОХУ-ын Төрийн думын депутат Инга Юмашеваг тусгай өрөөнд цагийн турш байцаажээ. Энэхүү явдал гурав хоногийн өмнө болсон ч өчигдөр ил болсон байна. Улстөрч бүсгүйг тусгай байр руу оруулж, ойлгомжгүй, тодорхой бус, хүлээн зөвшөөршгүй асуултууд тавьсан талаар ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд ярьж буй. Мөн Холбооны мөрдөх товчооны ажилтантай өөр газар, албан бус байдалд уулзах хэрэгтэй болсон гэнэ. ОХУ-ын Элчин сайд Юмашева Оросын зүгээр ч нэг иргэн биш улстөрч, сүүлийн жилүүдэд Орос, Америкийн харилцааг хөгжүүлж, тогтвортой болгоход ихийг хийж бүтээсэн хүн болохыг хэлжээ. “Манай ийм албад сенатын болон доод танхимын хэн нэгнийг байцаана гэж төсөөлж чадахгүй байна. Тэднийг тусгай өрөө рүү авч явж, байцааж, Шереметьевогийн ойр байх аль нэгэн ресторанд кофе уухыг санал болгоно гэж төсөөлшгүй” гэж Анатолий Антонов ярьсан байна. Тэрбээр “Ийм үйлдлийг бид хүлээн зөвшөөрч боломгүй, ундууцмаар зүйл гэж нэрлэнэ. Бид өнөөдөр эсэргүүцлийн нотыг Төрийн департамент руу илгээж, Төрийн думын депутатад ингэж хандсанд нь тайлбар шаардах болно” гэжээ.

Харин Юмашева өөрөө тайлбар хийхээс татгалзав. Оросын дипломатууд энэ явдлын учрыг олохоор ажиллаж байгаа гэнэ. “АНУ дахь Оросын Элчин сайд Анатолий Антоновд болсон үйл явдлын талаар мэдэгдсэн” гэж улстөрч бүсгүй “РИА Новости” агентлагт ярьснаас өөр тайлбар хийсэнгүй.

Оросын парламентын доод танхимын дарга Вячеслав Володин нөхцөл байдлыг тайлбарлахдаа Америкийн талын үйлдлийг олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн бас нэгэн жишээ гэж нэрлэжээ. Төрийн думын спикер орос бүсгүй олон улсын форумд оролцох урилга хүлээн авч, Америкийн Элчин сайдын яам түүнд виз олгосон гэдгийг онцолсон байна. “Инга Юмашева Төрийн думд АНУ-ын Конгресстой холбоо тогтоох бүлгийн ажлыг зохицуулж, хамтран ажиллагсадтайгаа харилцаж, чухал яриа хэлэлцээнд оролцдог. АНУ-ын тусгай албаныхан үл тоомсорлосон өдөөн хатгалга хийлээ” гэж Володин хэлжээ. Түүний үзэж байгаагаар АНУ-д Оростой харилцаагаа улам хурцатгах сонирхолтой хүмүүс байгаа аж. “Хоёр улсын харилцаанд сөрөг уур амьсгалыг бий болгож буй үйлдэл нь хүлээн зөвшөөрөмгүй буруу зүйл” гэж тэрбээр ярьсан байна.

Мөн ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Олон улсын асуудал эрхэлсэн хорооны дарга Константин Косачев Юмашеваг саатуулан байцаасантай холбоотойгоор “Тэр АНУ-д “цэвэр хүмүүнлэгийн эрхэм зорилгоор” очсон гэдгийг хэлжээ. “Америкийн тагнуулын байгууллага хүссэн зүйлээ хийж байна” гэж тэрбээр “Facebook” хуудсандаа бичсэн байна. Төрийн Думын Гадаад асуудал эрхэлсэн хорооны дарга Леонид Слуцкий энэ явдлыг “2016 онд АНУ-аас эхлүүлсэн дипломат дайны хүрээнд үйлдсэн өдөөн хатгалга” гэжээ. Олон улсын хүмүүнлэг, улс төрийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Владимир Брутер Америкийн тал дүрэм журмыг баримтална гэдэгт найдах хэрэггүйг хэлэв. Тэрбээр Вашингтон ямар ч дүрэм журамгүй, хүссэн зүйлээ хийнэ гэж үзээд “Орос улс үүнд бэлэн байж, хариу арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн дүгнэж байна.

Оросын дипломатчдад Америкийн виз

“Диалог Форт-Росс” нь 2012 онд анх удаа зохион байгуулагдсан Орос-Америкийн форум юм. Энэхүү арга хэмжээ нь хоёр орны янз бүрийн салбарын хамтын ажиллагаанд зориулагджээ. Форумд хоёр орны соёлын зүтгэлтнүүд, улс төрчид, бизнес эрхлэгчид оролцдог. Энэ сарын 6-нд “Форт Росс” яриа хэлэлцээний шинэ шат болсон бол АНУ дахь Оросын Элчин сайд Анатолий Антонов уг арга хэмжээг “Орос, Америкийн харилцааны өнөөгийн байдалтай холбоотой хүнд нөхцөлд болж байна” гэж тэмдэглэв. Гэсэн ч тэрбээр АНУ-ын олон энгийн иргэн Оростой яриа хэлэлцээ байгуулахыг дэмжиж байгаа гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ.

Оросын Гадаад хэргийн яамнаас олон дипломат ажилтан “Форт Росс” яриа хэлэлцээнд оролцохоор виз авах боломжгүй гэж мэдэгдсэнийг эргэн санах нь зүйтэй талаар яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова хэлжээ. Түүний хэлснээр форум нь “олон нийтийн дипломат замаар харилцан ойлголцлыг бэхжүүлж, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэх” аж. Захарова “Вашингтоны улс төрийн хүрээний хэн нэгэн эдгээр зорилгод дургүй байсан бололтой” гэсэн байна. Виз олгох “харгис практик” -ийг зогсоох эсэх нь Америкийн талаас хамаарахыг Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч хэлж байна. Оросын хэд хэдэн дипломат ажилтан өнгөрсөн есдүгээр сарын сүүлчээр Нью-Йоркт НҮБ-ын Ерөнхий ассемблейн чуулганд оролцохоор виз мэдүүлжээ. Харин Америкийн тал “техникийн бэрхшээлтэй” холбон тайлбарлаад тэдэнд виз олгохоос татгалзсан байна.

Одоогийн нөхцөл байдал нь Москва болон НҮБ-ын зүгээс хатуу хариу үйлдэл шаардаж байгааг Кремль онцолжээ. Энэ талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. “Үнэндээ Вашингтон олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчиж байна. АНУ НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулганд очих Оросын албан ёсны төлөөлөгчдөд виз олгохоос татгалзах эрхгүй. Энэ нь хоёр талын харилцааны асуудал биш, АНУ-ын үүрэг юм” гэж Песков мэдэгджээ.

Мөн Төрийн Думын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч Дмитрий Новиков “RT” агентлагт өгсөн ярилцлагадаа Юмашеваг байцаасан явдал болон визний нөхцөл байдал хоёрыг хооронд нь харьцуулжээ. Тэрбээр АНУ байнга ийм үйлдэл гаргах тогтолцоотой болохоос эмээж байгаагаа хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top